Засгийн газрын өнөөдрийн /2018.06.20/ хуралдаанаар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ-д өргөн барьж яаралтай хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн дэмжсэн байна. Засгийн газраас төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ийнхүү өргөн барихаар болжээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 50 хувь, тэр дундаа 20 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гаргаж, хөрөнгө оруулалт татах зорилготой байгаа аж.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Тавантолгойг хөдөлгөх улс төрийн шийдэлд хүрсэн гэлээ. Яг ямар шийдэлд хүрэв, ямар хувилбараар эргэлтэд оруулахаар төлөвлөж байна вэ?
-УИХ-ын 2010 оны 39, 9 дүгээр тогтоолд Тавантолгой бүлэг ордыг эргэлтэд оруулахдаа “Эрдэнэс Тавантолгой” төслийн 50 хувь, тэр дундаа 10 хувь нь аж ахуй нэгж, 20 хувь нь иргэд, 20 хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох чиглэлтэй байгаа. Цаашид Тавантолгой нүүрсний ордыг богино хугацаанд их хэмжээгээр экспортлохын тулд дэд бүтцийн асуудлуудыг тусгасан. Тухайлбал, төмөр зам, авто зам, эрчим хүч, усан хангамж, уурхайн ТЭЗҮ-г шинэчлэх, баяжуулах үйлдвэр зэрэг ажлыг хийхээр төсөлд тусгасан. Ер нь цогц байдлаар энэ төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа.
-Сүүлийн хэдэн жил улстөржиж, гацсан энэ төслийг хаврын чуулганы 10 хүрэхгүй хоногийн хугацаанд хэлэлцэж амжих уу?
-Тавантолгой төслийг эргэлтэд оруулах асуудлыг үе үеийн Засгийн газар зохицуулалт, хувилбарууд гаргаж байсан. Өнгөрсөн хугацаанд улс төрийн шалтгаанаар төслүүд гацаж байсан. Ер нь дотоодын үл ойлголцлоос Тавантолгойн орд хүндрэлтэй байдалд орж ирсэн. Одоогийн байдлаар ‘Эрдэнэс Тавантолгой’ бүх өрөө дарсан, тодорхой хугацаанд ашигтай ажиллаж байгаа. УИХ-д яаралтай хэлэлцүүлэхээр өгсөн учраас ирэх долоо хоногт хэлэлцээд явах байх.
-Тэгэхээр Тавантолгой хөдлөх нь гэж ойлгож болох уу. ҮАБЗ, олонхын бүлгээр хэлэлцээд дэмжсэн үү?
-Ер нь шууд тэгж ойлгож болно. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Тавантолгойн төслийг эрчимжүүлэх, эргэлтэд оруулах нь зүйтэй гэдгийг дэмжиж, нэгдмэл байр суурьтай байгаа. Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа.
-Тавантолгой ордын нийт үнэлгээ хэр байх?
-2011 онд Тавантолгой бүлэг ордыг 5,7 тэрбум ам.доллараар үнэлж байсан. Нийт ордын нөөц 7,4 тонн. Засгийн газрын шийдвэр УИХ-аар орсны дараа хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран ажиллах, хөрөнгийн бирж, захуудаас санал авах, бидэнд ямар боломж олгох вэ гэх зэрэг санал яригдаж эхэлсэн. Эхний ээлжинд таван хөрөнгийн биржээс урьдчилсан саналуудаа ирүүлээд байгаа. Хэрэв УИХ шийдвэрээ гаргавал дараагийн шатны банк, хөрөнгийн биржүүдтэй уулзалтуудаа хийж, богино хугацаанд яриа, хэлэлцээрээ өргөжүүлээд явна. Ер нь АНУ, БНХАУ-ын худалдааны ойлгомжгүй байдал, үүсээд байгаа нөхцөл манай нүүрсний салбарт эерэг дүр зураг авчирна гэж харж байгаа. Бидэнд боломж нээж өгч байна. Цаашид нүүрсний зах зээл хоёр жилийн хугацаанд тогтвортой байна гэж харж байгаа учрас бид энэ цонх үеийг овсгоотой ашиглах ёстой.
-Тавантолгойны ордын үнэлгээ нэмэгдэх үү?
-Долоон жилийн өмнө хийсэн үнэлгээг бид дахин хийх ёстой. ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн тодорхой хувийг хөрөнгийн бирж дээр гаргахаас өмнө засаглал, менежментийг сайжруулах ёстой. Ордын үнэлгээг дахин шинэчилж, 7,4 тэрбум тоннын нөөц цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр бид геологи хайгуулын ажил дээр хөрөнгө босгож, нөөцөө өсгөх ёстой. Эдгээр нь ‘Эрдэнэс Тавантолгой’ ордын үнэлгээ нэмэгдүүлэх гол хүчин зүйл, олон улсын судлаач, шинжээчдийн зүгээс ч үнэлгээ өснө гэж харж, хэлж байна. Бид өөрсдөө дотоод ажлаа маш сайн зохион байгуулах шаардлагатай байгаа. Нийт ажлын 90 хувь нь биднээс шалтгаална.
-1072 хувьцааг эргэлтэд оруулах асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд бид 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна.
-ҮАБЗ Тавантолгой бүлэг ордыг дэмжиж байгаа гэдэг нь БНХАУ-ын талтай ойлголцсон гэсэн үг үү. Ялангуяа нүүрс тээвэрлэлтийн асуудлаар?
-Тавантолгой бүлэг ордын нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч байгаа. Нүүрсний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр Баяннуур аймагтай гэрээ байгуулж, нэвтрэх шугамыг зургаан шугамаар нээхээр ярилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар уртын тээврийг нээж, хил гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр 1000-1600 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжийг бүрдүүлж байна.
Ш.ЧИМЭГ