-Хариуцлагагүй бүхэн харамсал дагуулдаг-
Тэд тоглохыг хүссэн. Хөл бөмбөг өшиглөж, усанд сэлж, бас дугуй унаж, найзуудтай хөөцөлдөж тоглохыг хүссэн. Гэвч тэд дахиж хэзээ ч тоглохгүй, ээж аавдаа эрхлэхгүй. Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй нийгэм. Томчууд бидний хариуцлагагүй, сэтгэлгүй, анхаарал болгоомжгүй байдлаас болж хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор. Хэрэв томчууд ажилдаа хариуцлагатай хандсан бол, под станцыг түгжсэн бол, хаалганы төмрийг нь сайтар бэхэлчихсэн бол, нүх ухаад орхиогүй бол тэд өнөөдөр ээж, аавдаа эрхэлж, үе тэнгийнхэнтэйгээ хамт тоглоод гүйж байх байлаа. Аз жаргалтай Улаанбаатарын тоглох эрхгүй хүүхдүүд. Өдөр алгасалгүй шахам хүүхэд бэртэж гэмтсэн, амь насаа алдсан тухай аймшигт мэдээ хэвлэлээр гарсаар. Бид үүнд яагаад дасчихаа вэ?
Пүүжээгийн эх орон
Өнгөрөгч долоо хоногт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Агаарын хөлөг”-т суусан 11-14 насны дөрвөн хүүхэд бэртэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахад хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан. Гэвч эцсийн дүндээ хүүхдийн амь нас гэхээс илүүтэй ‘Агаарын хөлөг’ тоглоомыг акталснаар энэ асуудал ингэсхийгээд өнгөрч байх шиг.
Уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тус паркад шалгалт хийхэд дээрх тоглоомонд зэврэлт үүссэн гэх дүгнэлт гаргасан байсан юм билээ. Гэтэл үйл ажиллагаа эрхлэгчид нь арга хэмжээ аваагүй. Нэг нь шалгасан болж, нөгөө нь шалгуулсан болсон энэ дүр эсгэлтийн эцсийн хохирогч нь хүүхэд болжээ.
Бас нэгэн харамсалтай хэрэг: Өнгөрсөн Баасан гарагт Баянзүрх дүүргийн 21-р хороо Дарь-Эхийн шинэ эцэст хичээлээ тараад тоглохоор гарсан 11 настай хүү тогтоол усанд эндэж амиа алджээ. Найзтайгаа тоглохоор гарсан хүүгээ тогтоол усанд үйчихнэ чинээ ээж, аав нь санаагүй биз. Осол гарсан газрын ойролцоо Хайлаастын уулзвараас Дарь-Эхийн зам хүртэлх гүүрний бүтээн байгуулалтын ажил явагдаж, голын гольдрилыг өөрчлөх зорилгоор шороогоор далан босгосон нь гүн цүнхэл үүсгэснээс хүү амиа алдаж. Хөршүүдийн ярианаас хэрэвзээ тэр газарт аюул ослоос сэргийлэх хашлага хаалт, тэмдэглээ тавьсан бол балчир хүүгийн амь нас үрэгдэхгүй байв. Хамгийн харамсалтай нь, хүүгийн араас аав, ээжээс нь өөр хэн ч харамссангүй. Үүнд мөн л томчууд буруутай. Гүүр барихтай зэрэгцээд аюулгүй байдлыг хангасан бол, ажилдаа хариуцлагатай хандсан бол хүү амьд, амьдарч байх байлаа.
Сэтгэл өвтгөсөн мэдээ: Тэр ердөө л хөлбөмбөг тоглохоор эмээгээсээ зөвшөөрөл аваад найзуудтайгаа сургуулийнхаа талбайд очжээ. 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож явсан 11 настай ач нь төмөрт даруулан амиа алдана чинээ эмээ нь зүүдлээ ч үгүй биз. Ногоон зүлэгтэй талбайн нэг талынх нь хөндлөвч төмрийг хүмүүс хулгайлаад аваад явчихсан тул осол гарч. Гэвч, газартай нь цементлээд бөхөлчихсөн бол хүү эрүүл энх, ирэх намар зургадугаар ангид орох байлаа. Харамсалтай нь, хүүгийн амь насыг хариуцах эзэн олдсонгүй, ар гэрийнхэн нь гашуудал тээсээр хоцорч байна.
Хэдэн жилийн өмнө хичээлдээ явахаар ээжтэйгээ хөтлөлцөж гарсан охины дээрээс кран унаад амь насыг нь авч одсон. Тэр охиныг Есүгэн гэдэг байсан юм. Түүнээс хойш зургаан жил өнгөрсөн ч миний, таны, бидний хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, тоглох баталгаа байхгүй хэвээрээ л байна.
Арван жилийн өмнө Ерөнхийлөгч ‘Пүүжээтэй адил хүүхдүүд хөдөө зөндөө бий. Тэдний хүслийг ч бас энэ дампуу нийгэм няцалсаар байгаа. Тэр бяцхан иргэдийн хэд нь Пүүжээ шиг арван хоёрхон насандаа үл биелэх гэгээн мөрөөдлөө тээн эргэж ирэлгүйгээр одсон бол, одох бол… Олонхи монгол хүүхдүүд яагаад мөрөөдөлдөө хүрч чадахгүй байгаа юм бол оо’ хэмээн бичиж байжээ.
Харамсалтай нь, Пүүжээ шиг олон хүүхэд энэ дампуу нийгмийн золиос болсоор. Пүүжээгийн эх оронд амьд явах баталгаа байхгүй байсаар л.
Хэрэв хэн нэгэн хүн ажлаа чин сэтгэлээсээ хийсэн бол, хэрэв хэн нэгэн дарга ажлаа хариуцлагатай хийхийг шаардсан бол, хэрэв хэн нэгэн компани ажилдаа хариуцлагатай хандсан бол, хэрэв нийгэм бүхэлдээ үүрэг хариуцлагаа ухамсарладаг байсан бол хэрэв, хэрэв, хэрэв? Ийм олон хэрэвт хэн хариулт өгөх вэ? Хариуцлагагүй бүхэн харамсал дагуулдаг. Тоглохоор гарсан тэд гэртээ эргэж ирээгүй….!!
Э.Ариун