“Уолл Стрийтийг эзэлье” хөдөлгөөнийг малчны хотонд өрнүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2018.06.21-нд нийтлэгдсэн

“Уолл Стрийтийг эзэлье” хөдөлгөөнийг малчны хотонд өрнүүлэх үү?

“Уолл Стрийтийг эзэлье” хөдөлгөөнийг малчны хотонд өрнүүлэх үү?

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт УИХ-аар хэлэлцсэн ч шаардлагагүй хэмээн үзэж төсөл санаачлагчид нь буцаасан. Гол шалтгаан нь ‘Оюутолгой’ компаниас татвар авдаг болох гэж байгаа юм гэнэ ээ. Тэгвэл Тогтвортой байдлын гэрээ яах гэж байгуулсан юм бэ. Энэ бодлогогүй гацаалтаас болж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид буюу татвараа төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэг хаагдлаа.

Уг нь ‘Оюутолгой’ гэж самуурахын оронд малчдаас татвар авах тухай зоригтой шийдвэр гаргавал алсын хараатай бодлого болох байлаа. Харамсалтай нь, шийдвэр гаргагч УИХ-ын гишүүдийн алсын харааны цар хүрээ нь 2020 оны сонгуулиар хэмжигдээд байгаа бололтой. Түүнээс биш дөрвөн аргын тоо мэддэг бүхэнд илэрхий бөгөөд барьцахгүй байхын аргагүй хуулийн үйлчлэл эндээс харагддаг. Энэ нь УИХ-ын 76 тойргийн 48 нь орон нутгийнх. Дөрвөн жилийн турш сонгогчдодоо таалагдах шийдвэр гаргаад, сонгуулийн үеэр бүр ч гоё амлаад сонгогдоод сурчихсан нь манай парламентын онцлог гэж болно. Уг нь тэд зах зээлийн өмнө, бизнесийн зарчмын өмнө, хамгийн гол нь хуулийн өмнө нийслэлчүүдтэй тэгш эрхтэй байх ёстой.

Өнөөдөр малчдын орлогыг хэмжих, тэдний төлдөг татварт хяналт тавих тогтолцоо яах аргагүй дутагдаж байна. Харин төрөөс авдаг дэмжлэгийн хувьд олон нийтэд ил тод мэдээлэгддэг.

Жишээ нь, Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 335-р тогтоолоор малын тэжээлийн хөх тариа, арвай, овьёос, эрдэнэшиш гэх мэт 14 нэр төрлийн тэжээлийг 2017 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн 2018 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Гаалийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат 2015 онд Сангийн сайд байхдаа малын хөлийн татварыг бий болгохоор хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан ч эрхэм гишүүд 2016 оны сонгуулиа бодоод дэмжээгүй. Одоо ч УИХ-ын гишүүн Л.Энхболд нарын санаачилсан уг хуулийн төсөл гацаад байна.

Хадлан хадахаа больсон. Намаржин найрлачихаад анх удаа Монголд өвөлжиж байгаа мэт өвөлжилт хүндэрлээ гээд нэг жилд л 40 тэрбум төгрөгийн өвс тэжээлийг улсын зардлаар хаяандаа хүргүүлнэ. Хадлангаа гээд тэрбумаар тоологдох мөнгийг татвар төлөгчдийн халааснаас жил бүр гаргасаар ирсэн.

Вакцинд жилд гурван тэрбум төгрөг зарцуулна. Бас л төсвөөс. Вакцин өгөхгүй бол малаа халдварт өвчний улмаас хэмээн устгалд оруулж устгалд оруулсан малд нь төсвөөс нөхөн олговор олгодог.

Статистик үзүүлэлтээр улсын хэмжээнд 66.2 сая толгой малтай гэдэг. Малаа байтугай хүнээ бүрэн тоолсон эсэх нь эргэлзээтэй. Статистикт итгэхийг хичээе, 66 сая малтай нь үнэн бол гурван сая хүнийг импортын бус хүнсний бүтээгдээхүүнээр хангаж чадаж байна уу. Яагаад бараг улирал бүрт махны үнэ өсч, сүү цагаан идээ сумын төвд ч үнэтэй хэвээрээ байна вэ. Энэ нь хүнсний хангамж сайн байгаа гэсэн үзүүлэлт мөн үү.

Малын тоо толгойн хэт өсөлт нь бэлчээр хөрсний доройтол, цөлжилт, гол ус нуур ширгэхэд гол нөлөөг үзүүлдэг. Гэтэл энэ чиглэлээр гаднын төсөл хөтөлбөр, улсын төсвөөс зарцуулдаг хөрөнгийн хэмжээ муу нэртэй нийслэлчүүдийн утааны эсрэг хөтөлбөрийнхөөс дутахгүй. Цөлжилт гэхээр элсний нүүдэл ярьж хуурдаг үе өнгөрсөн.

Малчдын зөвлөгөөн хэлэлцүүлэг болох бүрт бэлчээр усны хамгаалалтын асуудлыг малын хөлийн татвараар шийдэх боломжтой талаарх санал малчдаас өөрсдөөс нь гардаг. Тэд тэнэг биш, харин ч чимээгүй эх оронч сэтгэлгээ тэднээс гардаг. Малчид “Биднээс татвар аваад, түүгээрээ бэлчээр хөрсний доройтлыг бууруулах, горхи булаг шандыг хамгаалах, гамшиг зудын үед малчдад зарцуулаач” гэж улстөрчдөд зөвлөдөг, шаарддаг юм шүү дээ. Малчид ингэж ярьж байхад энэ хуулийг хойшлуулаад байгаа нь хэний буруу болж таарч байна вэ.

Нийслэлд унасан машин нь утаа ялгаруулсны төлөө төлбөр төлдөг байхад хөдөөд бэлчээр доройтуулж булаг шанд ширгээсэн ч татвар төлөхгүй байгаа нь зах зээлийн шударга зарчим, хуулийн өмнө тэгш эрх эдлэх зарчимтай нийцэж байна уу.

Малчдаас татвар авахгүй байж болно оо. Монгол хүн ёстой л малаар баян орны иргэний хувиар чанартай, хямд сүү сүүн бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүнээр хангагддаг бол. Малынхаа ашиг шимийг зөв үнэлж орлого бүрдүүлж төрийн дэмжлэггүйгээр мал аж ахуй эрхэлж чадаад, бэлчээр усаа хайрлан хамгаалдаг бол татварын тухай яриаг мартаж болох юм.

Монголын төр малчдын хүссэн бүхнийг хийж өгдөг. Хөдөө аж ахуйн бирж байгуулж өгсөн. Эрчимжүүлсэн мал аж ахуйн чиглэлээр гадны улс орнуудын туршлага судлуулж, төрөөс хууль эрх зүй болон бусад бүх талын дэмжлэг үзүүлсэн. Харин манай малчид “эрчимжүүлэх” сонирхолгүй. Гэхдээ малаа төрийн дайтай хүндлүүлэх гэдэг. Угтаа тэдний малын ашиг шимээс олсон орлого, нийслэлийн захын дүүргийн найман нэрийн барааны дэлгүүрийн орлого адилхан л чадамжтай төгрөгүүд юм. Гэхдээ найман нэрийн тэр дэлгүүрт төр дэмжлэг үзүүлдэггүй, харин татвараа ханатал авдаг. Галын аюулд өртлөө гэхэд төр нэг төгрөгийн ч нөхөн олговор өгөхгүй.

Тэгэхээр ‘Оюутолгой’ ХК-тай барьцаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих хуулийг гацаахаас урьтаж малчдаасаа татвар авах тухай зоригтой шийдвэр гаргая. Усны тэргээ дундаа хэрэглэдэг нийслэлийн борчууд жийпээр малаа хариулдаг хамжлагат зарц малчинтай орон нутгийн тэргүүн баячуудын дайтай халамж төрөөс нэхдэггүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газар, УИХ-д “хэт олонх” болсон МАН-ын бүлгийнхэн энэ удаад татварын тогтолцоонд реформ биш юм аа гэхэд update хийх гэж байгаа бол энэ бүхнийг бодолцох учиртай.

Одоогоос долоон жилийн өмнө дэлхийн томоохон хотуудад “Occupy the Wall Street” буюу “Уолл Стрийтийг эзэлье” гэсэн хөдөлгөөн өрнөж шударга ёс, шударга хуваарилалтыг тогтоохыг шаардсан, баян ба хоосны ялгаа эрс нэмэгдсэнийг эсэргүүцсэн, олигархуудын эсрэг, мөнгө хүүлэхийн эсрэг тэмцэл өрнөж байсан билээ. Өнөөдөр Монголд иймэрхүү зорилго чиглэлтэй хөдөлгөөн нүдэнд үл үзэгдэх байдлаар өрнөсөөр. Гэхдээ зөвхөн Улаанбаатарт. Харин чимээгүй олигархиуд татвараа багахан төлж орон нутагт эрх мэдлээ ахиухан тогтоож тэрүүхэндээ олигарх болчихоод байгааг анзаарсан ч анзаараагүй мэт сонгуулиас сонгуулийн хооронд тэдэнд тал засч өнгөрүүлсээр татварын зөв тогтолцооноос зайлсхийсээр байна.

Та бүхэн санаж байгаа бол 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Азийн нэр хүндтэй “Finance Asia”, “The Asset” сэтгүүлийн шагнал “Азийн шилдэг хөрөнгө татагч”-аар Монгол Улсыг тодруулсан. Харин одоо татварын зарим шинэчлэлийг эсэргүүцэж, хамгийн том хөрөнгө оруулагч Оюутолгойн асуудлаас болж уг хуулийн төслийг унагаснаараа “Азийн шилдэг хөрөнгө түлхэгч” болж мэдэхээр байна. Асуудалд бодитой хандаж, “Уолл Стрийтийг эзэлье” хөдөлгөөнийг орон нутаг руу, малчны хот руу чиглүүлэх цаг болсон юм биш үү.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж