Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хамтран өнөөдөр /2018.06.20/ хүүхдийн эрхийн хамгааллын талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга А.Энхбаатар Монгол Улсад хүүхдийн эрхийг зөрчиж буй нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэлээ.
16800 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4100 хос гэр бүлээ цуцлуулсан
Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 887339 амьдарч бүртгэгдсэн. Нийт өрхийн 67 хувь хот суурийн газар, 33 хувь нь орон нутагт амьдардаг. Нийтдээ нэг сая 27 мянган хүүхэд аж төрж байна. 2017 оны эцсийн байдлаар 3553 өнчин хүүхэд бүртгэгдэж, 21 байгууллагын 31 асрамж халамжийн байгууллагад 1021 хүүхэд амьдарч байна. Мөн өнгөрсөн онд 16800 хос гэрлэлтээ бүртгүүлж, 4100 хос гэр бүлээ цуцлуулсан.
Түүнчлэн 100 орчим хүүхэд ямар нэгэн гэмт хэргийн улмаас хохирч, 1600 хүүхэд гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 127 хүүхэд амь насаа алдсан. Үүний 50 гаруй хувь нь зам тээврийн ослоос үүдэлтэй нас барсан байна.
Хурдан морины уралдаанаас 169 хүүхэд гэмтэл авсан
Өнгөрсөн жил хурдан морины 394 уралдаан зохион байгуулагдсан. Давхцаагүй тоогоор уралдаанд 10334 хүүхэд оролцсон. Мориноос унасан 629 хүүхэд, гэмтэл авсан 169 хүүхэд, бүртгэгдсэн. Тэдний хоёр нь амь насаа алдаж, гурван хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон. 2017 онд бага насны 187 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэсэн статистик мэдээлэл байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр эцэг эхийн хараа хяналт сул байсантай холбоотой гэж дүгнэж болохоор. Харин 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн 68 дуудлага ирсэн. Улс орны хэмжээнд сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 2018 оны эхний улирлын байдлаар 424 байсан бол өнөөдрийн байдлаар 499 болчихсон байна. Эдгээрийн 71.2 хувийг нь хамаарал бүхий этгээд үйлдсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн он гарсаар бие махбодын хүчирхийлэлд 299 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд 68 хүүхэд өртсөн гэсэн тоо байна. Гэр бүл хүүхэд залуучуудын газраас 2018 оны тавдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд 21 аймгийн 330 сумын 1613 Засаг даргад энэ чиглэлээр сургалт хийсэн юм. Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны хэсгийн ахлагч нарт мөн сургалт явуулсан. Сургалтын гол зорилго нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт бүлгийн хүүхдийг илрүүлэх чиглэлтэй юм. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Замын-Үүд суманд 14 настай хүүхэд ээжийгээ дагаж яваад Эрээн хотод хүчиндүүлсэн хэрэг гарсан. Энэ асуудалд Гэр бүл хүүхэд залуучуудын газраас эх байх эрхийг нь хязгаарлаж, асрамжид авна гэж байсан. Охин одоо хаана байгаа вэ?
-Охин одоогоор түр хамгаалах байранд байгаа. Хүүхэд хамгааллын шат дараалсан таван үйлчилгээ байдаг. Одоо тухайн этгээдтэй холбоотой зарим нэг зүйлийг цагдаагийн байгууллагаас тодруулахаар ажиллаж байна. Эх байх эрхийг нь хязгаарлана гэж бид мэдээлсэн. Гэхдээ түүнээс өмнө тухайн ээжийг гэм буруутайг нь тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдээ дагуулж яваад бэлгийн мөлжлөгт оруулсан эсэхийг тодруулах хэрэгтэй.
Хаалганы хөндлөвч төмөр унаснаас болж тархиндаа гэмтэл авснаас нас барсан
ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хурандаа Б.Цэнгэлбаяр “2018 оны эхний тавдугаар сарын тоон мэдээлэлд насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэг үйлдсэн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар буурсан. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа асуудал 31 хувиар өссөн. Улсын хэмжээнд 859 хүүхэд сураггүй алга болсон гэх мэдээлэл ирснээс, 844 хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Одоогоор улсын хэмжээнд 15 хүүхдийг эрэн сурвалжилж байгаа.
НЦГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн хурандаа И.Батчулуун “НЦГ-д өдөрт дунджаар 15-20 орчим хүүхэд алга болсон талаарх дуудлага ирдэг. Он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар 102 дугаарын утсанд сураггүй алга болсон гэх 1067 тохиолдол байна. Үүнээс 348 хүүхэд тухайн өдөртөө олдож, үлдсэн 676 хүүхэд тодорхой хугацааны дараа олдсон юм. Харин нас барсан байдалтайгаар хоёр хүүхэд олдсон. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сураггүй алга болсон хүүхэд байхгүй. Мөн их дээд сургууль, сургуулийн бүсэд өнгөрсөн онд 58 гэмт хэрэг бүртгэгдсэн. 2018 оны эхний улирлын байдлаар гэхэд их дээд сургуулийн орчинд гурав, ЕБС-ийн орчинд гурван гэмт хэрэг бүртгэгдсэн.
Хүүхдийн амь нас эрсэдсэн хэргүүдийн талаар мэдээлэл өгье. Т2018 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 21-р хороонд гүүр барихтай холбоотой зам засварын ажил явагдаж байгаа. Голын голдрилыг өөрчлөх зорилгоор далан босгож, 3-4 метр гүн ус тогтсон байсан. Хэрэг болсон газар 9-10 насны таван хүүхэд тоглож байсан юм билээ. Улмаар есөн настай хүүхэд усанд осолдож амь насаа алдсан хэрэг гарсан. Одоогоор уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 2018 оны зургаадугаар сарын 13-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Сансрын хөлөг” тоглоомд осол гарсан. Дээр нь байсан бүхээг хугарч доор нь байсан бүхээгийг дарснаас хоёр том, зургаан хүүхэд биедээ гэмтэл авсан. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан хүүхдүүдээс хаалгач хийж байсан хүү талбайн хаалганы хөндлөвч төмөр унаснаас болж тархиндаа гэмтэл аван нас барсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг хийж байна” гэв.
Э.Ариун