Улаанбаатарт залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх газар ховорхон байдаг. Тэгвэл тун удахгүй залуус чөлөөт цагаа өнгөрөөдөг том талбайтай болох нь. Монголд байхгүй резинэн дэвсгэртэй сагсны талбай, усан оргилуур, гүйлтийн зам, тайз, хүүхдийн тоглоомын талбайтай, өөрийн гэсэн дотоод дүрэм журамтай талбай МУИС-ийн хойно ирэх оны зургадугаар сард үүдээ нээх гэж байна.
Энэ сарын 25-нд талбайн бүтээн байгуулалтын эхний үе шат эхэлнэ. 16 төслийг амжилттай зохион байгуулсан “Service Party Day” үйл ажиллагааны хүрээнд энэ төсөл хэрэгжиж байгаа юм. Уг төслийг Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн Энхийн Их Наадмын хүрээнд Тулгар төр байгуулагдсаны 2220 жилийг ойг тохиолдуулан хэрэгжүүлж байна. Энэ сарын 25-ны 10.00 цагт МУИС-ийн хойно 300 гаруй залуус цэцэрлэгийн бүтээн босголтын ажлыг эхлүүлнэ. Эдгээр залуусын 100 гаруй нь Энхийн их наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Соёлын солилцооны хөтөлбөр, Залуу удирдагчдын чуулга уулзалтад оролцогч гадаадын залуус. Харин 200 гаруй Монголын шилдэг оюутан залуус. Тэд шарилж түүж, бетон хуулж, зөөж, сандал суулгах зэрэг ажлыг цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих арга хэмжээний үеэр хийнэ.
“Бидний санаачлан байгуулж байгаа энэ цэцэрлэгт хүрээлэн залууст соёлын өөрчлөлт хийж чадна. Энд залуус чөлөөт цагаа зөв өнгөрөөж, олон төрлийн тэмцээн уралдаанаар дамжуулан нэгдэж нөхөрлөнө. Хамтдаа PEACE байна гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол залуу хүнийг хөдөлмөрч, оюунлаг болгох илүү алсыг харсан залуусын боловсрол соёлын төв байх болно” хэмээн төсөл санаачлагчид үзэж байна. Энэ цэцэрлэгт хүрээлэнд “Атимос” компани хөрөнгө оруулалт хийж байгаа юм. 2008 онд Улаанбаатарт болсон “Дэлхийн Энхийн Их Наадам”-ын дараа Нийслэлийн Засаг Даргын захирамжийн дагуу “Service Party Day” хэмээх бусдад туслах сайн дурын үйл ажиллагааг жилд дөрвөн удаа хамтран зохион байгуулахаар болсон билээ. Уг үйл ажиллагааг Нийслэлийн Захирагчийн алба, Энхийн төлөө үйлчлэхүй ТББ, Дэлхийн Энхийн Их Наадам ТББ, “Оюуны Эрэл” Оюутны Холбоо хамтран зохион байгуулдаг.