“Кымгансан нь Солонгосын хойгийн хамгийн сайхан нутаг. Энэ хойгийн талаар үлгэр домог, дуу бий. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч байсан Ким Дэ Чуны Хойд Солонгостой нэгдэх “Нарны элч” бодлогын хүрээнд хамгийн анх нэгэн төсөл хэрэгжүүлж, амралтын бүсэд хоёр Солонгосын хамтарсан компанийг 1998 онд байгуулсан юм. Шинжээчдийн тооцоогоор тэнд жил бүр Өмнөд Солонгосын хэдэн зуун мянган жуулчид тодруулбал БНСУ-ын насанд хүрсэн иргэдийн гуравны нэг нь очиж амардаг байжээ.
Солонгосчуудын “Арван хоёр мянган очир алмаазан оргил” гэх амралтын газар очих хүмүүсийн замын тасалбарын худалдааг 2008 оны эмгэнэлт явдлын дараа зогсоосон гэдэг. Өмнөд Солонгосын жуулчин эмэгтэй санаадгүй төөрснөөсөө болоод Хойд Солонгосын хаалттай бүсэд нэвтэрч, хилчдэд буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Тэр нь хоёр Солонгосыг нэгтгэх төлөвлөгөөтэй энэхүү том амбицтай төслийн төгсгөлийн эхлэл болсон юм. Кымгансаны амралтын бүсийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсны улмаас Хойд Солонгос хэдэн арван сая долларын хохирол амсч байна. Хамтарсан төсөлд Өмнөд Солонгосын өмнөөс оролцож байгаа “Hyundai Asan” компанийн тооцоогоор жуулчлалын ажиллагааг зогсоосны дараа 370 сая ам.долларын хохирол амссан гэх.
Хойд Солонгосын эрх баригчид амралтын бүсийн ирээдүйн тухай яриа хэлцэл явуулах саналаа нэг биш удаа илэрхийлж байсан ч Өмнөд Солонгосын зүгээс өөрийн харьяат жуулчин эмэгтэйг хөнөөсөн хэргийнхээ төлөө албан ёсны уучлалт гуйж, хамтарсан мөрдөн байцаалт явуулсны дараа л энэ талаар ямар нэгэн хэлэлцээр явуулна гэдгээ хэлсэн байна. Сөүлийн энэхүү шийдвэрийг БНАСАУ өдөөн хатгалга хэмээн үзэж байгаа бололтой.
Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг хураах болсон нь Сөүлд өгсөн Пхеньяны сануулга бөгөөд “хэрэв учир зүйгээ олж, тохиролцоонд хүрч чадахгүй бол бид өөрсдөө амралтын бүсийн үйл ажиллагааг дангаараа хариуцна” гэсэн Хойд Солонгосын сүрдүүлэг үзэх шинжээчид ч байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос анх удаагаа “Hyundai Asan” компанитай гэрээгээ цуцалж, өөрсдөө амралтын бүсээ хөгжүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Ирэх жил болох Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор уг амралтын бүсийг “саахаар” Хойд Солонгос яарч байна гэж шинжээчид үзэж буй. Өмнөд Солонгосын тал “Hyundai Asan” компанитай байгуулсан гэрээгээ яс барихыг шаардаж байгаа юм. Тэд Пхеньяны сүүлчийн алхамд харамсч байгаагаа илэрхийлээд Кымгансаны Өмнөд Солонгосын хөрөнгийг худалдах ажиллагаанд оролцсон компаниудын эсрэг олон улсын эрх зүйн арга хэмжээ авахыгаа сануулсан байна.
Даваа гаригийн дуулиан нь хоёр Солонгосыг эдийн засгийн төвшинд ойртуулах гэсэн Оросын хүчин чармайлтыг ийнхүү унагаж байна. Мягмар гаригт ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Улаан-Үдэд Хойд Солонгосын лидер Ким Чен Иртай уулзан Өмнөд Солонгос руу тавих байгалийн хийн хоолойг Хойд Солонгосоор дамжуулахын чухлыг хэлэлцэж байгаа юм. Гэтэл Пхеньянын сүүлчийн ааш араншингаар энэ төсөл бараг хэрэгжихгүйд хүрч болзошгүй байна.
"Ардын эрх" сонин