Олон нийтийг төөрөгдүүлээд байгаа цөмийн хог хаягдал болон Атомын цахилгаан станцтай холбоотой мэдээллийг “EAGLE” телевиз “Асуудал” цуврал тусгай сурвалжлагаар үзэгчдэдээ хүргэж байна. Монгол Улсад цөмийн хог хаягдал булшлахаар АНУ, Япон, Монголын Засгийн газар хооронд албан болон албан бус гэрээ хийгдсэн талаарх мэдээллийг нотолсон болон үгүйсгэсэн олон талын байр суурь, баримт нотолгоог уг нэвтрүүлэг дэлгэх аж. Мөн манай улс цөмийн эрчим хүчийг ашиглах, хэрэгцээ шаардлага байгаа эсэх талаар судалгаа шинжилгээ явуулж байгаа Цөмийн энергийн газар, ШУА-ийн судлаачдын байр суурийн хамтаар Атомын цахилгаан станц барихыг эсэргүүцэгчдийн мэдээлэлтэй харьцуулан хүргэхээрээ энэхүү тусгай сурвалжлага онцлог юм.
Энэ сэдвийн хүрээнд цөмийн энергийн салбарт судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн, судлаачид хийгээд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулсан “Нээлттэй хэлэлцүүлэг”-ийг “EAGLE” телевиз өнөөдөр 19.00 цагаас зохион байгуулах юм байна.