Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг Засгийн газраас дахин өргөн барихаар болжээ. Учир нь УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хуулийн төсөл олонхын дэмжлэг авч чадаагүй юм. Тиймээс ААНОАТ-ын тухай хуулийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, УИХ-ын гишүүдтэй ойлголцсон гэж Сангийн сайд онцолсон юм.
Тодруулбал, гишүүдийн зүгээс уг хуулийн төсөлд Оюутолгойд ээлтэй хэд хэдэн заалт орсон, АмЧамын захидлын нөлөөнд хэт автсан мөртлөө дотоодын ААН-үүдээ бодолцоогүй байна гэж шүүмжилсэн билээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах хариултыг өглөө.
-“Оюутолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Камерон МакРейн гарын үсэгтэй АмЧамаас захидал гишүүдэд ирсэн. Үүнтэй холбоотойгоор гишүүдээс нэлээд шүүмжлэл хуулийн төслийг хэлэлцэх явцад гарах шиг боллоо. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-АмЧамын захиаг бид сүүлд олж авсан. Түүнд туссан бүх саналыг хүлээж аваагүй. Татвараас зайлсхийх, татварын суурийг багасгах саналууд байна гэж бид үзсэн. Монгол Улс Европын холбооны татварын хар жагсаалтад орж байсан. Үндэстэн дамнасан том компаниуд харилцан хамаарал бүхий компаниуд хооронд шилжүүлэг хийх маягаар Монголд бага татвар төлж байна гэсэн. Үүнийг бид зөв зүйтэй гэж үзсэн. АмЧамын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдгээ хэлсэн. Боломжгүйгээ хэлээд байхад УИХ гишүүдээс дэмжлэг авах гэж захидал бичсэн юм байна. Энэ нь уг хуулийн төслийг унагах шалтгаан болсон байж магадгүй. “Нэгэнт улс орон даяар хэлэлцүүлэг өрнүүлсэн хэр нь хуулийн төсөл яагаад унав, хэлэлцүүлэг хийх ямар шаардлага байсан юм, УИХ гишүүдтэйгээ ойлголцоод явах байсан юм биш үү” гэсэн шүүмжлэл аж ахуйн нэгжүүдээс ирсэн. МҮХАҮТ-ийн удирдлагууд ч ирж уулзсан. Аж ахуйн нэгжийн хүлээж байсан хуулиуд зогсчихлоо, анхаарч өгөөч гэсэн учраас Засгийн газар дахин өргөн мэдүүлж байгаа юм.
-Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хумигдмал байна гэдгийг зарим гишүүн хэлж байсан. Энэ тухайд?
-Жижиг дунд бизнесийг хамгийн их дэмжиж байгаа хууль бол энэ. Үүнийг би анхнаас нь ч, хэлэлцүүлгийн явцад ч хэлж байсан.
Ш.ЧИМЭГ