Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Гэвч тус заалтыг өөрчлөх хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад буй. Тодруулбал, шинэ хуулийн төсөлд 3.1.7 дугаар заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулахаар тусгасан билээ. Энэхүү өөрчлөлтөөр Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгажээ. Мөн хуулийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй байх асуудлыг хуульд оруулж өгсөн байна. Харин хуульчдын зүгээс хуулийн өөрчлөлт иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний эрсдэлтэй заалт боллоо гэж эсэргүүцэж байгаа юм. Хэрэв дээрх хоёр хуулийн заалт батлагдвал Засгийн газар, яамдын эрх хэмжээг нэмэгдүүлж харин иргэн, ААН, хуулийн этгээдийг Захиргааны ерөнхий хуулийн хамгаалалтгүй болох аж.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан тус хуулийн төслийг эсэргүүцэж “Монгол Улсад дарангуйлал тогтоох хуулийн төслийг оруулж ирсэн. Засгийн газар болон түүний харьяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна” гэдгийг өчигдөр хэвлэлийн бага хурлын үеэрээ онцолсон
Уг хуулийн төслийг өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэгдэхээр орж ирсэн хэдий ч С.Бямбацогт гишүүний саналаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр хойшлуулав. Төслийн талаар Ш.Раднаасэд гишүүн ‘Засгийн газар хуулиа эргэж харах хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлож болохгүй. Засах шаардлагатай” гэсэн тайлбар хийсэн юм. Ингэснээр гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийг хэлэлцүүлгийг түр хойшлуулав.