News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хөтлөн хүргэдэг. Бид энэ удаад Хууль зүй, дотоод хэргийн яамыг онцолж байна.
Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулна
‘Зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг”-ийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулжээ. Зөрчил шалган шийдвэрлэх үүрэгтэй 27 байгууллагын 11 мянган субъектийн төлөөлөл болсон 300 гаруй оролцогч Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх явцад илэрч байгаа хүндрэл бэрхшээлийг засаж, залруулах зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Зөвхөн цагдаагийн байгууллагын зүгээс гэхэд гэр бүлийн хүчирхийлэл, танхайрах, жижиг хулгай, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, жагсаал цуглаан зохион байгуулах, иргэн, цагдаагийн харилцааны асуудал зэргийг хөндсөн 26 төрлийн нэмэлт, өөрчлөлтийн санал авчээ. Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхээр тогтжээ. Тус хэлэлцүүлгийн санал зөвлөмжид үндэслэн эдгээр хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах болсон байна.
ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЭГЧ, ТАНДАН СУДЛАГЧ ТӨХӨӨРӨМЖИЙГ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар болон зарим аймаг дахь цагдаагийн газарт хар тамхи, мансууруулах бодис болон тэсэрч, дэлбэрэх бодисыг илрүүлэгч, тандан судлагч орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж эхэллээ. Энэхүү тоног төхөөрөмж нь хар тамхи, мансууруулах бодис, тэсэрч дэлбэрэх бодисыг нарийвчлан илрүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоолоор “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн тодотголоор батлагдсан хөрөнгөөр эдгээр тоног төхөөрөмжийг тодорхой үе шаттайгаар худалдан авч, цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэ ондоо багтан нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтэс болон бусад аймаг дахь цагдаагийн газрыг энэ төрлийн тоног төхөөрөмжөөр хангах аж.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд:
Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/
Иргэний улсын бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/
Улс төрийн шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэн шүүхэд хандах эрхгүй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төслүүдээс хамгийн их шүүмжлэл дагуулсан хуулийн төсөл болох Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх байсан ч түр хойшлуулсан юм.
Монгол Улсын иргэд хууль, шүүхээр эрх мэдлээ хамгаалуулах эрхтэй. Засгийн газар түүний харьяа агентлагуудын гаргасан хууль бус шийдвэрийн улмаас иргэд шүүхэд хандах эрхийг Үндсэн хуулиар олгосон байдаг. Тэгвэл нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийн төслөөр Үндсэн хуулиар олгосон дээрх эрхийг зөрчиж Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгажээ. Мөн хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй байх асуудлыг хуульд оруулж өгсөн байна. Харин хуульчдын зүгээс хуулийн өөрчлөлт иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний эрсдэлтэй заалт боллоо гэж эсэргүүцэж байгаа юм. Хэрэв дээрх хоёр хуулийн заалт батлагдвал Засгийн газар, яамдын эрх хэмжээг нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн улс төрийн шийдвэрийн улмаас эрх нь зөрчигдсөн тохиолдолд шүүхэд хандах эрхгүй болох хуулийн төслийг оруулж ирэээд байгаа юм.
2004 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж, Захиргааны шүүхийг анх удаа Монгол Улс байгуулсан түүхтэй. Ингэснээр Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох, хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын дураараа авирыг таслан зогсоох үүрэгтэй тус шүүхийн байгууллагыг шинэчилсэн хуулиар байхгүй болгох зорилгыг агуулж буй. Хэрэв тус хуулийн төсөл батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтож Засгийн газар болон түүний харьяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна гэдгийг ч зарим гишүүн хэлж байгаа юм.