Х.Баянмөнх: Допингтой холбоотой эмч, ажилтнуудыг шалгах ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

НААДАМ-2018

Х.Баянмөнх: Допингтой холбоотой эмч, ажилтнуудыг шалгах ёстой гэв

Х.Баянмөнх: Допингтой холбоотой эмч, ажилтнуудыг шалгах ёстой гэв

Дархан аварга Х.Баянмөнх өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр ‘Улсын их баяр наадам дөхсөн үед допинг хэрэглэсэн гэх бөхчүүдийг барилдуулахгүй, мөн допингтой холбоотой асуудлаар АТГ-т хандаж, шалгуулах хүсэлтэй байгаа’-гаа мэдээллээ.

Х.Баянмөнх АТГ-т албан бичгээ өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дархан аварга хэлэхдээ ‘Сүүлийн үед бөхчүүдийн нэр төрийг допингтой холбон харлуулж байна. Наадам дөхөх тусам энэ асуудал маш хурцдаж байна. Тиймээс допинг авч байгаа эмч, ажилтнуудыг шалгуулахыг хүсэлтэй байна. Бидний үед С витаминаас өөр зүйл байдаггүй байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд хориотой бодис хэрэглэсэн гэх асуудал ихээр гарч байна. Мөн энэ хориотой эмийг оруулж ирж байгаа байгууллагуудыг ч шалгах ёстой. Наадмын төв комисс баяр наадмаа хийдгээрээ хийнэ гэсэн. Бөхийн салбар комиссын дарга Г.Баясгалан төрийн цагдааг ашиглан наадам хийх гэж байна. Наадмын үеэр ямар нэгэн үймээн гарвал хариуцлагыг Г.Баясгалан, Б.Бат-Эрдэнэ нар хариуцаарай. Яс үндсээр ялгаварлан гадуурхаж болохгүй. Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд шинжилгээ өгөхөд допинг гараагүй. Гэтэл наадмын дараа дахин шинжилгээ авсан нь хардлага төрүүлж байна. Хуучин бөхийн холбоо хуралдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулахгүй гээд байдаг. Үүнд үнэхээр их харамсаж байна. Тиймээс АТГ-т хандаж, шалгуулахыг хүссэн’ гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар болон Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хүрээнд 2017 онд наадмын дараа үндэсний бөхчүүдээс допингийн шинжилгээг авахад таван бөхөөс хориотой бодис илэрсэн талаар мэдээллийг өгсөн билээ. Тэгвэл тус төслийн хүрээнд 2018 оны эхээр есөн бөхөөс допингийн шинжилгээ авахад гурван бөхөөс хориотой бодис илэрчээ. Гэхдээ эдгээр бөхөд шинжилгээний хариуг өгсөн байна. Тухайн бөх “Б” сорьцоо шинжлүүлэх эрхтэй учир одоогоор олон нийтэд мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс Бөхийн холбооны дүрмийн дагуу допинг хэрэглэсэн бөхчүүдийг Улсын их баяр наадамд барилдуулахгүй байх шийдвэрийг холбооны Тэргүүлэгчдийн хурлаар гаргасан байна. 

“Допингийн эсрэг үндэсний хяналт-1” төслийн хүрээнд нийт 43 бөх допингийн шинжилгээнд хамрагдаад байна. Тодруулбал:

  • 2017.12.09-нд 16 бөх шинжилгээ авахад аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбарын нараас
  • 2017.12.17-нд 4 бөхөөс шинжилгээ авахад улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш нараас
  • 2017.12.29-нд 11 бөхөөс шинжилгээ авахад улсын заан Б.Пүрэвсайханы шинжилгээнээс хориотой бодис илэрснийг олон нийтэд мэдээлсэн.

Мөн 2018 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр гурван бөхөөс, хоёрдугаар сарын 15-нд зургаан бөхөөс шинжилгээ авахад тус бүр нэг бөх хориотой бодис хэрэглэсэн байжээ. Эдгээр бөхчүүд ‘Б’ сорьцоо шинжлүүлэх эрхтэй байгаа аж.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж