Дэлхийн аваргын G хэсэг

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн аваргын G хэсэг

Дэлхийн аваргын G хэсэг

Английн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Европ тивээс дэлхийн аваргын эрхээ авсан 2 дахь баг бол Английн шигшээ байсан. Европын бүсийн F хэсэгт ганц ч хожигдолгүйгээр 10 тоглолт хийхдээ 8 хожиж 2 тэнцсэн амжилтаар дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Ж.Пикфорд, Ж.Бутланд, Н.Поул
  • Хамгаалагч: К.Уокер, Д.Роуз, Ж.Стоунс, Г.Магуайр, К.Триппьер, Г.Кэхилл, Ф.Жонс, Ф.Делфи, Э.Янг, Т.Александр-Арнольд
  • Хагас хамгаалагч: Э.Дайер, Ж.Лингард, Ж.Хендерсон, Д.Алли, Р.Лофтус-Чик
  • Довтлогч: Х.Кейн, Р.Стерлинг, Ж.Варди, Д.Уэлбек, М.Рашфорд

Од тоглогч:

Английн шигшээ багийн залуухан ахлагч Х.Кейн юм. Тэр хоёр жилийн өмнө Европын АШТ-нд маш амжилтгүй оролцсон бөгөөд ганц ч гоолыг өрсөлдөгчдийнхөө хаалганд оруулж чадаагүй. Харин тэр цагаас хойш Х.Кейн гэрлийн хурдаас сайжирч байгаа бөгөөд клуб болон шигшээ багийнхаа хамгийн чухал тоглогч болоод байна. Одоо тэр өөрийгөө шилдэг гэдгээ батлан харуулахаар Оросод ирээд байна. Ажлаа ч тун сайн эхлүүлж дэлхийн аваргын эхний тоглолтдоо 2 гоол оруулсан.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Багийн спортод тамирчдын бэртэл, гэмтэл нь зарим нэг тоглогчдод өөрийгөө нээж харуулах боломж олгож байдаг. Дэлхийн аваргын өмнө Английн залуу хагас хамгаалагч А.Окслэйд-Чемберлен гэмтэл авсан нь Челси клубын 22 настай чацархаг залуу Р.Лофтус-Чикид шигшээ багтаа багтаж өөрийгөө нээж харуулах боломжийг олгоод байна. Дэлхийн аваргын өмнө шигшээ багийнхаа төлөө ердөө 4 тоглолт оролцоод байсан Р.Лофтус-Чик дэлхийн аваргаар Английн багаас гялалзах учиртай залуу тоглогч юм.

Дасгалжуулагч:

Азгүй Английн эрин үе Р.Хожсон, С.Аллардайс нарын дасгалжуулагчдаар дууссан байгаасай. С.Аллардайсаар шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээж авсан Г.Саутгейт 2 дахь жилдээ шигшээ багтайгаа ажиллаж байгаа бөгөөд түүний арга барил Английн шигшээ багт өөрчлөлтийг авчирч байна. Тэр Английн уламжлалт 4-4-2 хувилбараас татгалзаж, бөмбөг барьсан алсын дамжуулалт өгдөг тоглолтыг ч өөрчилж байна. Г.Саутгейт дасгалжуулагчтай Английн шигшээ багийн зоригтой өөрчлөлт үр дүнгээ өгч байгааг хөлбөмбөг сонирхогчид харж байгаа. Түүнээс хүлээх хүлээлт бий.

Дэлхийн аваргын түүх:

Английн шигшээ баг 1966 онд нутагтаа зохиосон ДАШТ-нд түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлд 1990 онд хагас шигшээд шалгарч байжээ. Дэлхийн аваргад 14 удаа оролцохдоо ердөө 3 удаа хэсгээс гарч байгаагүй бөгөөд хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө Бразилд гутамшигтайгаар тэмцээнээ өндөрлүүлж байсан. Тэгвэл энэ жил алдаагаа залруулах зорилготой, цаашлаад битүүхэн аваргын цомыг горилан ирсэн болов уу?

Боломжит амжилт:

Эрч хүчтэй залуус, багийн тактикийн эрс шинэчлэлтэйгээр Оросод ирээд буй Английн шигшээ баг дунд шөвөгт шалгарах бол нэг их асуудал болохгүй байх. Хэрвээ ямар нэгэн азгүй зүйл тохиолдохгүй л бол хэсгийн шат болох шөвгийн 16-г гар хөнгөхөн давах боломжтой байна.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 18. Тунис 0-1 Англи
  • 2018 оны 6 сарын 23. Англи – Панам
  • 2018 оны 6 сарын 28. Англи – Бельги

Бельгийн шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Европын бүсээс урьдчилсан шатыг ганц ч хожигдолгүй давсан ердөө 4 баг байсан. Тэдний нэг бол Бельгийн шигшээ баг юм. Бельгийн шигшээ баг Европын бүсийн Н хэсэгт 9 хожиж ганцхан Грекийн шигшээ багтай тэнцсэнээр боломжит 30 онооноос 28 оноо авч дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Т.Куртуа, С.Миньоле, К.Кастелс
  • Хамгаалагч: Т.Алдервейрелд, Т.Вермален, В.Компани, Я.Вертонген, Т.Менье, Д.Бойата, Л.Дендокер
  • Хагас хамгаалагч: А.Вицель, де Бройне, М.Феллайни, Я.Карраско, Т.Азар, Ю.Тилеманс, М.Дембеле, Н.Шадли
  • Довтлогч: Р.Лукаку, Э.Азар, Д.Мертенс, А.Янузай, М.Батшуайи

Од тоглогч:

Бельгийн шигшээ багаас олон шилдэг тоглогчдыг нэрлэж болох юм. Гэвч Манчестер Сити клубт тоглодог Кевин де Бройне бол Бельгийн шигээ багийн гол хөдөлгүүр гэж болно. Түүний шигшээ багийнхаа тоглолтыг найруулж байгаа байдал нь Э.Азараас илүүтэй чухал тоглогч болохыг харуулж байна. Ямартаа ч Бельгийн алтан үеийн шилдэг залуусын манлайд де Бройне байх нь гарцаагүй.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Шигшээ багийнхаа дасгалжуулагчийн итгэлийг дааж шигшээ багтаа багтаад байгаа Ю.Тилеманс бол Бельгийн ирээдүйтэй залуусын нэг юм. Бельгийн лигт гялалзаж лигийн аварга болон цомын аварга цолыг хүртсэн Ю.Тилеманс өнгөрсөн улиралд Францын Монако клубт 25 сая фунтээр нэгдсэн нь нэгийг хэлж байгаа байх. 

Дасгалжуулагч:

Бельгийн шигшээ багийн алтан үеийн нэг хэсэг болж буй азтай эрхэм бол Испани дасгалжуулагч Р.Мартинез юм. Бельгийн хөлбөмбөгийн холбоо 2016 оны Европын АШТ-ний дараа М.Вильмотсыг ажлаас нь чөлөөлж Испани дасгалжуулагчтай гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Р.Мартинез Бельгийн шигшээ багийг удирдан 19 тоглолтод оролцохдоо 14 ялалт байгуулж ердөө 1 хожигдсон гэсэн аварга үзүүлэлттэй байна. Одоо харин Бельгийн ард түмний мөрөөдлийг биелүүлэхээр хүчирхэг залуусаа удирдан Оросод ирлээ.

Дэлхийн аваргын түүх:

Бельгийн шигшээ багийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн өндөр амжилт бол 1986 оны Мексикт болсон ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан амжилт юм. Хамгийн сүүлд Бельгийн шигшээ багийн гол цөмийг бүрдүүлж буй эдгээр залуус Бразилд болсон ДАШТ-ний дунд шөвөгт Аргентины шигшээ багт 1-0 харьцаатай хожигдсон.

Боломжит амжилт:

Шигшээ багийнхаа түүхэнд алтан үе дээрээ яваа Бельгийн шигшээ багийг дэлхийн аваргыг цом ч хүртэх боломжтой гэсэн хүлээлт бас бий. Ямартаа ч дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтаж дунд шөвөгт шалгарахад асуудал алга.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 18. Бельги 3-0 Панам
  • 2018 оны 6 сарын 23. Бельги – Тунис
  • 2018 оны 6 сарын 28. Англи – Бельги

Тунисын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

“Карфагены бүргэдүүд” хэмээх Хойд Африкийн төлөөлөл Тунисын шигшээ баг 2 дэлхийн аваргыг өнжөөд эргэн ирж байна. Тунисын шигшээ баг Африкийн бүсийн сонгон шалгаруулалтын шийдвэрлэх 3-р шатны А хэсгийг ганц ч хожигдолгүй тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Ф.Бен-Мустафа, А.Матлути, М.Ассен
  • Хамгаалагч: С.Бен-Юссеф, Й.Беналуан, Я.Мерья, О.Хаддади, Р.Бедуи, Д.Бронн, А.Маалул, Х.Наггез
  • Хагас хамгаалагч: Ф.Сасси, М.Бен Амор, А.Скири, С.Кауи, В.Хазри, А.Халил, Б.Срарфи, Г.Чаалани, Н.Слити
  • Довтлогч: А.Бадри, Ф.Бен-Юссеф, С.Хелифа

Од тоглогч:

Тунисын шигшээ багт Ю.Мсакни хэмээх авъяаслаг тоглогч байсан боловч бэртлийн улмаас дэлхийн аваргад оролцох боломжгүй болсон. Ингээд түүний орон зайг В.Хазри нөхнө. Өдгөө 27 настай Английн Сандерлэнд клубт тоглодог хагас хамгаалагч В.Хазри бол шигшээ багийнхаа хамгийн туршлагатай шилдэг тоглогч юм.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Францын Труа клубын 23 настай залуу тоглогч С.Кауи шигшээ багийнхаа төлөө ердөө 2 тоглолтод оролцсон. Харин түүний хувьд энэ удаагийн дэлхийн аваргад талбайд гарч тоглохоос их зүйл шалтгаалах болов уу? Хэдийгээр ирээдүйтэй залуу тоглогч боловч талбайд гарах нь чухал юм.

Дасгалжуулагч:

55 настай Тунис эрхэм өмнө нь хэд хэдэн удаа шигшээ багтаа ахлах болон туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан. Харин одоо анх удаагаа шигшээ багаа удирдан дэлхийн аваргад оролцож байгаа бөгөөд урьдчилсан шатыг амжилттай давсан.

Дэлхийн аваргын түүх:

Тунисын шигшээ баг ДАШТ-нд 3 удаа оролцохдоо хэсгээс гарч үзээгүй. Энэ жил ч Тунисчуудад хэсгээс гарах боломж бага.

Боломжит амжилт:

Магадгүй хэтэрхий дорд үзсэн дүгнэлт байж болох ч Тунисын шигшээ баг дэлхийн аваргаас хожил авч чадвал том амжилт байх болно. Оноо салгах хамгийн боломжит хувилбар бол Панамтай хийх тоглолт юм.

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 18. Тунис 1-2 Англи
  • 2018 оны 6 сарын 23. Бельги – Тунис
  • 2018 оны 6 сарын 28. Панам – Тунис

Панамын шигшээ баг

Хэрхэн эрхээ авсан бэ?

Панамын шигшээ баг КОНКАКАФ-н бүсээс АНУ болон Гондурас, Тринадад ба Тобаго улсуудыг ардаа орхиж дэлхийн аваргын эрхээ авсан. Гондурасын шигшээ багтай адил 16 оноо авсан ч хоорондын тоглолтын үр дүнгээр Панамын шигшээ баг шууд эрхээ авсан.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

  • Хаалгач: Я.Пенедо, Х.Калдерон, А.Родригес
  • Хамгаалагч: М.Мурильо, А.Куммингс, Ф.Эскобар, Р.Торрес, А.Мачадо, Э.Дэвис, Л.Оваллье, Ф.Балой
  • Хагас хамгаалагч: Г.Гомес, Э.Баркенас, А.Купер, В.Пиментел, Р.Авила, А.Годой, Х.Родригес
  • Довтлогч: Б.Перез, Г.Торрес, И.Диаз, Л.Техада, А.Арроео

Од тоглогч:

37 настай довтлогч Б.Перез Панамын шигшээ багийг түүхэндээ анх удаагаа дэлхийн аваргад оролцоход голлох үүргийг гүйцэтгэснийг дурдах хэрэгтэй. Түүний урьдчилсан шатанд Гондурас болон Коста-Рикагийн эсрэг хийсэн гоол Панамыг дэлхийн аваргад орох боломжийг нээж өгсөн. Хэдийгээр харьж яваа тоглогч боловч түүний шигшээ багтаа эзлэх байр суурь, туршлага ямар ч тоглогчоос илүү байх нь дамжиггүй.

Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?

Америкийн мэжир лигийн Нью-Йорк Ред Буллс клубын тоглогч Майкл Амир Мурильо өдгөө 22 настай гэхэд шигшээ багийнхаа төлөө аль хэдий нь 20 гаруй тоглолтод оролцоод байна. Жигүүр болон төвийн хамгаалалтад тоглох чадвартай М.Мурильо шигшээ багийнхаа ирээдүйтэй тоглогч юм.

Дасгалжуулагч:

Магадгүй дэлхийн аваргад шигшээ баг удирдсан туршлагаараа бол Панамын дасгалжуулагч Эрнан Дарио Гомез тэргүүлэх байх. Тэр 1998 онд Колумби, 2002 онд Эквадорыг удирдан дэлхийн аваргад оролцож байсан бөгөөд энэ удаа 3 дахь шигшээ багаа удирдан дэлхийн аваргад оролцож байна. Харин түүнд яриад байх томоохон амжилт хараахан байхгүй байгаа. 

Дэлхийн аваргын түүх:

Дэлхийн аваргад анх удаагаа оролцож байна.

Боломжит амжилт:

Оноо авах нь Панамын шигшээ багийн эхний зорилго байх

Тоглолтын хуваарь:

  • 2018 оны 6 сарын 18. Бельги 3-0 Панам
  • 2018 оны 6 сарын 23. Англи – Панам
  • 2018 оны 6 сарын 28. Панам – Тунис

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж