Модны үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр /2018.6.20/ зөвлөлдөж байна. “Хамтын ажиллагаа хөгжлийн тулгуур” сэдэвт зөвлөгөөний үеэр мэргэжилтнүүдээс зарим зүйлийг тодрууллаа.
Монголын 172 сая шоо метр ой хатсан
-Монгол Улсын ойн сангийн нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Ойн нөөцийн тооллогоор Монгол орон 1.2 тэрбум шоо метр ойтой. Үүнээс 172 сая нь хатсан байдаг. Мөн ойн нөөцийн 67 хувь нь 50-200 настай. Ойн модыг ашиглах ёстой ч зөв, зохистой ашиглах шаардлага тулгарч байгаа.
-Жилд хэчнээн хэмжээний мод бэлтгэх нормтой вэ?
-Жилд бэлтгэх модны дээд хэмжээ 1.1сая шоо метр. Үүнээс 750 мянган шоо метрийг нь ашиглаж байгаа. Үүнээс 2.7 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлдэг.
-Модны үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ. Энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Монгол Улс 1990 оны үед ой модоо огтолж, маш их хэмжээгээр экспортолж байсан. Энэ байдлыг таслан зогсоож, ой хамгаалах бодлого баримтлах болсон. Ойг ашиглаж, тордож байж л мод нөхөн сэргэж, ургадаг. Манай улс модоор байшин, тавилга, буйдан, хөгжмийн зэмсэг зэргийг хийж байна. Тиймээс мод ашиглалт, нөхөн сэргээлтийг тэнцвэржүүлэх шаардлагатай.
Зөвхөн унасан модыг ашиглахад 60 жилийн нөөц бий
-Модны үйлдвэрийг бодлогын хүрээнд хэрхэн хөгжүүлэх вэ?
-Германы ойн тооллогын төслийн хүрээнд Монголын ойг тоолсон. Тооллогоор Монголд зөвхөн унасан модыг ашиглахад 60 жилийн нөөц байгааг тогтоосон. Ойг зохистой ашигласнаар эдийн засгийн эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Зөвхөн унасан модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бидэнд 60 жилийн нөөц бий. Унасан модоор цавчис хийгээд, түүгээрээ ширээ, хаалга зэрэг модон эдлэл хийх боломжтой.
-Унасан болон ургаа модоор бүтээгдэхүүн хийхэд чанарын ялгаа бий юү?
-Чанарын хувьд ялгаатай. Хэт хуучирсан мод сийрэг байдаг. Нойтон модоор бүтээгдэхүүн хийхдээ эхлээд хатаадаг. Унасан мод, хэт хөгширсөн модоор шахмал хавтан үйлдвэрлэх боломжтой. Монголд шахмал хавтангийн томоохон үйлдвэр ашиглалтад орох гэж байгаа.
-Модны үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглэсэн “Үйлдвэржилт 21:100”хөтөлбөрийн хүрээнд ямар ажил хийх вэ?
-Хөтөлбөр энэ оны хоёрдугаар сард батлагдсан. “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр үндсэн таван зорилттой. Нэгдүгээрт, хууль, эрхзүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай. Модны үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт хаалттай байдаг. Тиймээс энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Хоёрдугаарт, мод буюу түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог боловсронгуй болгож, хяналтыг сайжруулж байна. Гуравт, ой бүхий аймагт модны томоохон үйлдвэр байгуулна. Үүнийг хэрэгжүүлэхэд 15 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Энэ мөнгийг аж ахуйн нэгж, хөнгөлөлттэй зээлээр босгож, орон нутагт үйлдвэр байгуулна. Дөрөвт, энэ чиглэлийн мэргэжлийн ажилтан бэлтгэхээр ажиллаж байна. Тавдугаарт, модны үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнийг олон улсад гаргах, зах зээлд нь хүргэх маркетингийн асуудлыг тусгасан байгаа.
-Модны үйлдвэр эрхлэгчид зах зээлийн хэрэгцээний хэдэн хувийг хангаж байна вэ?
-Мод, модон материал үйлдвэрлэгчид зах зээлийнхээ 45 хувийг хангаж байгаа. Үлдсэн хувийг гадаадаас оруулж ирж байна. Тиймээс энэ тоог нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрийн бодлого чиглэдэг. Ойрын хугацаанд модон бүтээгдэхүүний зах зээлийн 70 хувийг дотооддоо хангадаг болохоор ажиллаж байна.
ОХУ-д бүтээгдэхүүнээ гаргаАД ЭХЭЛСЭН
Модон материал, тавилгын салбарт 400 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэгэн төлөөлөл болгон “Бест буйдан” компанийн үүсгэн байгуулагч Ү.Батбаяраас даараах зүйлийг тодрууллаа.
-Модны үйлдвэр эрхлэхэд ихэвчлэн ямар асуудал тулгарч байна вэ?
-Манай салбарын хувьд маш чухал зөвлөгөөн өнөөдөр болж байна. Хүн төрөлхтний хэрэглээ өдөр бүр нэмэгдэж байгаа энэ үед ойн нөөцийг зохистой ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал. Тиймээс хоёр яам болон энэ салбарынхан нэгдэн салбарын хөгжилд саад болж буй зүйл, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаж байна. Модны салбарыг хөгжүүлснээр ажлын байр нэмэгдэж, олон хүний амьдрал дээшилнэ. Модны үйлдвэр эрхлэхэд хамгийн түрүүнд санхүүжилтийн асуудал тулгардаг. Төр засгийн хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай байна.
-Танай компани салбарынхаа зах зээлийн хэдэн хувийг хангаж байна вэ. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн экспортлох боломж байна уу?
-Дотоодын буйдангийн үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг манай компани хангадаг. Манайх буйдангаа ОХУ-д гаргаад эхэлсэн.Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлнэ. Энэ зорилгоо хэрэгжүүлэхээр манайд 230 хүн ажиллаж байгаа.
Р.Ренчиндулам