Тоглолтын өмнө: ПОЛЬШ-СЕНЕГАЛ, ОРОС-ЕГИПЕТ

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Тоглолтын өмнө: ПОЛЬШ-СЕНЕГАЛ, ОРОС-ЕГИПЕТ

Тоглолтын өмнө: ПОЛЬШ-СЕНЕГАЛ, ОРОС-ЕГИПЕТ

Дэлхийн аваргын тав дахь өдөр хэсгийн нэгдүгээр тойргийн сүүлчийн тоглолт Н хэсгийн багуудын тоглолтоор өндөрлөх бол хоёрдугаар тойргийн тоглолт Орос-Египетийн тоглолтоор эхлэж байна. Өнөөдөр нийт гурван тоглолт явагдах хуваарьтай.


Колумби-Япон

Хоёр баг дөрвөн жилийн өмнө Бразилд болсон ДАШТ-ний С хэсэгт багтаж байсан бол энэ жил мөн л нэг хэсэгт багтлаа. Дэлхийн аваргын дэвжээн дээр хоёр дахь удаагаа учраа таарч байгаа нь энэ бөгөөд түүнээс өмнө 2003, 2007 онуудад тоглож байжээ. Нийтдээ гурван удаа таарч тоглоход Колумбын шигшээ баг хоёр хожиж, нэг удаа эвийн гэрээ байгуулж байсан. Хамгийн сүүлд Бразилын дэлхийн аваргад Колумбын шигшээ баг Азийн “хөх самурайнууд”-ыг 4-1 харьцаатай буулган авсан байдаг. Тэгвэл энэ удаагийн нээлтийн тоглолтоо Саранск хотын “Мордовия Арена” цэнгэлдэх хүрээлэнд хийв.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Колумби: Д.Оспина, С.Ариас, Е.Мина, Д.Санчес, И.Можика, А.Агилар, К.Санчес, Х.Куадрадо, Х.Годригес, Л.Муриел, Р.Фалькао
  • Япон: Э.Кавашима, Х.Сакай, М.Ёшида, Т.Макино, Ю.Нагатомо, М.Хасебэ, Г.Шибасаки, Г.Харагучи, К.Хонда, Т.Унуй, Ю.Осака

Тус тоглолтонд Колумбын шигшээ багаас 2014 оны дэлхийн аваргын мэргэн бууч Х.Родригес булчингийн бага зэрэг зовиураас болж оролцох эсэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч сүүлийн долоо хоногийн бэлтгэлд хамрагдаж чадаагүй гэсэн мэдээлэл байна. Мөн жигүүрийн хамгаалагч Ф.Фабра өвдөгний бэртлээс болж нээлтийн тоглолтыг өнжиж байгаа. Тэгвэл Японы шигшээ багаас довтлогч Ш.Оказаки шилбэний зовиурын улмаас оролцохгүй бол Р.Ошима, Г.Шожи нар шигшээ багийнхаа бэлтгэлд хамрагдсан байна.

Н хэсгийн эхний тоглолтонд Колумбын шигшээ баг Японд хожигдож байгаагүй гэсэн амжилтаа хадгалан үлдэх болов уу. Өмнөд Америкийн хүчирхэг бүсээс сул баг гарч ирэхгүй нь тодорхой юм. Хоёр багийн тоглолт манай цагаар 20.00 цагаас эхэлнэ.

Польш-Сенегал

Н хэсгийн хоёр дахь тоглолт өнөөдөр 23.00 цагаас болох Польш болон Сенегалын шигшээ багуудын тоглолт болно. Хоёр багийн тоглолт Москва хотын “Открытие Арена” цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Европын төлөөлөл Польшийн шигшээ баг Сенегалын шигшээ багтай тоглож байгаагүй бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргаар анх удаагаа тоглох гэж байна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Польш: В.Щенсный, М.Рыбус, М.Паздан, Я.Беднарек, Л.Пищек, К.Гросицкий, Я.Гуральский, Г.Крыховяк, Я.Блащиковский, П.Зелиньский, Р.Левандовский
  • Сенегал: Х.Н’Диай, Л.Гассама, К.Мбоджи, К.Кулибали, Я.Сабали, П.Н’Диай, Ч.Куяте, Г.Гейе, К.Балде, М.Ньянг, С.Мане

Сенегалын шигшээ багийн дасгалжуулагч А.Сиссе энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн залуу дасгалжуулагч юм. Гэсэн хэдий ч тэр аль хэдий нь гурван дахь жилдээ шигшээ багтайгаа ажиллаж байна. 2002 оны дэлхийн аваргаар анх удаагаа оролцохдоо Францыг буулган авч сенсаци тарьж байсан Сенегалчууд Польшийн шигшээ багт тун амаргүй өрсөлдөгч байна. Европын ТОП клубуудэд хүчин зүтгэдэг олон тоглогчидтой гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Тэр дундаа Ливерпүүл клубт хүчин зүтгэдэг С.Мане өнөөдөр Польшийн хамгаалагч нарыг нэлээд зовоох байх.

Харин тэдний эсрэг энэ жил тун сайн тоглолт үзүүлж буй Бавари Мюнхен клубт хүчин зүтгэдэг Р.Левандовский зогсож байна. Хэдийгээр Сенегалын шигшээ баг тун эвгүй бүрэлдэхүүнтэй ч Польшийн шигшээ баг дэлхийн аваргын дэвжээнд Африк тивийн багуудад хожигдож үзээгүй байдаг. Иймд Европын ТОП лигт тоглодог шилдэг довтлогчдын класс тоглолт биднийг хүлээж байгаа бөгөөд тоглолт тэнцээгээр өндөрлөх магадлалтай.

Орос-Египет

Дэлхийн аваргын хэсгийн хоёрдугаар шатны тоглолт Оросын эсрэг Египетийн шигшээ багуудын тоглолтоор эхэлнэ. Тоглолт өнөө шөнө 02.00 цагаас Санкт-Петербург хотын “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болно. Орос болон Египетийн шигшээ багууд өмнө нь таарч тоглож байгаагүй бөгөөд анх удаагаа тоглох гэж байна. Энэ удаагийн тоглолтонд Оросууд хэсгээс гарах эрхийг олж авахын тулд тоглох бол Египетийн шигшээ баг эхний хожлоо байгуулах зорилготой талбайд гарна.

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

  • Орос: И.Акинфеев, М.Фернандес, И.Кутепов, С.Игнашевич, Ю.Жирков, Р.Зобнин, Ю.Газинский, Д.Кузяев, А.Головин, Д.Черышев, Ф.Смолов
  • Египет: М.эль-Шенави, А.Габр, А.Хегази, А.Фати, М.Абдель-Шафи, Т.Хамед, М.эль-Ненни, М.Трезеге, А.Саид, М.Салах, М.Мохсен

Дэлхийн аваргын нээлтийн тоглолтонд Саудын Арабыг 5-0 харьцаатай хожиж сюрприз бариад буй Оросууд тун хариуцлагатай тоглолтын өмнө ирлээ. Хэрвээ энэ тоглолтоос хожил авч чадвал хэсгээс гарах боломжоо маш өндөр хувьтай болгоно. Харин энэ тоглолтонд Оросын шигшээ багт хэд хэдэн өөрчлөлт гарах нь тодорхой. Саудын Арабтай хийсэн тоглолтонд А.Загоев гуяны бэртэл авсан тул түүний оронд Д.Черышев гарах бол А.Самедовын оронд Д.Кузяев гарах магадлалтай байна. Тэгвэл Египетийн шигшээ багаа довтлогч М.Салах тоглолтонд оролцоход 100 хувь бэлэн болжээ.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж