Албан бус бүлгүүдийн А, Б төлөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Албан бус бүлгүүдийн А, Б төлөвлөгөө

Албан бус бүлгүүдийн А, Б төлөвлөгөө

Одоогоос арван сарын өмнө Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах хөдөлгөөнийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй нэр бүхий гишүүд гаргаснаар МАН-ын 65 бүлэг 33, 32-ын бүлэг болж хуваагдсан. Гэхдээ одоо бол тооны харьцаа 32:32 болж адил тэнцүү болсон. Учир нь, 33-ын бүлгийн гэх гишүүн Д.Гантулга гишүүний бүрэн эрхээсээ өнгөрсөн долоо хоногт чөлөөлөгдсөн. 

МАН-ын бүлгийн уур амьсгал сүүлийн үед улам хурцдаж эцэстээ ил цагаандаа гарч эхлэв. Саяхан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ  “60 тэрбумын хэрэгт холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргын албан тушаалыг хаших ёс зүй байхгүй гэж бодож байна. Тиймээс түүнийг сайн дураараа УИХ-ын даргаасаа түдгэлзэж, 60 тэрбумын хэргээр прокурор, АТГ-ын нэгдсэн дүгнэлт гарсны дараа УИХ-ыг удирдах эрхтэй. Тэр хүртэл би УИХ-ын чуулганы хуралдаан суухгүй’ гэж мэдэгдсэн. Улс төрийн хүрээний нэг хэсэг нь түүнийг “Зоригтой байна, мундаг байна” гэж уухайлан дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ахыгаа дэмжихийг уриалж суусан цагийг нь Л.Оюун-Эрдэнэд сануулж буй. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэх үгийг түүнд зориулах хүмүүс байна. 

Эндээс харахад Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаасан бүлэг энэ удаад УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар шийджээ гэлтэй, үе, үе ордонд сэм, сэм уулзах болжээ. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ц.Гарамжав, Л.Оюун-Эрдэнэ нар Ж.Энхбаяр гишүүний өрөөнд нэг цаг хэртэй хуралдсан. Тэд дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж ярилцсан гэсэн сураг ч дуулдаж байна.

Мэдээж М.Энхболдын тал буюу 32-ын бүлэг спикерийг огцруулах акцыг чимээгүй хараад суухгүй нь лав. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын дэд сайдуудаар огцруулах, засгийг ганхуулах асуудал ч бас сэм боловсруулагдаад эхэлсэн гэх бор шувуу улс төрийн хүрээнээс олон нийтийн сүлжээгээр жиргээд эхэлжээ.

Түүнчлэн 33-ын бүлгийн зүгээс УИХ-ын гишүүн Д.Оюунхорол руу довтлохоор төлөвлөсөн, тэд түүнийг сайд байхдаа шонхор зарсан гэх асуудалд холбогдуулж, улс төрийн акц хийхээр бэлтгэж эхэлснийг ч эх сурвалж ам алдлаа. Шонхрын мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх гаргаж ирсэн нь цаанаа ийм зорилготой бололтой. Тодруулбал, “Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нууц тогтоолоор 750 шонхор шувууг зарсан. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ. Гааль, тагнуулын байгууллагын бүхий л мэдээлэл ирсэн. Экспортоор гарсан, ачигдсан байна” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр илчилсэн. Тухайн үед тус мэдээллийг Д.Оюунхорол гишүүн няцааж, попорсон хүний хэлсэн мэдээлэл гээд өнгөрсөн бий. Саяхан Д.Оюунхорол гишүүн эмэгтэй гишүүдийнхээ хамтаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг эсэргүүцэн хэдэнтээ мэдээлэл хийсэн нь  магадгүй 33-ын бүлгийн эгдүүцлийг хөдөлгөсөн  ч байх талтай.

Ямартай ч ирэх өдрүүдэд хоёр хуваагдсан бүлгийн дотоод тэмцэл улам хурцдаж, 64 хөнжилдөө хөлөө жийлцэж байна. МАН-ын албан бус бүлгүүдийн А, Б төлөвлөгөө нэг иймэрхүү маягтай дэглэгдэж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж