"Засаг иргэнийхээ эрхэд халдаад зогсохгүй, хөрөнгө оруулагчдыг үргээлээ"

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

"Засаг иргэнийхээ эрхэд халдаад зогсохгүй, хөрөнгө оруулагчдыг үргээлээ"

"Засаг иргэнийхээ эрхэд халдаад зогсохгүй, хөрөнгө оруулагчдыг үргээлээ"

 Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ баталбал иргэн, аж ахуйн нэгж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болно гэх шүүмжлэлийг хуульчид хэлэх болсон. Энэ асуудлаар бид Захиргааны хэргийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн П.Баттулгатай ярилцлаа.


-Засгийн газрын боловсруулсан Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хуульчид шүүмжлэлтэй хандаж байна. Төсөл батлагдсан нөхцөлд ямар үр дагавар үүсэх вэ?

-Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн өөрчлөлтийг энэ төсөлд оруулсан юм. Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэдэг нь Захиргааны хэргийн шүүх тэр шийдвэрийг хянахгүй гэсэн үг. Захиргааны ерөнхий хуулийг бүхий л захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрддөг. Жишээ татвал, бид Засгийн газраас үүрэг өгсний дагуу энэ хүнийг ажлаас халсан, Засгийн газраас үүрэг өгсний дагуу энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэдэг ч юм уу, Засгийн газраас гаргасан шийдвэрийг доод шатны захиргааны байгууллага нь хэрэгжүүлсэн бол тэрийг нь Захиргааны хэргийн шүүх хянахгүй, иргэн хүн өөрийнх нь хууль ёсны эрх хөндөгдсөн тохиолдолд аль шүүхэд хандах вэ гэдэг нь тодорхойгүй, эрхийн хамгаалалтгүй үлдэх болж байна. Энэ бол ноцтой асуудал.

-Тодруулж хэлбэл, Засгийн газрын гаргасан шийдвэрээс болж иргэн, аж ахуйн нэгжийн эрх нь зөрчигдлөө гэхэд гомдол гаргах шүүхгүй, нөгөө талдаа Захиргааны хэргийн шүүх ч татан буугдах нөхцөл үүслээ гэж ойлгож болох нь ээ?

-Хэрвээ бүх захиргааны байгууллага Засгийн газрын шийдвэрийг үндэслэж, ийм шийдвэр гаргасан гэдэг байдлаар явах юм бол Захиргааны хэргийн шүүхэд хянагдах маргаан бараг л байхгүй болно. Нөгөө талаараа Засгийн газрын зүгээс ийм алхам хийгээд байгаа нь ойлгомжгүй. Бид Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэж ойлгодог. Гэтэл хөрөнгө оруулагчийн зүгээс харах юм бол Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр нь хянагдахгүй тийм улс оронд хөрөнгөө оруулах хөрөнгө оруулагч олдох уу. Энэ асуудлыг бодолцох ёстой.

Хоёрдугаарт, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулиар Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлсэн байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хянагдана гэдэг нь Захиргааны хэргийн шүүхийн эрх мэдлийг нэмэгдүүлэх гээд байгаа ойлголт биш. Яавал хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж, зөрчигдсөн эрх нь сэргэж, шударга ёс тэнд тогтох вэ гэдэг үүднээс Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан байдаг. Үүний маш сайн ойлгох ёстой.

-Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газраас гаргасан шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан хэр их ирсэн байдаг юм бол. Статистик мэдээлэл байна уу. Нэг хэсэг нь Захиргааны хэргийн шүүхийн хязгааргүй эрх мэдлийг хянахын тулд ийм төслийг Засгийн газар санаачилсан гэх юм?

-Захиргааны ерөнхий хууль батлагдсанаас хойш Засгийн газар хариуцагчаар татагдсан хэд, хэдэн маргаан шүүхэд ирсэн. Засгийн газрын шийдвэрийг дотор нь хоёр ангилдаг. Нэгдүгээрт, улс төрийн шийдвэр буюу бодлогын шийдвэр. Хоёрдугаарх нь захиргааны шинжтэй үйл ажиллагаа. Улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүхээр хянаж үзэхгүй, Үндсэн хуулийн Цэц ч хянахгүй. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд гаргасан захиргааны шинжтэй үйл ажиллагааг Үндсэн хууль хянаад явна. Ердийн бусад хуулийг үндэслэж, мөн иргэн, хуулийн этгээдтэй харилцаанд орох тийм байдлаар гаргасан Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянадаг.

Хуульчдын зүгээс Засгийн газраас гаргасан бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах ёстой гэдэг байдлаар яриагүй, зөвхөн Засгийн газрын захиргааны шинжтэй, Үндсэн хууль болон улс төрийн шийдвэрт хамаарахгүй шийдвэрийг хянаад явах нь зүйтэй. Ингэж байж иргэний эрх ашиг хамгаалагдах хууль эрх зүйн орчин бүрдэх юм аа гэдгийг л ярьж байгаа.

-УИХ Захиргааны ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хувилбараар баталбал шүүгч нарт бас халгаатай юу?

-Шүүгч нарт халгаатай гэхээс илүү хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоохын төлөө явж байгаа тогтолцоогоо эвдэнэ гэсэн үг. 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүх хянана гэдэг зохицуулалт байсныг тухайн үед Үндсэн хуулийн Цэцээс хүчингүй болгосон. Дараа нь Засгийн газраас гаргасан бүх шийдвэртэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх хэлэлцэж ирсэн. Захиргааны ерөнхий хууль батлагдах хүртэл дээрх харилцаагаар зохицуулагдаж ирсэн. Харин одоо Захиргааны хэргийн шүүхээр Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг хэлэлцэхгүй гэхээр яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоотой холбоотой маргаанаас эхлүүлээд олон асуудлыг аль ч шүүх хэлэлцэх боломжгүй болж байгаа.

-Үндсэн хуулийн Цэцэд хандах боломж байхгүй юу?

-Үндсэн хуулийн Цэц Үндсэн хууль зөрчөөгүй, ердийн хууль зөрчсөн маргааныг хэлэлцэхгүй.

-Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан дээр шүүх дээр очоод унаад байгаа учраас УИХ-ын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, хамгаалалт босгохыг оролдож байна гэх хардлага бий. Ийм хувилбар байж болох уу?

-Энэ хуульд дээрх өөрчлөлт оруулснаар цаана нь ямар ашиг сонирхол үүсэх болж байгааг мэдэхгүй. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаанаар Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гаргасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг шийдвэр гаргасан. Тэрнээс хойш дээрх тогтоолыг хээргжүүлэх гэсэн Засгийн газрын шийдвэр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын хорооны шийдвэр хоёр гурван удаа шүүх дээр унасан. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Эцсийн шийдвэр хараахан гараагүй байна. Магадгүй тэр үйл ажиллагаагаа зөвтгөх, тэр үйл ажиллагаагаа Захиргааны хэргийн шүүхээр хянуулахгүй явуулах ашиг сонирхол байхыг үгүйсгэхгүй.

-Үндсэн хуулийн Цэцийн дарга Улсын Дээд шүүхийн даргад хандаж, Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэх нь зарчмын хувьд буруу, Цэцээр хэлэлцэх нь оновчтой байна гэсэн агуулгатай бичиг ирүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ тухай мэдээлэл та бүхэнд бий юу. Засгийн газар эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд эхлээд Цэцээр дамжуулж хандсан, дараа нь хуулиар дамжуулж, эрх мэдлээ зузаатгах оролдлого хийв үү гэх ойлголт төрүүлээд байна?

-Бид тэр мэдээллийг авсан. Гэхдээ Үндсэн хуулийн Цэцийн даргын ирүүлсэн бичиг нь Үндсэн хуулийн Цэцийн байр суурь уу гэдэг эргэлзээтэй. Яагаад гэвэл Үндсэн хуулийн Цэц гэдэг маань хэрэг маргааныг шийдвэрлээд тэрийгээ олон нийтэд танилцуулдаг. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн дарга тийм бичиг илгээснээр асуудал шийдэгдэхгүй.

Өнөөг хүртэл Засгийн газрын шийдвэр Үндсэн хуулийн Цэцэд яагаад очдоггүй вэ гэдэг нь Захиргааны ерөнхий хуульд гүйцэтгэх дээд байгууллага гэсэн ойлголт байдаггүй. Дээд гэсэн үг байхгүй учраас хэн нэгэн Үндсэн хуулийн Цэц дээр мэдээлэл гаргаж чадахгүй болчихоод байгаа. Яагаад гэвэл Цэцээр маргааныг хэлэлцэх эрх зүйн орчин байхгүй учраас. Тийм учраас хуульд өөрчлөлт оруулах замаар хийх гээд байна. Одоогийн Захиргааны ерөнхий хуульд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллага захиргааны байгууллагад хамаарна гэдэг зохицуулалт туссан. Зарим судлаач дээд гэдэг үг байхгүй байна гэсэн зүйл ярьдаг. Онолын үүднээс тайлбарлавал захиргааны байгууллагын үйл ажиллагаа тодорхой нутаг дэвсгэрээр хязгаарлагдаж байх юм бол тэр бол орон нутгийн захиргааны байгууллага.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаа тодорхой нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй улсын бүх нутаг дэвсгэрт хамааралтай байдлаар шийдвэр нь гарч байвал төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх төв байгууллага Засгийн газар, яамд, агентлагууд орно. Засгийн газрын агентлагууд бол төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх гүйцэтгэгч байгууллага. Яагаад гэвэл агентлагаас гарсан шийдвэр улсын нутаг дэвсгэрт хамааралтай байдлаар үйлчилдэг. Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газар гэхэд орон нутгийн захиргааны байгууллага. Ингэж тодорхой газар нутгаар үйл ажиллагаа нь хязгаарлагдах юм уу, захиргааны байгууллагын үйл ажиллагааны цар хүрээгээр хуульд оруулсан.  

Үндсэн хуульд байгаа төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг дээд байгууллага гэдэг нь шаталсан тогтолцоогоор нь нэг шинжээр нь тэгж оруулсан. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх эрх мэдэл гэдэг шаталсан тогтолцоогоор дээрээсээ доошоо нэгэн цогц болж үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн дээд байгууллага нь Засгийн газар. Тэр дээд гэдэг үг байхгүй учраас Захиргааны хэргийн шүүх Захиргааны ерөнхий хуулиа буруу хэрэглээд Засгийн газрыг хариуцагчаар татаад байна гэдэг нь үндэслэлтэй шийдвэр болж чадахгүй байгаа.

-Хуульчид Засгийн газарт уг төсөлтэй холбогдуулан шаардлага хүргүүлсэн. Хариу өгсөн болов уу?

-Захиргааны эрх зүйн хорооноос саналаа өгсөн. Одоогоор хариу өгөөгүй байна. 

Г.ДАРЬ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж