Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.19) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
Санхүүгийн хамтын ажиллагааны төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Төслийн хоёрдугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг хамруулж төслийн дэмжлэг үзүүлэх юм. Төслийн нийт санхүүжилт 24.25 сая евро бөгөөд үүнээс ХБНГУ-ын Засгийн газар 19.5 сая евро, Монгол Улсын Засгийн Газар 13.3 тэрбум төгрөг тус тус санхүүжүүлэх аж. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад олгох улсын төсвийн зардлыг Монголын талын хөрөнгө оруулалт гэж тооцох юм гэдгийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа, Ш.Раднаасэд, Ч.Улаан нар хэлэлцээрийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ өмнөх төслийн хүрээнд хийсэн ажил болон хоёр дахь төслийн хүрээнд авах 19,5 сая еврогийн зарцуулалтын талаар илүүтэй тодруулж байлаа.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь 1 дүгээр төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагчийн өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, сургалтууд, төслийн хүрээнд баригдах барилгын ажлуудын зөвлөхийн хяналт, геологийн судалгаа болон зураг зэрэг ажлуудыг хийсэн.
Харин 2 дугаар төслийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгуудад сүлжээний үндсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлэх, менежментийн болон бизнес төлөвлөгөөг тусгай хамгаалалттай газар нутагт дөрвөн том хөндлөнгийн бүс/кластерт хэрэгжүүлэх, төлөвлөлт болон 7 тусдаа тусгай хамгаалалттай газар нутагт хөрөнгө оруулалт хийх, сүлжээнд зориулсан чадавхийг бэхжүүлэх болон олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хийнэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хариулав.
Ингээд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөх эсэхийг хэлэлцлээ. Зээлийн болон төслийн гэрээний талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулав.
Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний 220, 110 кВ-ын дэд станцуудад дунджаар 40 гаруй жилийн турш ашиглагдаж байгаа ашиглалтын хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй, хуучирч муудсан технологийн хувьд хоцрогдсон 35, 110 кВ-ын хүчдэлийн түвшний тосон таслуурууд болон реле хамгаалалт, автоматикийн тоног төхөөрөмжүүдийг орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тоног төхөөрөмжөөр сольж шинэчлэх шаардлагатай байна.
ХБНГУ-ын Засгийн газрын 20.45 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр 2014 он, 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцсон бөгөөд зээлийн хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, зээлийн хүү жилд 2 хувь байна гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцуулгадаа дурдсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Амарзаяа Д.Оюунхорол нарын зүгээс хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр хангахын тулд шинэчлэл хийж, энэ салбарт 30 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй зээл авахыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Дараа нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын зургаан гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл тус бүрээр асуулт асууж, хариулт авч, санал хэлж байлаа. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй гэж заасныг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол барьцаа хөрөнгөгүй, өрхийн бизнес эрхэлж иргэдээ бага хүүтэй зээлээр хангах талаар төсөлд хэрхэн туссаныг лавлаж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас жилийн борлуулалтын орлого нь 500 мянган төгрөг хүртлэх бичил, жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 3 хүртлэх хувийн хүүтэй зээл олгохоор, үүнээс дээш орлоготой дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд арилжааны банкаар дамжуулан 7-8 хувийн хүүтэй зээл олгохоор тусгасан гэж хариулж байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “17.1 татвар төлөгч нь энэ хуулийн 16.1, 16.8, 16.9-д заасны даггуу тодорхойлоход 0-2,5 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 1 хувиар албан татвар ногдуулна” гэснийг ногдох гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжив.
Ингээд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болсон.
Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг хэлэлцэв
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийн талаар УИХ-ын даргын зөвлөлтэй зөвшилцөж, Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүллээ. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон төсвийн төслийн талаархи танилцуулгадаа, Улсын Их Хурлын Тамгын газар Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг боловсруулахдаа, УИХ-ын хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхэд төсөв хүрэлцэхүйц байх, УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангасан байх, Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр бүрэн тооцох, Байнгын хорооны төсвийн төслийг 2018 оны түвшинд тооцох, ингэхдээ Байнгын хороодод адил хэмжээтэй төсөв байх, хөрөнгө оруулалтаар 2019 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг нэр, төрөл, тоо хэмжээ бүрээр гаргаж, шаардагдах төсвийг тооцох зарчмыг баримтласан гэдгийг онцлов.
УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд, Байнгын, Дэд, Түр хорооны үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэхэд шаардагдах УИХ-ын 2019 оны төсвийн төслийг нийт дүнгээр 43514,0 сая төгрөг, үүнээс урсгал төсвийн төслийг 37758,0 сая төгрөг, хөрөнгө оруулалтын төсвийг төслийг 3071.1 сая төгрөг, гаддын орны санхүүжилтээр хэрэгжүүлэх төсвийн төслийг 2684.9 сая төгрөг байгаа болно.
УИХ-ын 2019 оны төсвийн төслийг зардлын ангилалаар авч үзвэл цалин, нийгмийн даатгалын шимтгэл 26,9 хувь, УИХ-ын гишүүний тойрогт ажиллах болон хууль боловсруулах, сурталчилах үйл ажиллагааны зардал 56,3 хувь, гадаад, дотоод томилолт, зочны зардал 7,7 хувь, тээвэр шатахуун, шуудан холбоо, бичиг хэрэг, ном хэвлэлийн зардал 4,2 хувь, мэдээлэл сурталчилгаа, сургалт семинарын зардал 2,4 хувь, хуулийн дагуу ажилтнуудад олгох дэмжлэг, /орон сууцны дэмжлэг, өндөр насны тэтгэвэрт гарч төрийн албанаас чөлөөлөгдөх хүмүүст олгох тэтгэмж, ахмадын санд зарцуулах төсөв, эмчилгээний нөхөн олговор, нэг удаагийн тэтгэмж…/ олон улсын гишүүний татвар зэрэг бусад үйл ажиллагааны зардал 2,4 хувь нь эзэлж байна.
Харин УИХ-ын 2019 оны төсвийн төслийг төсвийн нэгжээр авч үзвэл Улсын Их Хурлын гишүүдийн үйл ажиллагааны төсөв 64,7 хувь, байнгын хороодын төсөв 1,0 хувь, намын бүлгүүдийн төсөв 2,3 хувь, Тамгын газрын төсөв 10,9 хувь, УИХ-ын нийтлэг үйл ажиллагааны төсөв 13,6 хувь, УИХ-ын даргын ажлын албаны төсөв 0,7 хувь, төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсөв 0,6 хувь, төлөөлөлийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийн нэгжийн төсөв 6,4 хувийг эзэлж байна гэж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон танилцуулгадаа дурдав.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан асуулт асууж, санал хэлсний дараа Улсын Их Хурлын 2019 оны төсвийн төслийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.