Өнгөрсөн улиралд багийнхаа хамгаалалтанд маш сайн тоглолтыг үзүүлсэн Сюббан дахин оны шилдэг хамгаалагчаар шалгарах боломжтой болж байна. Мөн Лос-Анжелес Кингс багийн Д.Даути ч 2 дахь удаагаа оны шилдэг хамгаалагч болох боломжтой. Норрис Мемориал Трофи (James Norris Memorial Trophy) буюу оны шилдэг хамгаалагчаар дээрх 3 хамгаалагчид шалгараад байна. Энэ цомыг Бостон Брюинс багийн домогт тоглогч Бобби Ор хамгийн олон буюу 8 удаа хүртэж байсан бол энэ цаг үед тоглож буй тоглогчдоос Чикаго Блэйкхаукс багийн Д.Кейт болон Оттава Сенаторс багийн Эрик Карлссон нар 2 удаа хүртэцгээж байжээ.
Дрэв Даути. Лос-Анжелес Кингс багийн 28 настай хамгаалагч 2016 онд энэ шагналыг хүртэж байсан. Хүчирхэг Канад залуу NHL-д тоглосон 10 дахь улиралдаа 2 дахь удаагаа оны шилдэг хамгаалагч болох боломжтой. Өнгөрч буй улирал бол түүний карьерын оргил амжилт нь байсан бөгөөд анх удаагаа 60 оноо авсан. Гэхдээ хамгаалагч бол гоол хийхээс илүүтэй арын бүсийн найдвартай хамгаалалт илүү чухал юм.
Пи.Кей.Сюббан. 29 настай Канад хамгаалагч өнгөрсөн улиралд үнэхээр онцгой байсан. Гэхдээ тэр багаа стэнлийн цом хүртэх хэмжээнд туслаж чадсангүй. Тэрээр Нэшвилл Предаторс багт ирсэн эхний улиралдаа стэнлийн цомын шувтрагын шатанд шалгарсан ч энэ жил баг нь хүлээлтээс доогуур тоглосон. Баг нь финалд хүрч чадаагүй ч Пи.Кей.Сюббаны хувийн амжилт ахисан жил байлаа. Тэрээр улирлын 82 тоглолтонд 16 гоол, 43 гоолын дамжуулалт өгч 59 оноо авсан. Хэрвээ энэ улиралд шилдэг хамгаалагчаар тодорвол 2 дахь удаагаа оны шилдэг хамгаалагчийн шагналын эзэн болно.
Виктор Хэдман. Энэ улиралд Тампа Бэй Лайтнинг багийг олон мэргэжилтнүүд стэнлийн цомын шувтрагын шатанд шалгарна, цаашлаад стэнлийн цомыг хүртэнэ гэж таамаглаж байсан. Гэвч хүлээлэлтэнд хүрч чадалгүй бүсийн аваргын төлөө Вашингтон Капиталс багт хожигдож улирлаа өндөрлүүлсэн. Хэдий тийм ч гэсэн Швед хамгаалагч энэ улирал багийнхаа төлөө гайхалтай тоглосон. Тэрээр 77 тоглолтонд оролцохдоо 63 оноо авсан бөгөөд баг нь хагас шигшээд шалгарахад түүний тоглолт чухал үүрэгтэй байсныг онцлох хэрэгтэй.
Б.БЯМБАБАЯР