Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын (УДБЭТ) хамт олон Монголын үндэсний балет “Тэнгэрийн ташуур”-ыг энэ сарын 23, 24-нд тоглох гэж байна. Тус балет нь долоон жилийн өмнө буюу “Хүннү” гүрэн үүсэн байгуулагдсаны 2220 жилийн ой, Улс тунхагласны баярыг тохиолдуулан анх дэглэгдэж байсан түүхтэй. “Тэнгэрийн ташуур”-т Хүннүгийн удирдагч Атилла хааны дэлхийг чичрүүлж явсан үеийг үзүүлэх бөгөөд хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлтэй Монголын үндэсний балет юм. Атилла хаан Ромын хаадын нүүр рүү нулимж, дарангуйлж, нойргүй хонуулж явсан бөгөөд тэднээс “Тэнгэрийн ташуур” хэмээх хочийг авсан гэж үздэг.
“Тэнгэрийн ташуур” нь хөгжмийн зохиолч, бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан А.Батдэлгэрийн бүтээл бөгөөд удирдаачаар АНУ-ын Стенфордийн их сургуулийн профессор Жин Дон Кэй ажиллах юм.
Сонирхуулахад, Монголд “Тэнгэрийн ташуур”-аас өөр үндэсний балет 24 байдаг юм байна.
Р.Ренчиндулам