“Сэтгэлд гэрэл тарьсан эмэгтэй болгон сайхан”

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

“Сэтгэлд гэрэл тарьсан эмэгтэй болгон сайхан”

“Сэтгэлд гэрэл тарьсан эмэгтэй болгон сайхан”

Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбооноос анх 1989 онд Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааныг зохион байгуулж байсан. Анхны шалгаруулалтад мисс Н.Биндэрьяа түрүүлснээс хойш Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Ч.Чулуун-Эрдэнэ, Ц.Сарантуяа, О.Оюунтуяа, Б.Сүрэнжаргал, Б.Түмэнхүслэн, Ц.Сансармаа, Ё.Нямжав, Д.Уянгалянхуа, А.Сарнай, Г.Гантуяа нарын сайхан бүсгүйчүүд ялагч болж, ‘Монголын мисс’ хэмээн өргөмжлөгдөж байв. Уралдааны тэргүүн миссүүд тухайн үедээ царай зүс, бие хаа, мэдлэг, авьяасаараа гайхагдаж байсан гэдэг.

Энэ уралдаан 2007 оноос хойш завсарлаад байсан. Харин энэ жил “Монголын сайхан бүсгүй” уралдааныг сэргээн, зохион байгуулахаар болжээ. Энэ талаар тус холбооны дэд ерөнхийлөгч, Монголын сайхан бүсгүй 2007 уралдааны Алтан-Эрдэнэ өргөмжлөлт Г.Гантуяагаас тодрууллаа.

 

-Монголын сайхан бүсгүй уралдаан 11 жил завсарласны  учир юу вэ?

-Тухайн үед олон байгууллага миссийн уралдаан зохион байгуулах болсон. Сайхан бүсгүй шалгаруулах анхны уралдаан гэдэг утгаараа бид нэр хүндээ хадгалж авч үлдэхийг хүссэн учир үйл ажиллагаагаа зогсоосон. Манай уралдаан Монголын охид, бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг таниулах, хүмүүнлэг энэрэнгүй үйлсэд дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг хандлагыг үлгэрлэх зорилготой. Нэгдүгээр ангийн жаахан охидоос “Том болоод ямар мэргэжилтэй болох вэ” гэхээр ‘Мисс болно’ гэж олонх нь хариулдаг. Уралдааны ялагч хүмүүнлэг, энэрэнгүй эмэгтэй хүний дотоод гадаад хосолсон гоо сайхан цогц шийдлээр залуу үедээ үлгэр дуурайлал болон сонгогдох учиртай юм.

-Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаан бусад тэмцээнээс ялгарах онцлог нь юу вэ?

-Монгол Улсад анх ‘Сайхан бүсгүй’ шалгаруулж эхэлсний 30 жилийн ойг угтан ‘Монголын эмэгтэйчүүдийн Хатан-Эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” наадмыг зохион байгуулах гэж байна. 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор эмэгтэй хүний нандин, ухаалаг нинжин сэтгэлийг гоо үзэсгэлэн, эрдэм мэдлэгтэйгээ хослуулан хөгжүүлж буй Монголын охид бүсгүйчүүдийг нэгтгэн, тэдний оюун билэг, авьяас чадварыг нээн алдаршуулах зорилготой.

Тэмцээний онцлог гэвэл усны хувцастай гарааг халсан. Тайзан дээрх финалын тоглолт үндэсний хувцас, гоёлын хувцас шүүлтийн 30 хувь, бусад хүмүүнлэг оюунлаг хүний дотоод мөн чанарыг илтгэх оноо 70 хувь буюу хамгийн өндөр оноотой байгаа. Финалын шатанд үлдсэн шилдэг 20 бүсгүй 20-иос дээш насны, боловсролтой бүсгүйчүүд байна. 26 настай бүсгүй хүртэл бий.

-Усны хувцаснтай гарааг халсан нь охидын үнэ цэнэ, нэр хүндийг хамгаалж байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Монгол эмэгтэй хүн эртнээс бүрэг ичимхий даруу төлөв зантай. Эмэгтэйчүүд ирээдүйд гэрийн эзэгтэй, эх хүн, ирээдүйн захирал манлайлагч болно. Тэр утгаараа охидын усны хувцастай дүр төрхийг олны өмнө харуулах нь тохиромжгүй гэж үзсэн.

-Та ‘Монголын сайхан бүсгүй 2007’ тэмцээний Алтан-Эрдэнэ өргөмжлөлийг хүртэж байсан шүү дээ. Таны хувьд анхны тэмцээн байв уу?

-Миний амьдралын хамгийн том тайз байсан. Би бизнес удирдлагын мэргэжилтэй. Миний хувьд маш том сорилт байсан. Ялангуяа усны хувцастай гараа бол их том зориг надаас шаардсан гэж хэлж болно. 20 гаруй настай охин олны өмнө усны хувцастай гарна гэхээр гэрийнхэн маань эергээр хүлээж авахгүй гэдгийг би мэдэрсэн. Тийм  ч учраас усны хувцастай гарааг халах санааг анх бусад гишүүддээ танилцуулсан. 

Уралдааны Титэм анхны хэлбэрээсээ цаг үеэ дагаад өөрчлөгдсөн

-Эрдэнийн шигтгээт титэм шинэчлэгдсэн юм шиг харагдаж байна?

-Титэм анхны хэлбэрээсээ цаг үеэ дагаад өөрчлөгдсөн. Цэвэр цалин цагаан мөнгө. Титэм маань уралдааны бас нэг онцлог юм. Хуучин уламжлал өв соёлоо авч үлдэхийн тулд анхаарч байгаа нэг хэлбэр гэж хэлж болно.

-“Сайхан бүсгүй” гэдгийг хэрхэн тодорхойлох вэ?

-Сайхан бүсгүй гэдэг хүн маань хүмүүнлэг, оюунлаг байх ёстой. Үүнээс гадна сайхан бүсгүйн дотоод, гадаад мөн чанарын аль аль нь гэрэлтдэг гэж ойлгодог. Би хүний сэтгэлд гэрэл тарьсан эмэгтэй хүн болгон хамгийн сайхан эмэгтэй гэж боддог юм.

-Цаашдаа Монголын сайхан бүсгүй уралдаан уламжлал болгон зохион байгуулагдах уу?

-Нийгмийн хандлагыг зөв тийш нь чиглүүлэхийн төлөө тогтмол хийнэ гэсэн зорилготой байгаа.

-Уралдаан хэзээ болох вэ?

-Энэ сарын 30-ны өдөр 18.00 цагт ‘Зайсан Хилл’ цогцолборт болно. Уралдааны тасалбарын орлогоо ‘Нарны хүүхдүүд’ асрамжийн төвийн ‘Монгол өв, соёл, гэр’ төсөлд зориулна. 

-Шагналын тухайд?

-Уралдааны тэргүүн байрын эзэн ‘Алтан-Эрдэнэ’-ийн өргөмжлөл, эрдэнийн шигтгээт мөнгөн титэм, эрдэнийн шигтгээт ‘Мөнгөн-Од’, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болно. Дэд байр эзэлсэн мисс ‘Мөнгөн-Эрдэнэ’-ийн өргөмжлөл, эрдэнийн шигтгээт  титэм, Эрдэнийн шигтгээт “Мөнгөн од” болон арвсан сая төгрөгийн мөнгөн шагнал гардан авна. Уламжлал ёсоор Зэс, Шүр, Сувд, Оюу, Номин, Ган эрдэнийн өргөмжлөлт миссүүд ч мөн энэ шалгаруулалтаас тодорно. Түүнчлэн үе үеийн Монголын сайхан бүсгүйн титмийг хүртэж байсан сайхан бүсгүйчүүд уралдааны финалын шалгаруултад ирнэ. Бид оролцогчдыг зөвхөн тайзан дээрх шүүлтээр шалгаруулдаггүй. Тухайн оролцогчийн боловсрол мэдлэг, хүмүүжил төлөвшил, авьяас чадварыг ч  шалгаруулалтын үнэлгээнд оруулдаг.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж