Харт Мемориал Трофи (Hart Memorial Trophy) буюу улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Лос-Анжелес Кингс багийн ахлагч А.Копитар, Колорадо Эвеланш багийн дэд ахлагч Н.МкКиннон болон Нью-Жерси Девилс багийн Тайлор Халл нар эцсийн шатанд тунаж үлдсэн. Энэ шагналын Детройт Ред Уингс багийн домогт тоглогч Г.Хоув, Бостон Брюинс багт карьерынхаа оргил үеэ өнгөрүүлсэн Б.Орр, “агуу нэгэн” хэмээх У.Гретцки, М.Мессье, “супер Марио” хочит М.Лемье, Чехийн шилдэг хаалагч Д.Хашек, Я.Ягр энэ цаг үед С.Кросби, А.Овечкин, Е.Малкин, К.Перри, П.Кейн нарын шилдгүүд хүртэж байсан.
Эцсийн шатанд тунаж үлдсэн тамирчид:
Тайлор Халл (Нью-Жерси Девилс). 2010 оны драфтын тэргүүн сонголтоор Канадын Эдмонтон Ойлерс багт очиж байсан ч 2 жилийн өмнө буурь сэлгэж Америкийн зүүн эргийн Нью-Жерси мужийн Ньюарк хотын багт ирсэн. Өдгөө 26 настай залуу жигүүрийн довтлогч Т.Халл өнгөрсөн улиралд багийнхаа төлөө 76 тоглолтонд орохдоо 39 гоол, 54 гоолын дамжуулалт өгч карьерынхаа дээд оноо болох 93 оноо авсан. Тэрбээр багийнхаа рүүки тоглогч Н.Хиршертэй маш сайн хослож байсан бөгөөд өрсөлдөгч багуудын хамгаалагчдыг сандаргаж байсан. Ийм тэрээр анх удаагаа улирлын үнэ цэнэтэй тоглогчид нэр дэвшиж байна.
Анже Копитар (Лос-Анжелес Кингс). Лос-Анжелес Кингс багийн ахлагч хүчирхэг Словени төвийн тоглогч А.Копитар өнгөрч буй улиралд гайхалтай эргэн ирэлт хийсэн. 2016-2017 оны улиралд багийнхаа ахлагчийн үүргийг хүлээж авсан ч тэр улиралдаа маш хангалтгүй тоглосон бол энэ улиралд 82 тоглолтонд оролцохдоо 35 гоол, 57 гоолын дамжуулалт өгч карьерынхаа дээд оноо болох 92 оноо авсан. 11 жил NHL-д тоглож буй Словени залуу багийнхаа жинхэнэ лидер гэдгээ харуулж чадсан.
Натан МкКиннон (Колорадо Эвеланш). Ердөө 22 настай ч түүний ирээдүй гэрэлтэй байна. Хэдийгээр 22 настай залуу тоглогч боловч Колорадо Эвеланш багийн төлөө 5 улирал тоглосон. Мөн тэрээр энэ улиралд 74 тоглолтонд оролцохдоо 39 гоол, 58 гоолын дамжуулалт өгч өөрийн карьерынхаа оргил оноо болох 97 оноог авсан.
Б.БЯМБАБАЯР