ДАШТ: Япон, Сенегал, ОХУ-ын хожил

Хуучирсан мэдээ: 2018.06.20-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Япон, Сенегал, ОХУ-ын хожил

ДАШТ: Япон, Сенегал, ОХУ-ын хожил

ОХУ-д болж буй 21 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зургадугаар сарын 19-ний өдөр болсон гурван тоглолтын мэдээллийг товч хүргэе. Өчигдөр нийт гурван тоглолт болж, багууд бүгд эхний тоглолтоо хийлээ. 


ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ КОЛУМБИАС ХАРИУГАА АВЛАА

КОЛУМБИ-ЯПОН: 1-2

  • Гоол: Шинжи Кагава 6′, Хуан Куинтеро 39′, Юяа Осако 73′,

Шилдэг 32 баг өрсөлдөж байгаагаас өчигдөр сүүлийн хэсэг буюу H хэсгийн тоглолтууд боллоо. Япон, Колумбийн тоглолт Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон.

Азийн “хөх самурайнууд” энэ удаа өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, эхний гурван оноогоо авч хэсгээ тэргүүлж эхлэв.

Тоглолтыг эхлээд гурван минут өнгөрч байхад Колумбийн Карлос Санчес эсрэг багийн довтолгоог гараараа хааж зогсоосон тул дүрмийн дагуу улаан хуудас авч, талбайг чөлөөлсөн. Японы багаас Шинжи Кагава торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэж, 1:0-оор тэргүүлж эхэлсэн. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлээгүй бөгөөд Хуан Куинтеро гоол хийж, 1:1-ээр эхний үе өндөрлөсөн. Тоглолтын хоёр дахь үед япончууд илт сэргэж, Юяа Осако 73 дахь минутад хожлын гоолыг хийлээ.

Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон 20 дахь удаагийн ДАШТ-ий С хэсэгт багтахад Колумбийн шигшээ баг 4:1-ээр хожиж байсан юм. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Орост таарахад япончууд хариугаа авч чадлаа.

СЕНЕГАЛ ПОЛЬШИЙГ ХОЖЛОО

ПОЛЬШ – СЕНЕГАЛ: 1-2

Н хэсгийн сүүлийн тоглолт болох Польш, Сенегалын тоглолт өнгөрсөн шөнө болсон. Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Африкийн төлөөлөл Сенегал өрсөлдөгчөө 2:1-оор хожиж, маш чухал гурван оноог авч чадлаа. Энэ тоглолтын өмнө Япон Колумбийг хожсон нь нөхцөл байдлыг улам сонирхолтой болгож өгсөн. Тиймээс энэ тоглолтод хожсон баг цааш шалгарах боломжийг хадгалж үлдэх байлаа. Тиймээс аль аль нь хожихийн төлөө талбайд гарсан ч биеийн өндөр, хурд хүчээрээ бусад багуудаас ялгарч байгаа сенегалчууд гурван оноогоо авсан юм.

Европын төлөөлөл Польшийн шигшээ баг Сенегалын шигшээ багтай тоглож байгаагүй бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргаар анх удаагаа таарсан ч дийлдлээ.

2002 оны ДАШТ Япон, Өмнөд Солонгост болоход сенегалчууд хэсэгтээ Францыг хожиж, шуугиан тарьж байсан билээ. Улмаар энэ эрчээ алдалгүй хэсгийн хоёрдугаар байраар шалгарч шөвгийн наймд Шведийг хожиж байсан юм.

Энэ удаагийн Сенегалын шигшээ баг хүчтэй бүрэлдэхүүнтэй Орост ирсэн нь эхний тоглолтоос харагдаж байна.

Н ХЭСЭГ: 

  • Япон – 3 оноо
  • Сенегал – 3 оноо
  • Польш – 0 оноо
  • Колумби – 0 оноо


ОРОСУУДЫН ЯЛАЛТ ДАХИН ҮРГЭЛЖЛЭВ

ОРОС-ЕГИПЕТ 3:1

  • Гоол: Ахмед Фати (өөрийн хаалганд, 47), Денис Черышев (59), Артем Зюба (62), Мохамед Сала (73 п)

Дэлхийн аваргын хэсгийн хоёрдугаар шатны тоглолт Орос, Египетийн шигшээ багуудын тоглолтоор өнгөрсөн шөнө эхэллээ.

21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-ний өдөр Москва хотын Лужник цэнгэлдэхэд хүрээлэнд болоход ОХУ-ын Саудын Арабыг 5:0-оор хожиж, түүхэн ялалтыг авчирсан юм. Энэ тоглолтоос зургаан хоногийн дараа ОХУ, Египетийн тоглолт Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 

Өнгөрсөн шөнийн тоглолт мөн л оросуудын үнэмлэхүй ялалтын дор өндөрлөв.

Тоглолтын эхний 45 минутад гоол оролгүй өндөрлөсөн. Хоёрдугаар үе эхлээд оросуудын тоглолт эрс сэргэж, гурван гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, дахин ялалт байгууллаа. 

Египетийн хамгаалагч, багийн ахлагч Ахмед Фати Оросын Артем Зюбад ирсэн дамжуулалтыг холдуулах гэж үзээд өөрийнхөө хаалганд гоолдчихов. Санамсаргүй байдлаар гоол алдсан египетчүүд энэ байдлаас гарч амжаагүй байтал өмнөх тоглолтын баатар Денис Черышив тооны харьцааг холдуулж, ердөө гурван минутын дараа Артем Зюба гоолдов. Түүний хувьд энэ удаагийн ДАШТ-ий хоёр дахь гоол нь байсан юм.

Хүнд байдалд орсон египетчүүдийн хувьд гоол хийх нь чухал байсан. Оросын хамгаалагч М.Салаг довтлох үеэр 16 метрийн шугам дотор унагасан тул шүүгч 11 метрийн торгуулийн цохилтыг өгсөн. Английн премьер лигийн мэргэн бууч М.Сала цохилтыг амжилттай гүйцэтгэсэн. Түүний мөрний гэмтэл нь бүрэн эдгээгээгүй байгаа ч ДАШТ-д анхны тоглолтоо хийж, эхний гоолоо оруулав.

Ийнхүү “А” хэсгийг ОХУ хоёр хожилтойгоор итгэл төгс тэргүүлж эхэллээ. Хойд хөршийн хөлбөмбөгчид эсрэг багийн хаалганд нийт 8 гоол хийсэн оруулаад байна. Энэ хэсгийн Уругвай, Саудын Арабын тоглолт өнөө шөнө болно.

“А” хэсэг

  • ОХУ – 6 оноо /8 гоолтой/
  • Уругвай – 3 оноо
  • Египет – 0 оноо
  • Саудын Араб – 0 оноо

Өнгөрсөн шөнө болсон “Н” хэсгийн тоглолтоос Япон, Сенегал эхний хожлоо авлаа. Өчигдрөөс эхлэн багуудын хоёр дахь тоглолт эхэлж, “А” хэсгийн ОХУ, Египетийн тоглолт болсон. Тэмцээнийг зохион байгуулагч оросууд мөн л шуугиан тарьж итгэл төгс хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж