Монгол орон цоохор ирвэс тархсан улс орнуудаас тархац нутаг, тоо толгойн хэмжээгээрээ хоёрдугаарт ордог. Харин тэднийг хамгаалах тогтолцоо Монголд байдаггүй юм. Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас цоохор ирвэс хамгаалах таван жилийн төсөл хэрэгжүүлэх гэж байна.
“Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг Говь-Алтай аймгийн Дарвийн нуруу, Хасагт хайрхан, Увс аймгийн Түргэн, Цагаан шувуут уул болон Баян-Өлгий аймгийн Сайр хайрхан, Хатуугийн нуруу орчимд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Төслийн үндсэн зорилго нь нэн ховор цоохор ирвэс болон түүний идэш бологч амьтдыг амьдрах орчинтой нь хамгаалах юм.
Энэ ажлын хүрээнд нутгийн иргэд, малчид, орон нутгийнхны оролцоотойгоор нэн ховор цоохор ирвэсийн амьдрах орчинг сайжруулах төдийгүй идэш нь бологч амьтдын хамгаалалтыг сайжруулж, ирвэс, малчид хоорондын зөрчлийг бууруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдааг хууль хяналтын байгууллагуудын хамтын оролцоотойгоор бууруулахад анхаарал хандуулах аж.
Энэ төсөл зөвхөн ирвэс хамгааллаар хязгаарлагдахгүй. Бэлчээрийн зөв менежментийг хэрэгжүүлж бэлчээрийн даацад тохирсон мал аж ахуйг хөгжүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, өртгийн сүлжээг дэмжих замаар малчдын амьжиргааг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм байна.
Сонирхуулахад, эдүгээ Монголд 800-1000 цоохор ирвэс байдаг бөгөөд энэ нь дэлхийн нийт популяцын 20 хувь нь юм. Үүний 500-700 нь Алтай Соёны бүс нутагт амьдардаг ажээ.
Р.Ренчиндулам