Хуульчдаас 70 гаруй хувь нь шалгалтад тэнцдэггүй

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хуульчдаас 70 гаруй хувь нь шалгалтад тэнцдэггүй

Хуульчдаас 70 гаруй хувь нь шалгалтад тэнцдэггүй

Монголын хуульчдын холбооноос санаачлан өнөөдөр /2018.06.19/ “Хуульчдын форум-2018” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

“Чанартай хууль зүйн боловсрол: магадлан итгэмжпэл ба үргэлжилсэн сургалт” сэдвийн хүрээнд өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр хууль эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг Монголын их, дээд сургуулиуд чанартай боловсролыг оюутнуудад эзэмшүүлж чадахгүй байна гэдэг асуудал хөндөгдлөө.

Улсын хэмжээнд өнөөдөр 95 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 17 нь төрийн өмчит бол үлдсэн нь хувийн хэвшлийнх. Ингэхдээ эрх зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль 15 юм байна. Гэвч эдгээрээс магадлан итгэмжлэлд орсон сургууль ердөө дөрөв аж. Тодруулбал, Шихихутуг, Их засаг, МУИС, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулиуд тус бүр магадлан итгэмжлэлд оржээ.

Жил бүр их, дээд сургуулийг 2000 залуус эрх зүйч мэргэжлээр төгсдөг ч мэргэжлийн шалгалтад тэнцдэг нь цөөн аж.  Тухайлбал, 2017 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад 1083 эрх зүйч бүртгүүлж, 998 нь шалгалтад ороход 229 нь тэнцжээ. 

Амжилтаар нь эрэмбэлбэл:

  1. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгсөгчид 37,5 хувь

  2. Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөгчид 21.4 хувь

  3. Шихихутуг хууль зүйн сургуулийг төгсөгчид 10.5 хуюь

  4. Хууль сахиулах их сургуулийн төгсөгчид 6.5 хувь

  5. Отгонтэнгэр их сургуулийн хууль зүйн сургуулийг төгсөгчид 3 хувь

  6. Бусад хууль зүйн сургууль төгсөгчид 21.4 хувь шалгалтад тэнцжээ.

Өөрөөр хэлбэл, дээрх шалгалтад 700 гаруй нь унасан байгаа юм. 

Сургалтын чанартай холбоотой асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор , хууль зүйн доктор О.Мөнхсайхан байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр ‘Монгол улсад хууль зүйн дээд боловсрол үүсэж хөгжөөлд 58 жил болж байгаа. 1990 он хүртэл суурь тавигдсан. 15 их, дээд сургуулиар жилд 2000 орчим эрх зүйч төгсдөг. Боловсон хүчний чанарын тухайд хуульчийн шалгалт өгч байгаа хүмүүсийн 10-20 хувь нь тэнцдэг.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 2013 онд хуульчид болон төгсөгчдөөс авсан судалгаагаар шинэ залуу хуульчдын 62 хувь нь дунд буюу доогуур ур чадвар эзэмшсэн гэсэн дүн гарсан. Ажил дээр гарахаар шаардлага хангадаггүй гэдгээ залуу хуульчид хэлдэг.

Хуулийг хэрэглэх, анализ хийх, бичих, маргааныг хянан шийдвэрлэх процесст оролцох, арбитрт оролцох, хүний эрхийн хандлага, ёс зүй гэсэн орчин үеийн хуульчдад тавигддаг шаардлагыг олгож чаддаггүй гэдэг нь харагдаад байгаа.

Энэ нь одоогийн манай эрх зүйч бэлтгэдэг тогтолцоотой холбоотой. Ерөнхий эрх зүйн мэдлэгтэй хүмүүсээ хуульч болох хүмүүстэй хамт бэлтгэдэг. Ур чадвар олгох хичээл ордоггүй.

Олон улсын хандлага бол эрх зүйч болон хуульчаа тусад нь шалгаруулж, бэлтгэдэг. Япон, БНСУ эрх зүйчээ бэлтгэчихээд тэндээсээ хуульчаа тусгайлдаг. Герман улс хуульч болох хүмүүсээ хоёрдугаар курсээс нь шигшиж бэлтгэдэг’ гэлээ.

Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр Хуульчдын холбооноос зохион байгуулдаг сургалт нь хэрэгцээ шаардлага хангадаггүй, сургагч багш нарын ур чадвар муу’ гэх асуудал хөндсөн юм. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж