Даяар дуурсагдах, Далай даян, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Баяр наадмын манлай, Улс даяар гайхамшигт, Дайчин дархан аварга, Даян аварга, Хүчит арслан, заан, харцага, начингууд маань өнөөдөр даяар дуурсагдаж, олныг баясуулж байх шиг байна. Гэхдээ муу, муухайгаараа, хэрүүл талцлаараа ард түмнээ ‘баясган, цэнгүүлж’ байна.
Монгол түмэн одоо ч бөхдөө хайртай. Гэвч, монгол бөх бол А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нарын өмч лав биш. Харин харьшгүй хүчит, цог золбоот, эрийн хийморь гэгдсэн монгол бөхийн цол гуншин бол монгол бөхөд, хоёр хуваагдаад хэрэлдэж буй холбооны бөхчүүдэд гоёдож бас хүнддэж. Чухамдаа монголчуудын хайр, хүндлэлийг монгол бөхчүүд дааж чадсангүй.
Бөхийн өргөөг тойрсон бөхчүүдийн хэрүүл эцэс сүүлдээ Төрийн ордонд өрнөж, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ хоёрын эртний хувийн өс хонзонгийн асуудал болж хувирчээ. Хэрэвзээ улс төрийн карьер хөөж, Төрийн ордонд орсон юм бол тэд Монгол бөхийн ногоон дэвжээнээс зайгаа тавьж өгсөн нь яг өнөөдрийн хувьд хамгийн зөв сонголт болно.
Гүндүүгүй, хээгүй, монгол эрчүүдийн олон зууны турш имиж нь болж ирсэн монгол бөхийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй болсныг ч энэхүү үйл явдал харуулж буй. Гэвч харамсалтай нь, тэдний хэрүүл шинэчлэлийн төлөө биш, хэн Бөхийн өргөөнд эзэн суух тухайд юм. Бөхчүүд хуншгүй, шуналтай, хариуцлагагүй, хэрүүлч болсон нь нэг талдаа монголчууд бидний, үзэгч олны ч буруу бий.
Бид тэднийг хэт их эрхлүүлж, бид тэднийг хэт их дэмжиж, магтаж ирсний үр дагавар энэ. Сумын эмнэлэг нь түргэний машингүй байхад хөлстэй бөхдөө жийп өгдөг бидний солиорол эцэстээ монгол бөхийг ийм эмгэнэлтэй, ичгүүртэй байдалд хүргэсэн.
Өнчин өрөөсөн хүүхдүүдэд гар сунгаж, хандив буяны ажил хийдэг монгол бөхийн талаар сонссон уу. Харин ч бөхчүүд согтуурч, хөлчүүрлээ, гар зөрүүллээ, зодолдлоо, Бөхийн өргөөг эвдлээ, булаацалдлаа гэсэн муу муухай мэдээлэл илүү дуулддаг болоод удаж байна. Аварга, заан, арслан гэх нэр нь хүндэдсэн бөхчүүд ард түмнээсээ айж, ичиж байгаа янз ч алга.
Монгол түмний хүсэн хүлээдэг эрийн гурван наадам хаяанд иржээ. Яг өдийд хэний хүү хүчтэй байгааг, хэний хүү түрүү магнай болох тухай яриа ид хөвөрдөг. Харин энэ жил бөхчүүд хоёр хуваагдаж, ээждээ эрхэлсэн хүүхдүүд шиг буруу харцгаагаад сууж байна. Ингэхэд наадмыг гутаасан найраа, хов, хороор дүүрсэн барилдааныг үзэхгүй байж болно шүү дээ. Үндсэндээ Монгол бөхийг бөхчүүдээс хамгаалахын тулд бөхчүүдийг бойкотольё. Найраагүй, бөхгүй наадъя.
Үндэсний бөхийн холбооны маргаантай холбоотойгоор иргэдийн байр суурийг авснаа хүргэж байна.
ГАДААДЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛНООР ИРДЭГ БОЛЖЭЭ
Р.БАТДОРЖ (Өвөрхангай аймгийн уугуул, Баянгол дүүргийн иргэн)
- Х.Баянмөнх аварга холбооны асуудлыг зохицуулна гэдгийг их сонссон. Үндэсний их баяр наадам дөхчихлөө. Аваргууд дэмий л маргаан хийж байна. Баяр наадам тулсан ийм үед маргаантай байгаа бөхчүүдийн асуудал хэцүүхэн харагдаж байна. Бэлтгэлээс эхлээд бөхчүүдийн сэтгэл зүйд маш их нөлөөлнө шүү дээ. Манай аав спортын хүн болоод ч тэрүү үндэсний бөхийг их сонирхоно. Жил бүр наадмын бөхчүүдийн талаар ярьж, бас дэмжих бөхөө дэмжээд явна. Улс орны том сурталчилгаа болсон бөхчүүд маань хоорондоо маргалдаад байгаа нь буруу.
ҮНДЭСНИЙ БӨХ УРЛАГТАЙ ИХ НӨЛӨӨЛТЭЙ
Т.ДОРЖДАГВА
- Монголчууд бөхийн холбооны асуудалд бүгд эмзэглэж байна. Монголын ард түмний хандив, засаг төрийн дэмжлэгтэйгээр барьсан Бөхийн өргөө нь хаалттай болчихлоо. Бөхчүүд хоорондоо эв түнжин муу байгаа нь үндэсний соёлд улс төр, ёс суртахууны янз бүрийн зүйл нөлөөлсөөр байгаад ийм байдалд хүрчихлээ. Энэ бол маш харамсалтай. Монгол бөхөө хүн дээдэлдэг болохоос монголчуудыг хоорондоо муудахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Монголчуудыг монголчууд гэж илэрхийлэх биет бус соёлын өвийн олон илрэлүүд байдаг. Үүний хамгийн хүчтэйд нь үндэсний бөх орно. Үндэсний бөх мөн урлагийн чухал нөлөөлтэй байдаг. Бөхийн дэвээ, шаваа нь бүжиг шиг, хувцас нь урам хатгамалыг харуулсан, цол дуудаж байгаа нь хөгжмийн онол гээд урлагийн бүхий л төрөлтэй холбогдож байна. Би бусдын адил энэ маргаанд сэтгэл дундуур байна. Гэтэл хоорондоо эв түнжин муутай бөхчүүд барилдана гэхээр сэтгэл их хөндүүрлэж байх юм. Аваргууд ийм мэтийн зүйлд оролцохгүй байх хэрэгтэй байгаа юм.
БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААН ХУРДАН ЦЭГЦРЭЭСЭЙ
Б.ОЧИРБАТ (Хөвсгөл аймгийн харьяат)
- Бөхийн барилдааныг үзээгүй удсан байна. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө Үндэсний их баяр наадмын барилдааныг Төв цэнгэлдэхэд үзэж байсан. Сүүлийн жилүүдэд гараад байгаа бөхийн холбооны маргааныг сонсоод л явна.Гэхдээ үнэндээ тэр бүгдэд анхаарал хандуулсангүй. Бөхийн холбооны маргаан удаан цэгцэрч, ямар нэгэн будлиангүй наадмаа хийгээсэй гэж бодож байна. Олон бөх барилдаж, наадамчин олноо баясгаасай гэж олон түмэн хүлээж байгаа шүү дээ.
Гэрэл зургийг Б.ЭНХБАТ