М.Оюунчимэг: Хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглоно

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

М.Оюунчимэг: Хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглоно

М.Оюунчимэг: Хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглоно

УИХ-дахь Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2018.06.20/  химийн бодисын хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглах нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тодруулбал, “Заша өвс төв” ТББ болон 927 иргэнээс аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалттайгаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд  сөргөөр нөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа тул тус асуудлыг төрийн бодлогын төвшинд авч эрхзүйн  орчныг боловсронгуй болгох хүсэлтийг Байнгын хороонд ирүүлжээ.

Монгол Улсын сав баглаа боодлын нийт хэрэглээний 70 хувийг импортоор хангадаг бөгөөд жилд дунджаар 80 гаруй сая ам.долларын сав боодлыг БНХАУ, БНСУ, АНУ, Польш, Япон, Итали, Их Британи зэрэг улсаас импортолж байна. Нийт 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдгаас шингэн зүйл  хийх зориулалтын хуванцар сав үйлдвэрлэх  чиглэлээр 15  аж ахуй нэгж бий. Худалдааны  төвүүдэд худалдаалагдаж буй савны 67 хувь нь хуванцар савны олон улсын ямар нэгэн тэмдэглээгүй байдаг аж. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс  2008 онд хийгдсэн судалгаагаар ус хадгалж буй хуванцар савны хар тугалгын хэмжээ  ДЭМБ-ын зөвлөмж болон МNS 900:2005 үндэсний стандартад заагдсан хэмжээнээс 1800-6900 дахин их. Хадгалалтын хугацаа ихсэх тусам хуванцар савнаас усанд шилжих химийн бодисын агууламж өсч байгааг тогтоожээ.

УИХ-ын гишүүн, УИХ-дахь Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг:

-Химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар ашиглаж байгаа нь нийгмийн эрүүл мэндэд цаашлаад орчны бохирдолд ноцтой нөлөө үзүүлж байна. Энэ асуудалд хариуцлага, хяналт хоёрыг хэрэгтэй байгаа учир энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хуванцар савны хэрэглээ ялангуяа гэр хороолол, хөдөө орон нутагт маш их байна. Эрүүл мэндийн яамны зүгээс  ЕБС-иудын Эрүүл мэндийн хичээлээр хуванцар савны хор уршгийн талаар оруулдаг болгох, харин УИХ, Засгийн газрын төвшинд хуулийг чангатгах асуудлыг ярих цаг болсон. Мөн орон нутгийн удирдлагуудтай хамтран холбогдох яамдууд хяналтаа сайжруулж, богино хугацаанд  цэгцлэх  цаашлаад хуванцар савны хэрэглээг бүрмөсөн хориглох ажлыг бид хийх болно.

 “Заша өвс төв” ТББ-ын тэргүүн Р.Нямдорж:

-Хуванцар савыг олон улсад аюултай хог хаягдалд тооцдог учир шууд устгадаг. Ахуйн зориулалттай хэрэглэхийг хатуу хориглодог олон улсын нийтлэг жишиг бий. Гэтэл Монгол Улс хүнсний ахуйн хэрэглээндээ 100  гаруй химийн хорт бодис агуулсан хуванцар савыг хэрэглэж байна. Сүүлийн 25 жилд Монгол Улсын иргэдийн хорт хавдрын өвчлөлийн стандартын төвшин 58 хувиар өссөн байдаг. Гэтэл энэ хугацаанд аюултай хог хаягдал болох хуванцар савыг бид өдөр тутмынхаа хэрэглээний нэг болгоод хэвшчихсэн. Өөрөө өөрсдийгөө химийн хүнд металлын бохирдолд оруулж, хорт хавдраар өвчлөх үндсэн шалтгаан болж байгаагаа огтхон ч мэддэггүй. Хуванцар савны хэрэглээг халахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хуванцар саванд агуулагдах химийн хорт бодисууд нь тухайн  хадгалж байгаа бүтээгдэхүүнд шууд шингэдэг. Тухайн хэрэглэгч зөвхөн хар тугалгаар хордож байгаа юм биш. Төрийн  бодлогын төвшинд алдагдсан  жижиг асуудал ард түмний амьдралд хэдэн зуун мянган том асуудал болдгийн жишээ бол хуванцар савны зах замбараагүй хэрэглээ  юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж