Маргааш өглөө NHL-н улирлын шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болно. Энэ жилийн NHL-н рүүки тоглогчийн эцсийн шатанд Нью-Йорк Айландерс багийн Мэттью Барзаль, Ванкувер Кэнайкс багийн Брок Боуэсер болон Аризона Койотис багийн Клайтон Келлер нар тунаж үлдээд байгаа билээ.
Calder Memorial Trophy буюу оны шилдэг рүүки тоглогчийн шагналыг хожмоо NHL-д өөрийн алдар нэрээ мөнхөлсөн олон шилдэг тамирчид хүртсэн байдаг. Тухайлбал, домогт “супер марио” хэмээх М.Льеме, “Орос пуужин” хэмэээх П.Буре, А.Овечкин нарын шилдгүүд хүртэж байжээ.
М.Барзаль. 2015 оны драфтын 16-аар Нью-Йорк Айландерс багт ирж байсан төвийн тоглогч М.Барзаль өнгөрч буй улиралд багийнхаа төлөө бүтэн 82 тоглолтонд оролцож 22 гоол, 63 гоолын дамжуулалт өгч 85 оноотойгоор улирлыг өндөрлүүлсэн. Тэрбээр багийн ах нарыгаа авсан оноогоороо ардаа орхисон шилдэг залуу тоглогч юм.
К.Келлер. 2016 оны драфтын 7-р Аризона Койотис багт очсон К.Келлер мөн улирлын 82 тоглолтонд бүтэн оролцож 23 гоол, 42 гоолын дамжуулалт өгч 65 оноо авсан. Түүний хувьд өнгөрсөн улиралд багтаа оруулсан гоол, дамжуулалт болон оноогоор тэргүүлсэн.
Б.Боуэсер. 21 настай Америк залуу тоглогч Б.Боуэсер 2015 оны драфтын 23-аар Ванкувер Кэнайкс багт очиж байсан. Өнгөрсөн улиралд багийнхаа төлөө 62 тоглолтонд оролцохдоо 29 гоол, 26 гоолын дамжуулалт өгч 55 оноо авч багаа оноо авалтаар тэргүүлсэн. Магадгүй тэр энэ улиралд багийн домгууд болох ах дүү Сединүүдийн араас Б.Хорватын хамтаар Ванкувер Кэнайкс багийн нүүр царай болох байх.
Б.БЯМБАБАЯР