Орос найтаахад Оюунгэрэл ханиад хүрэхгүй

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

Орос найтаахад Оюунгэрэл ханиад хүрэхгүй

Орос найтаахад Оюунгэрэл ханиад хүрэхгүй

Монгол Улсын Ерөнхий сайд газрын тосны шинэхэн үйлдвэр шавыг тавихаар Дорноговийн Алтанширээг зорилоо. Шатахууны хувьд зуун хувь гаднаас хараат, үүний 80 хувь нь Москвагаас хамааралтай тул Орос найтаах төдийд л Оюунгэрэл хатагтай хатгаа тусчихдаг байлаа. Оюунгэрэл хатагтай хатгаа туслаа л бол Монголын эдийн засаг, бараа худалдаа тэр чигтээ “донсолдог”. Учир нь, манай улсын инфляцийн суурь үнэд нөлөөлдөг гол бүтээгдэхүүн бол шатахуун. Тиймээс үе, үеийн Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд импортлогчдын шантаажийг давж гарах, татварын онцгой хөнгөлөлт эдлүүлэх замаар шатахууны үнийг барьсаар ирсэн, барьсаар ч байгаа.

Анхны Ерөнхийлөгч маань шар дээлээ хар алтаар мялааж байснаас хойш тоолбол Монгол Улс газрын тос олборлоод 20 гаруй жил болж байгаа хэдий ч хэзээ нэг, нартай сайхан өдөр боловсруулах үйлдвэртэй болно гэсэн мөрөөдөл тээсээр өдий хүрсэн. “Би нефтийн үйлдвэрийнхээ нэрж гаргасан анхны хувин бензинийг машиныхаа банк руу хийгээд “Дээлийнхээ энгэрийг мялаагаад байсан газрын тос ийм шатахуун боллоо шүү” гээд хэлэх юмсан гэж уран сайхны халилтайгаар боддог” гэж Ерөнхийлөгч асан П.Очирбатын уянгын халилтай бодрол нь бодит боломж болох бүтээн байгуулалт нэг алхмаар урагшилж, “Мөрөөдөл биелдэг юм” гэдгийг харуулахаар Ардын засаг нефть боловсруулах үйлдвэр барих амлалт өгсөн бөгөөд шав тавих ёслолын ажиллагаа маргааш /2018.06.22/-нд болно.

Шатахуун боловсруулах үйлдвэрийн шавыг монголчууд хэдэнтээ тавьсан. Энэ үйлдвэр цаасан дээр биш газар дээр баригдах болов уу гэх найдлага нь үйлдвэрийн санхүүжилтийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди манай Засгийн газарт хөнгөлөлттэй зээлээр олгож байгаа явдал. Үйлдвэрийг олборлолтынхоо хэмжээнд нийцүүлэн жилд 1,5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтайгаар, түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөжээ.

Үйлдвэрийн нарийвчилсан ТЭЗҮ-ийг гүйцэтгэх зөвлөх компаниар Энэтхэгийн төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” компани шалгарсан. Тэд хийсэн ТЭЗҮ-ээ өнгөрсөн хоёрдугаар сард монголчуудад хүлээлгэн өгчээ. Тус компанийн хийсэн төслөөр үйлдвэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах бөгөөд Тосон Уул XIX, Тамсаг XXI тос, Цагаан элс ордоос олборлосон тосыг боловсруулах аж. Нефтийн үйлдвэр баригдсанаар 2.5 сая шоо метр ус хэрэглэх бөгөөд автобензин, дизель, онгоцны шатахуун, шингэрүүлсэн шатдаг хий үйлдвэрлэхээр тооцоолжээ.

Нарийвчилсан ТЭЗҮ-д хөндлөнгийн хяналт тавих, Засгийн газар болон төсөл хэрэгжүүлэгч компанид техник-эдийн засгийн асуудлаар Итали улсын “Кинетикс текноложи” компани зөвлөх гэнэ. “Кинетикс текноложи” нь “Майре Текнимонт” группын охин компани бөгөөд нефть, химийн салбарын аж үйлдвэрийн техник технологи, процессын инженерчлэл, төлөвлөлтөд мэргэшсэн компани юм байна.

Бусдаас зээл авч, газрын тосны үйлдвэр байгуулах нь хэр ашигтай вэ. Үүнд салбарын яамнаас өгч буй гурван хариулт нь, нэгдүгээрт, гадаад улсаас хараат байдлаас гарах. Хоёрдугаарт,  гадагшаа урсч буй ам.долларын урсгалыг дотооддоо шингээх, үндэсний аюулгүй байдлаа хангах. Энэ бол хамгийн энгийн бөгөөд хамгийн том шалтгаан. Мэдээж, ДНБ 10 хувиар өсөх, ажлын байр нэмэгдэх, улсын төсөвт орох орлого өсөх гээд эдийн засгийн шууд бас шууд бус ач холбогдлыг нэрлэж болно.

“Нефтийн хангамжийг сайжруулахын тулд бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулна. 20 жил ярьсан энэ ажлыг эхлүүлэх Засгийн газар бол энэ засгийн газар. Монгол Улс жилдээ 1.1 сая тонн шатахуун хэрэглэдэг. Үүний 98 хувийг ОХУ-аас, 2 хувийг БНСУ болон БНХАУ-аас авдаг. Бид тусгаар тогтносон улс. Газрын тосоо  дотооддоо хангах ажлыг хийнэ” гэж У.Хүрэлсүх амласан. Ямартай ч тэр өнөөдөр үйлдвэрийн шавыг тавихаар Дорноговийг зорилоо. Шав тавих, тууз хайчлах амархан, шахамдуулж, шахаад үйлдвэрээ босгож чадвал У.Хүрэлсүхийн хүсч байсанчлан нэр нь жинхэнээсээ түүхэнд үлдэх биз. ‘Хорин жил ярьсан газрын тос боловсруулах үйлдвэр Ардын засгийн үед ашиглалтад орлоо гэвэл’ гоё сурталчилгаа мөн үү.

Ж.Эрхэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж