Дараагийн форумыг 2020 онд Сөүл хотод хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачилгаар хоёр жил тутамд зохион байгуулдаг Зүүн хойд Азийн хотын дарга нарын ээлжит форум хоёр өдөр чуулж, зохион байгуулалтын хуралдаанаа өнөөдөр “АСЕМ вилла” цогцолборт хийлээ.
Гурав дахь удаагаа болж буй энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгаас Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон зэрэг зургаан орны 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцож “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийг хөндөн ярилцсан юм. Форумаар байгаль, экологийн байдал, агаар, хөрс, орчны бохирдлыг арилгах, ногоон хот байгуулах зэрэг олон чухал сэдвийг хөндсөнөөрөө онцлог байлаа.
Өнөөдрийн хуралдаанаар Зүүн хойд Азийн хотуудын дарга нар форумыг санаачлагч хот болох Улаанбаатарт чуулж байгааг тохиолдуулан уг үйл ажиллагааг байнгын ажиллагаатай институц болгохыг дэмжлээ. Мөн хэлэлцэх сэдвийн хүрээг тэлэх, дараа дараагийн форумыг зохион байгуулах хүсэлтэй хотууд саналаа өгч, тэдгээрийн дунд өрсөлдөөн зарлан нууц санал хураалтаар чуулган явуулах эрх олгох механизм бүрдүүлэхээр болов.
Энэ дагуу 2020 онд болох Зүүн хойд Азийн хотын дарга нарын дөрөвдүгээр форумыг хийх эрхийн төлөө БНСУ-ын нийслэл Сөүл хот, БНХАУ-ын Чанчун хотын төлөөлөл нууц санал хураалтаар өрсөлдөн Сөүл хот дараагийн чуулганыг хийх эрх авч, Сөүл хотын захиргааны асуудал хариуцсан дэд дарга Юн Жун Бён өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос форумын эко тугийг хүлээн авлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Улаанбаатар хот Зүүн хойд Азийн форумыг санаачлагчийн хувьд нарийн бичгийн дарга нарын газар байгуулан форумыг байнгын үйл ажиллагаатай болгох, форумыг хоёр жил тутам зохион байгуулах, ингэхдээ дөрвөн жилд нэг удаа өөрийн хот буюу Улаанбаатар хотод хийж байх саналаа хотуудын дарга нарт уламжилсан бөгөөд хоёр дахь өдрийн хуралдаанаар ийнхүү уг саналыг баталж, шууд ажил хэрэг болгох эхлэлийг тавьсан юм.
Форумын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум өндөрлөсний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, дараагийн форумыг зохион байгуулах эрх авсан Сөүл хотын дэд дарга Юн Жун Бён нар сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд форумын үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын гурав дахь удаагийн форум Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн форумд 6 улсын 18 хотын дарга, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч оролцсоноос бүс нутгийн улс орнуудын нийслэл болох Сөүл, Бээжин, Москва, Пхеньян, Токио, Улаанбаатар хотын төлөөлөгчид оролцсон нь онцлог боллоо.
Энэ удаа нүүрстөрөгч багатай ногоон хотыг бий болгох чиглэлээр хотуудын баримт бичгийн бодлого, тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, нүүрстөрөгч багатай технологийн шийдэл зэрэг асуудлаар үндсэн илтгэл хэлэлцүүллээ. Энэ чиглэлээр хотуудын дарга нар, холбогдох албан тушаалтнууд, мэргэжлийн хүмүүс,шийдвэр гаргагчид арга туршлагаа хуваалцлаа.
Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг 2014 онд анх зохион байгуулсан. Түүнээс хойш 3 дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Энэ чуулганы онцлог бол форумыг байнгын үйл ажиллагаатай болголоо. Хотуудын нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатарт байгуулж, байнгын үйл ажиллагаатай болгосноороо ач холбогдолтой боллоо.
Үүгээр хотуудын ногоон хөгжил, ногоон өсөлт, нүүрстөрөгч багатай хотын хөгжлийн чиглэл, байгаль орчны чиглэлээр хотуудын хийж байгаа ажил, үр дүнгийн талаар байнга хоорондоо мэдээлэл солилцож байхаар болж байна.
Бас нэг онцлог нь Улаанбаатар хот санаачлагч учраас 4 жил тутамд зайлшгүй нэг удаа Улаанбаатарт хотод уг форумыг зохион байгуулж байхаар тогтлоо. Үүний дундуур 2 жил тутамд бусад хотуудад зохион байгуулна. Ингэхдээ зохион байгуулах хотыг нууц санал хураалтаар шийдэж байхаар тогтсон.
Эхний удаа 2020 оны форумыг хаана зохион байгуулах асуудлыг нууц санал хураалтаар дөнгөж сая шийдвэрлэлээ. БНСУ-ын Сөүл, БНХАУ-ын Чанчун хотууд өрсөлдөж нууц санал хураалтаар Сөүл хот дөрөв дэх форумыг зохион байгуулахаар болж шилжин явах эко тугийг гардан авлаа.
Хотуудын дарга нарын форумд хотуудын дарга нараас гадна олон улсын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөл оролцсон. Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа ногоон төслүүд, эрчим хүчний хэмнэлт, агаарын бохирдлыг бууруулах талаар хийж буй төслүүдийн танилцуулгуудыг хийлээ. Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг байгууллагууд төслөө танилцуулсан.
Хотуудын туршлага, ялангуяа агаарын бохирдол ихтэй байгаад асуудлаа амжилттай шийдсэн Бээжин хот болон цаг уурын хувьд ойролцоо Москва хотууд арга туршлагаа хуваалцсан нь их сонирхолтой байлаа.
Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй дэлхийн цаг агаарын дулаарал, цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудлын талаар бид өргөн хүрээтэй ярилцсан. Хамгийн чухал нь, агаарын бохирдлын асуудлыг шийдэхийн тулд гадна дотнын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, олон улсын хэмжээнд ногоон төслийн санхүүжилт ямар байдаг, санхүүжилт олж авахын тулд хотууд ямар идэвх санаачилга гаргах ёстой тухай ярилцлаа.
Энэ форумыг амжилттай зохион байгуулахад тусалсан байгууллагууд, Азийн санд талархал илэрхийлье” гэлээ.
Үүний дараа Зүүн хойд Азийн дарга нарын форумыг 2020 онд зохион байгуулахаар болсон Сөүл хотын дэд дарга Юн Жун Бён сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ “Улаанбаатар хотын санаачилж байгуулсан энэ форум анхны санаачилгынхаа дагуу бүс нутгийн хотуудад тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэх чиглэлээр хэлэлцлээ. Хотууд том жижиг гэлгүй бие биеэ дэмжиж хамтран ажиллаж чадвал асуудлаа бүрэн шийдвэрлэж чадах боломж байгааг бид олж харж байна.
Сөүл хот 2020 онд дөрөв дэх удаагийн форумыг зохион байгуулах эрхийг авлаа. Бид зөвхөн агаарын бохирдол, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр биш, Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр ярилцах, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх чиглэлээр ажиллах болно.
Агаарын бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар туршлага, инноваци нэвтрүүлж байгааг мэдэх, арга туршлага судлах, хэрэгжүүлэх боломж бий болж байна” гэсэн юм.
Сөүл хотын дэд дарга Юн Жун Бён: Монголоос үүдэлтэй шар шороон түйрэнг дарахад хамтран ажиллах нь зүйтэй
Монголоос үүдэлтэй шар шороон түйрэн Зүүн хойд Азийн орнуудад бэрхшээл учруулдаг талаар форумд оролцогчид дурдаж байсан юм. Форумын үр дүн болон шар шороон түйрэнгээс сэргийлэх, түүнийг дарах чиглэлээр ямар ажил хийж болох талаар Сөүл хотын дэд дарга Юн Жун Бёноос тодрууллаа.
-Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Форумын үр дүнг маш өндрөөр үнэлж байна. Манай хот 2020 онд энэ форумыг хотдоо хийхээр боллоо. Ирэх жилийн тавдугаар сараас Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй байх нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн том шийдвэр гэж ойлгож байна. Зүүн хойд Азийн хотууд агаарын бохирдлоо бууруулах, тал дээр маш их зүтгэл гаргаж хоорондоо туршлагаа солилцож байна. Ногоон шийдлүүдийг гаргаж байгаа. Энэ бүхнээс надад их өндөр сэтгэгдэл төрсөн.
-БНСУ-ын Сөүл хот агаарын бохирдлоо хэрхэн бууруулсан бэ?
-1960-аад оны дунд үе, сүүлээр Сөүл хот адилхан л асуудалтай байсан. Түүхий нүүрс түлдэг байсан. Хатуу түлш хэрэглэдэг байсан. Сөүл хот 1970-аад оны эхнээс байгалийн хийгээр асуудлаа шийдсэн. Хэдий их зардал гарсан ч богино хугацаанд агаарын бохирдлын асуудлаас ангижирч чадсан. Хотын агаарын чанар маш чухал байдаг. Зөвхөн нүүрснээс шалтгаалах бус, тээврийн хэрэгслийн дотоод шаталтат хөдөлгүүр, бага оврын уурын зуух, барилгын талбайд ажилладаг хүнд машин механизм зэргээс агаарын бохирдол үүсдэг. Хүн бүр агаараар амьсгалдаг учир хүн бүрийн эрүүл мэндэд хамааралтай. Тиймээс аль ч хотын нэн тэргүүний асуудал бол агаарын чанарын үзүүлэлт гэж хэлж болно. Агаарын чанарыг сайжруулахын төлөө нэг талын бус, олон талын цогц шийдлийг гаргахын тулд Сөүл хот одоо ч өдөр бүр ажиллаж байна.
-Та өчигдөр хэлж байсан. Монгол Улсаас, мөн БНХАУ-ын хойд бүсээс үүдэлтэй нарийн ширхэгтэй шар шороон түйрэн Азийн орнуудад багагүй бэрхшээл учруулдаг. Тэр дундаа Сөүл хотод багадаа 30 хувь, ихдээ 70 хувь нь очдог гэж байсан. Тэндээс ямар хор хохирол учирдаг вэ?
-Энэ бол их адармаатай, хэцүү зүйл, үүнийг гаднаас үүдэлтэй агаарын бохирдол гэж үздэг. Монголоос, бас Хятадаас үүдэлтэй шар шороон түйрэн орж ирээд салхиар туугдаад гарчихвал гайгүй. Заримдаа 3-4 өдөр тогтчихдог. Нарийн, нүдэнд үл үзэгдэх тоосонцор учраас амьсгалаар орж, хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Бид түүнийг хөөж чадахгүй учраас иргэдэд гадагшаа гарахгүй байхыг анхааруулдаг. Амны хаалт зүүхийг анхааруулдаг. Гар утас, мэдээллийн бусад хэрэгслээр сэрэмжлүүлэг өгдөг.
-Энэ түйрэн зөвхөн Монголын бус, бүс нутгийн асуудал болсон байна. Энэ талаар Улаанбаатартай хамтран хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиглэлээр юу хийж болох вэ?
-Шар түйрэнгийн гол шалтгаан нь цөлжилт. Ургамалгүй учраас сул шороо салхиар агаарт дэгддэг. Хотууд ч тэр, Монгол Улсын Засгийн газар ч тэр, дангаараа энэ асуудлыг шийдэхэд хэцүү. Ургамалжуулж, ойжуулах хэрэгтэй. Бид ч хамтрах хэрэгтэй байх. Түйрэн үүсдэг бүс болох Хятадын хотуудтай ч хамтрах нь зүйтэй байх гэлээ.
Дараагийн удаа, 2020 онд Сөүлд болох форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх зэрэг асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэхээр болж, үүгээр хоёр өдөр үргэлжилсэн Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын гурав дахь удаагийн форум амжилттай өндөрлөлөө.