Өчигдөр Хан-Уул дүүргийн шүүхийн танхимд иргэн Б.Лхагважавын нэхэмжлэлтэй шүүх хурал болох байсан ч хойшлох шийдвэр гаргав. Ийнхүү 4 дэх удаагаа шүүх хурал хойшлож байна гэж нэхэмжлэгч Б.Лхагважав бухимдаж байлаа.
Танхимын дарга, Зөвлөлийн дарга, Тэргүүлэгчдийн дарга, Арбитрийн шүүхийн дарга, Гүйцэтгэх засаглалын даргын ажлыг хашиж байгаа С.Дэмбэрэл хэнд ажлаа тайлагнаж, хэнтэй хөлсөөр ажиллах гэрээ хийх юм бэ. 4-5 хүний гүйцэтгэх албан тушаалыг зөвхөн нэг хүнд олгож, мөнхийн дарга байх боломжийг олгосон танхимын “гайхамшигтай” дүрэм шүүхийн хаалга татсан боловч шийдвэр гаралгүй бүтэн жил болох гэж байна.
Угсаа залгамжлах хан хүү шиг танхимын даргын суудалд он удаан жил заларсан ч хийсэн гавьсан зүйлгүй, гишүүдийн дургүйг хүргэж тэвчээрийг барж байгаа нь шүүхэд өгөх хамгийн том үндэслэл болжээ. Дарга хэрхэн үр дүнтэй ажилласан эсэхээс үл хамааран түүнийг огцруулах ямар ч боломжгүй, “хийгүй” дүрмийг С.Дэмбэрэл дарга бий болгож чадсан байна.
Танхимын нийт гишүүдээс удирдах зөвлөлд 81 хүн сонгогддог. Эдгээрийн 57 хүнийг Дэмбэрэл дарга өөрөө санал оруулна. Өөрөө санал оруулна гэдэг нь өөрийн хүнээ сонгоноо гэсэн үг. Танхимын даргын сонгууль нь нийт гишүүдээс бус харин удирдах зөвлөлийн 81 хүнээс сонгогддог байна. С.Дэмбэрэл даргын өөрөө санал оруулах 57 хүн нь нийт санал өгөх хүний 70,4 хувь нь болох учраас сонгогдохгүй байх магадлал байхгүй. Ингэж дүрмээр тоглож чадаж байгаа мундаг менежменттэй танхимын даргаа гишүүд нь яаж ч дургүйцээд нэмэргүй.
Үүнийг шударга бус гэж үзэн бульхайн аргаар сонгогдсоор байгаа С.Дэмбэрэл даргаас салахыг хүссэн нийт гишүүдийн өмнөөс танхимын гишүүн, иргэн Лхагважав ийнхүү шүүхэд хандаад байна. Харамсалтай нь шүүх хурал 4 дэх удаагаа учир битүүлэг шалтгаанаар хойшилж байгаа нь гадны нөлөөлөл шүүхэд үйлчлээд байна уу гэх хардалтыг дагуулж байгаа аж.
Шүүх хурал 14 хоногоор хойшилсон. С.Дэмбэрэл МҮХАҮТ-ын даргаар мөнхөд үлдэх үү, эсвэл шударга өрсөлдөөнөөр сонгогдох уу гэдэг нь ирэх сарын 7-нд тодорхой болох нь байна. Гэхдээ шүүх хурал дахин учир битүүлэг шалтгаанаар хойшлохгүй бол шүү дээ.