Төрийн ордны ард байрлах цэцэрлэгт хүрээлэн иргэдэд нээлттэй болсон байна. Долоо хоногийн өмнө ‘News’ агентлаг тус цэцэрлэгт хүрээлэнг сурвалжлах үед хаалга үүдийг нь бүдүүн гинжээр гинжлээд цоожилсон байсан юм. Харин өнөөдөр тэнд очиход баруун зүүн хоёр хаалга нь нээгдсэн. Иргэд дотор нь алхсан, амарсан, тухалсан байдалтай харагдав. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын чуулган дээр Ц.Мөнх-Оргил гишүүн УИХ-ын даргад хандан чуулган завсарлахаас өмнө Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгож өгөхийг хүссэн бөгөөд УИХ-ын дарга Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан үүрэг өгснөөр нээгдсэн байна. Гэхдээ жагсаал цуглааны үед хаалттай байх юм байна. Манай агентлагийн сурвалжлагын мөрөөр ийнхүү тус цэцэрлэгийг нээсэн нь сайшаалтай ч бас хийж хэрэгжүүлэх зүйлс нийлээд байгаа нь ажиглагдсан юм.
Явган хүн явах замыг нь стандарт хавтангаар сольж, зүлэг ногоог нь тэгшлэн хадаж, тохижилтын ажлыг хийх хэрэгтэй болсон нь хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Ингээд тус цэцэрлэгт хүрээлэнд сууж амарч байсан иргэдийн сэтгэгдлээс хуваалцсан юм.
Иргэн Б. Пүрэв:
-Манай гэр эндээс ойрхон замын ард байдаг юм. Урьд нь энэ цэцэрлэг хаалттай байхад орж чаддаггүй байсан. Настай хүмүүс зуны цагаар сууж байвал зүгээр байх. Одоо нээгдэж байгаад нь баяртай байна.
Өндөр настан Д. Должинсүрэн:
-Одоо нээлттэй болгосон болохоор энэ талбайг засаад сандал сүүдрэвч хийх хэрэгтэй. Төрийн түшээд нэг ч гэсэн ажил дээр ийм шуурхай хандсанд талархаж байна. Энэ талбайг бүрэн ашиглах хэрэгтэй.