НҮБ-д сүүлийн хэдэн сард болсон санал хураалтаас харвал Монгол Улс Израильтай найрсаг харилцааг эрхэмлэж байгаа нь анзаарагдаж байна. ОХУ, Хятад гэх хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Израилийн эсрэг санал хураалт бүрийг өнжжээ. Хэрэв НҮБ-ын санал хураалтад Монгол Улсын төлөөлөгч нэг, хоёр удаа оролцоогүй бол гэнэтийн асуудал гарснаас болсон гэж тайлбарлаж болох юм. Гэтэл энэ тавдугаар сард Ерөнхий ассамблейн Израилийн эсрэг Газын зурвасын тогтоолын төслийг хэлэлцэхэд Монгол Улсын төлөөлөгч оролцоогүй. Өнгөрсөн тавдугаар сард Женевт НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Газын зурваст Израиль улс хүчирхийлэл үйлдсэн эсэхийг шалгах хороо байгуулах санал хураалтад бас л оролцоогүй. Мөн өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-аас Йерусалимд элчин сайдын яамаа нүүлгэсэнд тайлбар авах Ерөнхий ассамблейн хурлыг ч өнжжээ.
Энэ талаар Израилийн Гадаад хэргийн яамны Ази-Номхон далайн хэлтсийн дэд дарга Хагай Шагрир “Йерусалим Ази дахь саналын нөхцөл байдлыг өөрчлөхөөр хичээж буй энэ үед Монгол Улсын үйлдлийг таашааж байна” гэжээ. Тэрбээр “Монгол Улс бол нөхөрсөг, нээлттэй, ардчилсан орон. Тиймээс Монгол Улстай харилцаагаа сайжруулах нь Израилийн хувьд чухал” гэж мэдэгдсэн байна.
Одоогоор Израиль болон Монгол Улс нь харилцан элчин сайдын яамгүй. Гэхдээ Бээжин дэх Израилийн элчин сайд жилд гурван удаа Монгол Улсад айлчилдаг аж. Монгол Улсын Гадаад хэргийн сайд өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Израильд айлчилсан. Тухайн үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар хараахан огцроогүй байсан тул УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тус улсад айлчлал хийж байв. Айлчлалын үеэр Монгол Улс, Израиль улсын хооронд тогтоосон найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлцээг тогтмолжуулах, давтамжийг хадгалах, улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, хүмүүнлэг болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар ярилцжээ.
Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн гуравдугаар сард Вашингтонд болсон АНУ ба Израилийн харилцааны асуудлыг хариуцсан лобби бүлгийн хуралд оролцжээ. Энэ бүхнээс харвал Монгол Улсын Израильтай харилцах харилцаа нь зөвхөн АНУ-тай илүү ойр харилцаатай болохын тулд хийж буй ажлын нэг хэсэг биш гэдгийг харж байна гэж ажиглагч хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ оны эхээр Израиль улсын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойд илгээсэн захилдаа түүхэн үйл явдалд чин сэтгэлээсээ баяр хүргэж буйгаа уламжилсан аж. Захидалд “Монгол ба Израиль нь эртний түүх, соёлтой улсууд. Өдгөө хоёр орон болон ард иргэдийн хооронд харилцаа, хамтын ажиллагаа нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байна” гэжээ.
Эх сурвалж: www.jpost.com