Баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх удирдах хорооны хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх удирдах хорооны хурал боллоо

Баримт бичгийн хэрэгжилтийг хэлэлцэх удирдах хорооны хурал боллоо

“Монгол Улсад 2017-2021 онд НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн 2017 оны хэрэгжилтийг хянан хэлэлцэх Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хамтарсан удирдах хорооны хурал энэ сарын 19-ний өдөр ГХЯ-нд боллоо. Хамтарсан хорооны хуралд холбогдох яамд, агентлагийн төлөөлөгчид, Улаанбаатар дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагын төлөөлөл оролцов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсад 2017-2021 онд НҮБ-аас үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-нд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн дунд болон урт хугацааны зорилтууд, Тогтвортой хөгжлийн зорилтуудын ыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэмдэглээд Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг баталж, 2018-2020 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлж байгааг танилцуулав. Түүнчлэн санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын зэрэгцээ нийгмийн хөгжлийн бодлогоо тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж буй Засгийн газрын хүч чармайлтыг дэмжиж, Монгол Улс дахь НҮБ-ын системийн байгууллагуудын үйл ажиллагааны цар хүрээ, түвшин, санхүүжилтийг бууруулахгүй байхыг онцлов.

НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Транкманн хэлсэн үгэндээ Монгол Улсад НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн гол зарчим нь “хэнийг ч үл орхигдуулах” уриа бүхий “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт үндэслэсэн бөгөөд илүү хүртээмжтэй, шударга, тогтвортой хөгжлийг бий болгоход анхаарч ажиллаж байгаагаа тэмдэглэв. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол Улсад ажилласан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх зорилготой ажлын хэсгийн тайлан нь 2017 оны чухал үйл явдал болсныг онцлов. Бодлого боловсруулахдаа нэгдсэн зохицуулалт хийх, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ын тэргүүлэх чиглэлүүдтэй улсын төсвийг уялдуулах, гарч байгаа ахиц дэвшлийг тайлагнах хяналтын тогтолцоог бий болгох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг ажлын хэсгээс зөвлөмж болгосныг тэрбээр онцлон тэмдэглэв.

Удирдах хорооны хурлаар НҮБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн 2017 оны тайланг хэлэлцэж, ололт амжилт, сорилт сургамж болон цаашид анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

“НҮБ-аас 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ”-ний гурван тэргүүлэх зорилтын 2017 оны хэрэгжилтийн тайланг товч дурдвал:

  1. Хүртээмжтэй өсөлт болон байгалийн нөөцийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх НҮБ, Азийн хөгжлийн банкны хамтарсан ажлын хэсэг ажиллаж, тайлан гаргасан, Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө, хэрэгжилтийг хэмжих үзүүлэлтүүд болон санхүүжилтийн стратегийг боловсруулсан. Түүнчлэн Ойн доройтол, хомсдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсан, Ногоон эдийн засгийн хөгжлийн стратеги, ажлын байр, худалдан авалтын талаарх ойлголтыг нэвтрүүлсэн, хүнс, хөдөө ахуйн салбар дахь инновацийг дэмжих, хүнсний аюулгүй байдлын стандарт, эрүүл ахуйн чанарыг сайжруулах асуудалд ахиц гарсан байна.

  2. Нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн чанартай, тэгш үйлчилгээг хүртээмжтэй болгох, чадавхийг бэхжүүлж, нөхөн үржихүй, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ахиц гарч, Нялх, балчир хүүхдийн хүнсний тухай хуулийг баталсан.

  3. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж, “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд судалгаа явуулсан, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай анхны хуулийг баталсан зэрэг томоохон ахиц гарсан байна.

Хөгжлийн тусламжийн хүрээг илүү үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, статистик тоон үзүүлэлтэд суурилсан бодлого боловсруулах, мэдээлэл, хяналт, шинжилгээний үндэсний тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн хамгааллын төлөвлөлт, шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах зэрэгт анхаарч ажиллах нь чухал болохыг хуралд оролцогсод онцлов.

Хурлаар Удирдах хорооны бүрэлдэхүүн, ажлын удирдамжийг мөн хэлэлцэж батлав.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж