Тоглолтын өмнө: Португал-Марокко, Уругвай-Саудын Араб, Испани-Иран

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: Португал-Марокко, Уругвай-Саудын Араб, Испани-Иран

Тоглолтын өмнө: Португал-Марокко, Уругвай-Саудын Араб, Испани-Иран

Португал – Марокко

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдогаар ахлуулсан 2016 оны Европын аварга Португалын шигшээ баг Мароккогийн эсрэг Москва хотын “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын хэсгийн 2-р тойргийн тоглолтоо хийнэ. Тоглолт өнөөдөр 20.00 цагаас эхлэнэ. Хоёр баг өмнө нь 1986 оны дэлхийн аваргад таарч тоглоход Мароккогийн шигшээ баг 3-1 харьцаатай хожиж байсан. Энэ нь хоёр багийн таарч тоглосон цорын ганц тоглолт байсан бөгөөд Португалын шигшээ баг энэ удаа 32 жилийн дараа хариугаа авах тоглолтоо хийж гэж байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Португал: Р.Патрисио, Седрик, Пепе, Ж.Фонте, Р.Гуэррейро, Виллам, Ж.Моунтиньо, Бернардо Силва, Ж.Марио, Андре Силва, К.Роналдо

  • Марокко: Мунир Мохамеди, А.Хакими, Г.Саисс, М.Бенатиа, Х.Мендиль, К.альАхмади, Х.Зийех, М.Буссуфа, Ю.Беланда, Н.Амрабат, К.Бутаиб

Хоёр баг дэлхийн аваргын эхний тоглолтоос Марокко хожигдол хүлээгээд байгаа бол Португалын шигшээ баг К.Роналдогийн шилдэг тоглолтын ачаар тэнцээ авсан. Энэ удаа Мароккогийн шигшээ багаас нэг их өөрчлөлт байхгүй байгаа бол Португалын шигшээ баг Б.Фернандосыг суулгаж Андре Силваг гараанд гарах магадлалтай байна. Энэ тоглолт Португалын шигшээ багийн ялалтаар өндөрлөх магадлал илүү өндөр бөгөөд Мароккогийн хамгаалагчид илүү хойш сууж К.Роналдог зогсоох зорилготой хамгаалж тоглох болов уу?


Уругвай – Саудын Араб

А хэсгийн 2-р тойргийн Уругвайн эсрэг Саудын Арабын тоглолт Дон мөрний эрэг дэх Ростов хотын “Ростов Арена” цэнгэлдэх хүрээлэнд болно. Хоёр багийн урьдны тоглолтын харьцааг харвал Саудын Арабын талд давуу байдалтай харагдаж байна.  2002 онд анх удаагаа нөхөрсөг тоглолт хийхэд Саудын Арабын шигшээ баг 3-2 харьцаатай Өмнөд Америкийн Уругвайн шигшээг буулган авч байсан бол сүүлд дөрвөн жилийн өмнө дахин нөхөрсөг тоглолт хийхэд 1-1 харьцаатай тэнцэж байжээ. Гэхдээ энэ удаа Л.Суарез, Э.Кавани гэсэн шилдэг довтолгооны хослолтой Уругвайн шигшээ багийг Саудын Арабын залуус буулгаж авна гэдэг тун бэрх байх болов уу? Хоёр багийн тоглолт 23.00 цагаас болно.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Уругвай: Ф.Муслера, Г.Варела, Ж.Хименез, Д.Годин, М.Касерес, Н.Нандес, М.Вецино, Р.Бентанкур, К.Родригес, Л.Суарез, Э.Кавани

  • Саудын Араб: Мохаммед Аловайс, Мохамед АльБрейк, Осама Хавсави, Али Аль-Булеахи, Яссер аль-Шахрани, Салим аль-Давсари, Абдуллах Утаиф, Салман Аль-Фараж, Таисир аль-Жассим, Яхье эш-Шехри, Фахад Аль-Муваллад

Уругвайн шигшээ баг дэлхийн аваргын эхний тоглолтондоо эцсийн мөчид Египетийн шигшээ багийг хожиж айдаггүйгээ авдартаа хийсэн. Энэ удаа Жоржиан де Арраскаэта сэлгээнд үлдэж К.Родригес гараанаас тоглолтыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Тэгвэл тэдний өрсөлдөгч Саудын Арабын баг Оросуудын эсрэг таамаглаж байснаас муу тоглож хүндхэн байдалтай болоод байна. Магадгүй энэ тоглолтонд Уругвайд хожигдвол тамирчид нь цүнхээ баглаад гэртээ харих бэлтгэлээ хийх хэрэгтэй болов уу? Яг өнөөдрийн тоглолтонд хожих боломжтой баг нь Уругвайн шигшээ баг юм.


Испани – Иран

В хэсгийн 2-р тойргийн сүүлчийн тоглолт шөнө 02.00 цагаас Испани-Ираны тоглолтоор өндөрлөнө. Хоёр баг өмнө нь ямар нэгэн тоглолт хийж байгаагүй бөгөөд энэ жилийн дэлхийн аваргын дэвжээн дээр анх удаагаа учраа таарч байна. Дэлхийн аварга эхлэхээс нэг өдрийн өмнө Испаний шигшээ баг дасгалжуулагчгүй болж тамирчдын сэтгэлгүй таагүй байгаа ч хэсгийн эхний тоглолтондоо Португалын эсрэг хийж 3-3 харьцаатай тэнцээ авсан. Харин энэ удаагийн тэдний өрсөлдөгч нь Азийн төлөөлөл Ираны шигшээ баг байгаа бөгөөд хоёр баг Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Иран: Али Бейраванд, Р.Резаэян, М.Пурлиганжи, П.Монтазери, М.Шожаи, С.Эззатоллахи, Э.Хажисафи, О.Эбрахими, В.Амири, С.Азмоун, А.Жаханбахш

  • Испани: де Хеа, Х.Альба, С.Рамос, Ж.Пике, Начо, С.Бускетс, Т.Алкантара, А.Иньеста, Иско, Д.Силва, Д.Коста

Португалын эсрэг хангалтгүй тоглосон хаалгач де Хеа Ираны эсрэг эхний ялалтаа авахад шигшээ багтаа туслах ёстой. Де Хеагийн гаргасан алдаа Испаний олон сая хөгжөөн дэмжигчдийн дургүйг хүргэсэн бөгөөд Ираны эсрэг залуу хаалгач К.Аррисабалагаг гаргах ёстой гэж үзэж байна. Гэхдээ де Хеа Ираны эсрэг алдаагаа засах хүсэлтай байгаа төдийгүй дасгалжуулагч Ф.Йерро ч де Хеаг гарааны хаалгач хэвээр байгаа гэдгийг мэдэгдсэн. Хоёр багийн хувьд бэртэл гэмтлийн асуудал гайгүй байгаа бөгөөд Испаний жигүүрийн хамгаалагч Д.Карвахаль тоглолтонд бэлэн бус байгаа ажээ. Испаний шигшээ баг Ираны эсрэг дэлхийн аваргын эхний ялалтаа авах зорилготой талбайд гарна. Хожил ч тэдний талд байх магадлал илүү өндөр хувьтай юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж