С.Саранцацралт: Өвс хүнд их сайн багш болдог

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

С.Саранцацралт: Өвс хүнд их сайн багш болдог

С.Саранцацралт: Өвс хүнд их сайн багш болдог

Төрийн соёрхолт С.Саранцацралттай ярилцлаа. Тэрбээр “Өвсний орчуулагч” үзэсгэлэнгээ өнөөдөр /2018.6.20/ тусгай зочдод зориулан нээх бол маргааш олон нийтэд зориулсан нээлтээ хийх гэж байна. Түүнийг Олон улсын намтар судлалын төвөөс “Дэлхийн оюунлаг хүн”-ээр тодорхойлсон байдаг. Дэлхийд үнэлэгдсэн оюунлаг хүн тэрбээр гайхалтай авьяастайн дээр өвөрмөц имиж, үс, нүүр будалтаараа бусдаас содон харагддаг. Өдгөө түүнийг 57 настай гэж хэн ч хэлэхгүй.


-“Өвсний орчуулагч”. Сонирхолтой нэр байна.  Өвс юу гэж ярьсныг та орчуулж өгөөч?

-Үзэсгэлэнд уран зургийн хамгийн сүүлийн үеийн хосолмол өнгө аястай бүтээлүүдээ дэлгэж байгаа. Зургуудад өрнийн уран зургийн хэв маягийг дорнын бясалгахуйн ухаанаар баяжуулж, нүүдэлч монголчуудын зан ааль, дүр төрхөөр цогцлоож бүтээсэн. Хүн бүрийн дотор нойрсож буй амьд Будда байдаг. Хүн өвснөөс ялгаагүй энгийн атлаа агуу, даруу хэрнээ үзэсгэлэнтэй. Энэ бүхнийг өвсний хүслээр, бийрний хэлээр үзүүлж байна. Үзэсгэлэнг сонирхох маш олон хүн байгаа болохоор хоёр өдөр нээлт хийж байгаа. Эхний өдөр тусгай урилгатай хүмүүст зориулсан нээлт болно. Маргааш олон нийтэд зориулсан нээлттэй. Та ирээд өвс надад юу гэж ярьсныг, би түүнийг нь бийрээр хэрхэн орчуулсныг нь үзээрэй.

-Өмнө нь та “Өвс” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан. Та яагаад өвстэй ‘найзлаад’ байдаг юм бэ. Ногоо байж байгаад хатаж гундсан өвстэй найзлах гунигтай биш үү?

-Сүүлийн үед өвстэй их найзалж байгаа. Өвснөөс мэдэрсэн зүйлээ бийрээр дамжуулан буулгасан юм. Гадна талаас нь харахад өвс бол хатаж гундсан ногоо. Тэр нь чухал биш. Өвсийг сайн ажиглавал хүнд их сайн багш болж чаддаг. Өвс надад байгаагаараа бай, жам ёсоороо бай гэдгийг хэлдэг. Бүх зүйл өөрийн цаг хугацаатай, энэ хугацаанд сүрлэг бадрангуй амьдар, нахиалж байгаа үедээ сайхан бүх зүйлээ бусдад харамгүй түгээ гэж заадаг.

-Таны үзэсгэлэн 40 гаруй оронд гарсан байдаг. Монгол болон гаднын оронд таны бүтээлийг хүлээн авч байгаа нь хэр ялгаатай байна вэ?

-Гаднын үзэгчид их сайн бэлтгэгдсэн байдаг. Монголд уран зургийн үзэгчид төдийлөн бэлтгэгдээгүй. Гэхдээ чамлах зүйлгүй. Намайг залуу байх үетэй харьцуулахад харьцангуй сайн хүлээн авдаг болсон.  

-Сүүлийн үед Монголд урлагийн үнэлэмж сайжирч зөвхөн зураг зураад амьдрах боломжтой болсон гэх юм. Үнэхээр тийм үү?

-Зургаар дагнан амьдрах нь хүн бүрд олдох хувь заяа биш. Миний хувьд бурхны заасан замаар явж байгаа.

-Насны онцлог бүтээлд тусгагдаж байна уу. Одоо ямар бүтээл туурвих төлөвлөгөөтэй байна вэ?

-Залуу байхдаа би хүний гадна төрхийг ихэвчлэн зурдаг байсан. Одоо дотоод талыг дүрсэлж байна. Хүний гадна талаас дотор тал илүү сонирхолтой байдаг юм билээ. Цаашид юу зурахаа төлөвлөөгүй байна. Би амьдралдаа нэг ч зүйлийг төлөвлөж байгаагүй. Салхи хааш чиглэнэ би тийш явдаг. Мэдрэмжээ дагаад явдаг хүн.

-Тэгэхээр зөвхөн мэдрэмжээрээ хөглөгддөг гэсэн үг үү?

-Өглөө босоход төрсөн мэдрэмжээрээ л байдаг. Юу хиймээр байсан түүнийгээ л хийдэг. Уран бүтээл бүрийг толгойдоо сайн боловсруулж байгаад буулгадаг болохоор заримдаа тэр бүтээлийнхээ талаар удаан бодож суудаг.

Би олон нохойтой л доо. Нохой их ухаантай. Бүх үйлдлээрээ надтай ярилцдаг. Өглөө сэрэхэд л намайг баярлуулна. Тэднийгээ эрхлүүлж байтал нэг мэдэхэд өдөр өнгөрсөн байдаг. Нохой хүнийг байгаагаар нь хайрлаж чаддаг. Харин хүн байгаагаар нь хайрлаж чаддаггүй. Өөрт нь сайн байвал сайн, муу байвал муу ханддаг.

-Гэр бүлийн чинь хүн таныг хэр сайн хайрлаж байна вэ?

-Бид 40 жил хамт амьдарлаа. Хайрлаагүй байсан бол орхиод л явах байсан байх. Тэгээгүй болохоор хайрлаад л байгаа юм байна гэж боддог.   

-Гэр бүл салалт их байна. Гэр бүл зохиогоод 40 жил хамт амьдраад байгаа хүний хувьд залууст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хориннэгдүгээр зууны хүмүүст хорьдугаар зууны хүний зөвлөгөө зохимжгүй. Миний үеийн хайр дурлал одоогийн залууст хоцрогдсон сонсогдоно. Яаралгүйгээр, нөхөр, эхнэр болох хүнээ олон жил судалж байгаад гэр бүл зохиох хэрэгтэй юм шиг санагддаг.  

-Өөр шигээ үзэсгэлэнтэй хоёр охинтой. Эмээ болоод зээ нараа эрхлүүлэх болоогүй юү?

-Эмээ болж амжаагүй л байна. Эмээ болбол зээ нараа эрхлүүлэх нь сайхан. Эмээ болохгүй бол өөрийгөө хөгжүүлэх нь сайхан юм даа. Би ямар ч зүйлийг айхтар хүсэж, шунаад байдаггүй.  

-Таны үеийнхний ихэнх нь эмээ болсон байх. Та 57 настай хэрнээ залуу харагддаг. Бүсгүйчүүд тань шиг харагдахыг хүсч л байгаа байх. Тэдэнд зөвлөгөө өгөхгүй юү?

-Хүмүүс залуу харагддаг нууцаасаа хэлээч гэж надаас 30-аад жилийн турш асуулаа. Би юу гэж хариулахаа мэддэггүй юм. Надад бусдаас нуугаад, гоё сайхан болоод байгаа зүйл байдаггүй.   

-Ярилцсанд баярлалаа. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж