Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд чихрийн шижин өвчин, түүнээс үүдэлтэй хүндрэлийг бууруулах зорилгоор орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, дэвшил бүхий эмчилгээг Монголд нэвтрүүллээ. Ингэснээр чихрийн шижин өвчний шалтгаант хөлний шархны хүндрэлийг эмчлэх эмчилгээнд томоохон дэвшил болж байгаа төдийгүй цаашлаад төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтарч чихрийн шинжин өвчний эмчилгээний цогц менежментийг нэвтрүүлэх боломж бүрдэж байна.
Чихрийн шижин өвчнөөр дэлхийн хэмжээнд нийт 400 гаруй сая хүн өвдсөн гэж үздэг. Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчний түвшин өсч байгаа бөгөөд бүртгэлтэй, эмчийн хяналтанд байдаг 30,000 орчим өвчтөн бий гэсэн судалгаа байдаг. Чихрийн шижин өвчний үед хөл, тулгуур эрхтэн орчимд шарх үүсэх нь түгээмэл тохиолддог бөгөөд чихрийн шижин өвчнөөр оношлогдсон өвчтөнүүдийн 10% орчим хувьд дээрх хүндрэл илэрч тэдний 90 хувь нь хөлөө тайруулж эрхтэн дутуу болдог байна. Чихрийн шижин нь эмчилгээ нь удаан хугацаанд өндөр зардлаар хийгддэг бөгөөд дундаж орлоготой иргэний орлогын 80 хувь нь дан ганц чихрийн шижингийн эмчилгээнд зарцуулагдаж байна гэсэн судалгаа гарсан байна. Харин Монгол Эм Импэкс Концерн дэлхийн 40 гаруй оронд хэрэглэгдэж буй Куба улсын Био Технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зохион бүтээсэн чихрийн шижин өвчний шалтгаант хөлний шархны эмчилгээний дэвшилтэт, өндөр үр дүн бүхий эмчилгээг Монголд нэвтрүүлж өнөөдөр эмч мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч санал солилцлоо. Ингэснээр чихрийн шижин өвчний эмчилгээний зардал буурч, үр дүн сайжран, өвчний хүндрэл, түүнээс шалтгаалах хөл тайрагдах эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулах чухал ач холбогдолтой юм.
Чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд байгаа чихрийн шижин өвчин нь цөөн хүн амтай Монгол улсын хэмжээнд харьцангуй өндөр хэмжээнд байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өвчтөний тоо өссөөр байна. Үүнд төр болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа чухал байгааг арга хэмжээнд оролцогчид дурдаад Монгол Эм Импэкс Концерн, чихрийн шижин, дотоод шүүрлийн эмч, мэс заслын эмч мэргэжилтнүүд анх удаа хамтран Куба улсад хэрэгжсэн чихрийн шижин өвчний цогц менежментийг Монгол нэвтрүүлэх эхний алхам эхлүүлж байгаагаа онцоллоо. Цаашдаа судалгаа явуулж чихрийн шижин өвчний оношилгоо, эмчилгээний нэгдсэн удирдамжийг баталж өвчтөн, эмч мэргэжилтэн, эмчилгээний уялдаа, үр дүнг сайжруулан ажиллах юм байна.