Германы шигшээ баг
ХЭРХЭН ЭРХЭЭ АВСАН БЭ?
Германы шигшээ баг Европын бүсээс С хэсгийг 10 тоглолтод 10 хожилтойгоор илт тасархай тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Германы шигшээ баг урьдчилсан шатны тоглолтод ганц ч оноо алдаагүй бөгөөд боломжит 30 онооноос бүгдийг нь авсан юм. Мөн өрсөлдөгчдийнхөө эсрэг хамгийн олон буюу 43 гоолыг оруулсан бол хаалгандаа ердөө дөрвөн гоол алдсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: М.Нойер, К.Трапп, тер Штеген
- Хамгаалагч: Платтенхардт, Й.Хектор, М.Гинтер, М.Хуммельс, Н.Зюле, А.Рюдигер, Ж.Боатенг, Й.Киммих
- Хагас хамгаалагч: С.Хедира, Ж.Дракслер, Т.Кроос, М.Өзил, М.Ройс, Л.Горецка, С.Руди, Ж.Брандт, И.Гюндоган
- Довтлогч: Т.Вернер, Т.Мюллер, М.Гомес
Од тоглогч:
Ердөө хэдхэн хоногийн өмнө Европын хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигт түрүүлж, тус тэмцээнд хамгийн олон түрүүлсэн тоглогч болоод буй Т.Кроос гэсэн авъяаслаг тоглогч Германы шигшээ багийн дундын шугамны гол хөдөлгүүр юм. Т.Кроос клуб болон шигшээ багтаа хамгийн чухал тоглогч бөгөөд дөрвөн жилийн өмнө шигшээ багаа дөрөв дэх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртэхэд голлох үүргийг гүйцэтгэж байсан шилдэг тоглогч юм.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Өнгөрсөн улиралд Английн Манчестер Сити клубт гялалзсан Л.Санег гэрт нь үлдээсэн Лайпциг клубын 22 настай залуу довтлогч Т.Вернерийг онцлох хэрэгтэй. Энэ жил 22 настай довтлогчийг дасгалжуулагч Й.Лёв шигшээ багийнхаа сүүлийн 23 тоглогчийн нэгээр үлдээсэн. Т.Вернер өнгөрсөн жилийн тив хоорондын цомын тэмцээнд Германы шигшээ багийн гарааны довтлогчоор тоглож байсан. Энэ удаа Ё.Лёв түүнийг зүгээр ч нэг Л.Санегаас илүүд үзээгүй байх.
Дасгалжуулагч:
Энэ удаагийн ДАШТ-нд оролцож байгаа 32 улсын шигшээ багуудын дасгалжуулагч нараас хамгийн өндөр амжилт үзүүлсэн дасгалжуулагч бол Германы Й.Лёв юм. 2006 онд Ю.Клинсманаас шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан Й.Лёв шигшээ багаа удирдан Европ, дэлхийн аваргад оролцсон бүх тэмцээндээ хагас шигшээд шалгарсан байдаг.
Дэлхийн аваргын түүх:
Германы шигшээ баг бол дэлхийн аваргын цомыг дөрвөн удаа хүртсэн. Тэд 1954, 1974, 1990, 2014 онуудад дэлхийн аваргын алтан цомыг хүртэж байсан шилдэг баг юм.
Боломжит амжилт:
Мэдээж дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр магадлалтай баг бол Германы шигшээ баг. Гэхдээ тэд дэлхийн аваргын нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ багт хожигдож байдлыг ээдрээтэй болгоод байна. Хэдий тийм боловч Германы шигшээ багт тус хожигдол алдаагаа засах боломж юм.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 17. Герман 0-1 Мексик
- 2018 оны 6 сарын 23. Герман – Швед
- 2018 оны 6 сарын 27. Өмнөд Солонгос – Герман
Мексикийн шигшээ баг
ХЭРХЭН ЭРХЭЭ АВСАН БЭ?
Мексикийн шигшээ баг Хойд болон Төв Америк, Карибын орнуудын бүсийг итгэл төгс тэргүүлж дэлхийн аваргын эрхээ авсан. Бүсийнхээ шийдвэрлэх гуравдугаар шатанд 10 тоглолтоос зургаан хожил, гурван тэнцээ авч ганцхан Гондурасын шигшээ багт хожигдож арын багаасаа таван онооны илүүтэй хэсгээ тэргүүлсэн.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: Х.Корона, А.Талавера, Г.Очоа
- Хамгаалагч: У.Айяла, К.Сальседо, Р.Маркуэс, Д.Рейес, Э.Морено, Э.Эррера
- Хагас хамгаалагч: Й.Сантос, Ж.Сантос, М.Лайюн, Х.Корона, А.Гуардадо, Х.Акино, Х.Гальярдо
- Довтлогч: М.Фабиан, Р.Химненес, К.Вела, Х.Эрнандес, О.Перальта, Э.Альварес, И.Лозано
Од тоглогч:
Өдгөө 30 настай Английн Вест Хэм Юнайтед клубын довтлогч “Вандуй” хочит Х.Эрнандес бол шигшээ багийнхаа хамгийн шилдэг довтлогч бас шилдэг тоглогч юм. Тэр шигшээ багийнхаа төлөө 100 давсан тоглолтод оролцохдоо 49 гоолыг өөрийн нэр дээрээ бүртгүүлээд байгаа бөгөөд Мексикчүүдийн итгэл найдварыг тээн Оросод ирсэн.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Нидерландын ПСВ Эйндховен клубт тоглодог 22 настай И.Лозано бол Мексикийн шигшээ багийн ирээдүй юм. Үүнийгээ ч тэр нээлтийн тоглолтод батлан харуулж ялалтын гоолыг оруулаад байна.
Дасгалжуулагч:
2015 оноос хойш удирдаж буй Колумби мэргэжилтэн Хуан Карлос Осорио Мексикийн шигшээ багийг маш сайн удирдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн тив хоорондын цомын тэмцээнд Мексикийн шигшээ багийг удирдан хагас шигшээд хүргэсэн эрхэм юм. Одоогоор Мексикийн шигшээ багийг 65-аас дээш хувийн амжилттай удирдаж байгаа нь түүнийг ямар сайн мэргэжилтэн болохыг харуулж байна.
Дэлхийн аваргын түүх:
Мексикийн шигшээ баг бол ямар ч багийн хувьд хүчтэй өрсөлдөгч байж чаддаг. Үүнийг батлах нэг үзүүлэлт бол 1994 оны ДАШТ-нээс хойш 6 дэлхийн аваргад шөвгийн 16-д шалгарсан явдал юм. Тэрээр 15 удаа дэлхийн аваргад оролцохдоо хоёр удаа шөвгийн 8-д шалгарч байжээ.
Боломжит амжилт:
Дэлхийн аваргын нээлтийн тоглолтдоо Германы хүчирхэг багийг буулгаж авсан Мексикчүүд шөвгийн 16 бол энүүхэнд байгаа болов уу?
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 17. Герман 0-1 Мексик
- 2018 оны 6 сарын 23. Өмнөд Солонгос – Мексик
- 2018 оны 6 сарын 27. Мексик – Өмнөд Солонгос
Шведийн шигшээ баг
ХЭРХЭН ЭРХЭЭ АВСАН БЭ?
Шведийн шигшээ баг дэлхийн аваргын эрхээ нэлээд чансаатай багуудыг буулган авч авсан. Тэрээр Европын бүсийн А хэсэгт Нидерландын дээр бичигдсэн бол плэй-оффын нэмэлт тоглолтод дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ багийг хожиж Оросыг зорих эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: Р.Ольсен (Данийн Копенгаген), К.Иоханссон (Францын Генгам), К.Нурдфельдт (Суонси Сити)
- Хамгаалагч: М.Лустиг (Шотландын Селтик), В.Линдлоф (Английн Манчестер Юнайтед), П.Янссон (Английн Лийдс Юнайтед), Э.Крафт, Ф.Хеландер (хоюулаа Италийн Болонья), Л.Аугустинссон (Германы Вердер), М.Олссон (Уэльсын Суонси Сити), А.Гранквист (Оросын Краснодар)
- Хагас хамгаалагч: С.Ларссон (Английн Халл Сити), А.Экдаль (Германы Хамбург), Э.Форсберг (Лайпциг), О.Хильемарк (Италийн Женоа), М.Роден (Италийн Кротоне), Ж.Дурмаз (Францын Тулуз), В.Классон (Оросын Краснодар), Г.Свенссон (АНУ-ын Сиатл Саундерс)
- Довтлогч: Й.Гвидетти (Испаний Алавес), О.Тойвонен (Францын Тулуз), И.Телин (Бельгийн Васланд-Беверен), М.Берг (АНЭУ-ын Аль-Айн)
Од тоглогч:
Златангүй Шведээс тодоор гялалзах учиртай тоглогч бол Германы Лайпциг клубын хагас хамгаалагч Э.Форсберг юм. Шведийн шигшээ багийн №10 Э.Форсберг Оросод өөрийгөө нэг шатаар ахиулж шилдэг гэдгээ харуулах магадлалтай тоглогч юм.
Нээлт болон дараагийн тоглогч хэн бэ?
Английн Манчестер Юнайтед клубт харьяалагддаг хамгаалагч В.Линдлофыг Москвад хэрхэн тоглохыг харах хэрэгтэй болов уу? Ердөө 23 настай боловч шигшээ багийнхаа төлөө 21 тоглолтод оролцож нэг гоолыг өөрийн нэр дээрээ бичүүлээд байгаа.
Дасгалжуулагч:
Шведийн шигшээ багийг 12 жилийн дараа дэлхийн аваргад орох боломжийг олгосон эрхэм бол дасгалжуулагч Я.Андерссон юм. Шведийн шигшээг дэлхийн аваргад хөтлөн оруулж буй Я.Андерссон аль хэдийнээ улсын баатар болоод байна.
Дэлхийн аваргын түүх:
Шведүүд бол дан ганц хоккейгоор алдартай биш. Тэд хөлбөмбөг ч тоглож чаддаг бөгөөд дэлхийн аваргад 1958 онд мөнгөн медаль хүртэж, хоёр удаа гуравдугаар байранд шалгарч байсан шилдэг баг юм.
Боломжит амжилт:
Златаны эрин үе дуусаж Шведийн шигшээ багт шинэ үе гарч ирээд байна. Эхний тоглолтдоо ялалт байгуулсан Шведийн залуус илүү их итгэлтэй, урам зоригтой болсон болов уу? Иймд хэсгээс гарахын төлөө хүчтэй өрсөлдөөн үзүүлнэ.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 18. Швед 1-0 Өмнөд Солонгос
- 2018 оны 6 сарын 23. Герман – Швед
- 2018 оны 6 сарын 27. Мексик – Швед
Өмнөд Солонгос
ХЭРХЭН ЭРХЭЭ АВСАН БЭ?
Өмнөдүүд Азийн бүсээс дэлхийн аваргын эрхээ авах бол нэг их асуудал биш байдаг. Үүнийг сүүлийн 8 дэлхийн аваргад тасралтгүй оролцож байгаагаас харж болно. “Тэгүгийн дайчид” Азийн бүсийн 3-р шатны А хэсэгт Ираныг даган хүснэгтийн 2-р гарч дэлхийн аваргын эрхээ авсан.
Шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Хаалгач: Ким Сын Гю (Виссел Кобе, Япон), Ким Жин Хен (Сересо Осака, Япон), Чо Хюн У (Тэгу)
- Хамгаалагч: Ким Ен Гвон (Гуанжоу Эвергранд, Хятад) Чан Хен Су (Токио, Япон), Чон Сын Хен (Саган Тосу), Юн Ен Сон (Соннам), О Бан Сук (Чежу Юнайтед), Ким Мин У (Санжу Санму), Пак Чу Хо (Ульсан Хендэ), Хон Чоль (Санжу Санму), Ко Е Хан (Сөүл), Ли Ен (Чежу Юнайтед)
- Хагас хамгаалагч: Ки Сон Ен (Суонси Сити, Англи), Чон У Ен (Виссел Кобе, Япон), Чу Се Чон (Асан Мугунхуа), Ку Жа Чоль (Аугсбург, Герман), Ли Жэ Сон (Чонбук), Ли Сын У (Верона, Итали), Мун Сон Мин (Инчон Юнайтед)
- Довтлогч: Ким Син Ук (Чонбук), Сон Хын Мин (Тоттенхэм, Англи), Хан Хи Чан (Зальцбург, Австри)
Од тоглогч:
Маргаан байхгүй Английн Тоттенхэм Хотспур клубт тоглодог Сон Хын Мин юм. Тэр өнгөрсөн улиралд клубийнхээ төлөө лигийн 37 тоглолтонд оролцож 12 гоол оруулсан бөгөөд аваргуудын лигт мөн шилдэг тоглолтоо үзүүлсэн. 2010 оноос хойш шигшээ багийнхаа төлөө тоглож буй Сон Хын Мин одоо л шигшээ багтаа туслах хэрэгтэй.
Нээлт болох дараагийн тоглогч хэн бэ?
Австрийн лигийн Зальцбург клубт тоглодог 22 настай довтлогч Хан Хи Чан шигшээ багийнхаа ирээдүй юм. Тэр дэлхийн аваргын нээлтийн тоглолтод гараанд гарч бүтэн тоглосон. Хан Хи Чан шигшээ багтаа хоёр жилийн өмнө дуудагдаж байсан бөгөөд 15 тоглолтод хоёр гоол оруулаад байна.
Дасгалжуулагч:
Хуучин Солонгосын шигшээ багийнхаа тамирчин байсан Шин Тэ Ён өнгөрсөн оны долдугаар сард шигшээ багийнхаа дасгалжуулагчаар томилогдсон. Шин Тэ Ён бол шинэ хүн биш бөгөөд 2014 оноос шигшээ багтаа туслах дасгалжуулагчаар ажиллаж байснаас гадна нас насны шигшээ багаа удирдаж байсан эрхэм юм. Харин дэлхийн аваргад анх удаагаа шигшээ багаа удирдан оролцож байна.
Дэлхийн аваргын түүх:
Мэдээж Өмнөдүүдийн дэлхийн аваргад үзүүлсэн хамгийн том амжилт бол 2002 онд Япон улстай хамтарч зохион байгуулсан тэмцээний дуулиан шуугиантай шөвгийн 4-т шалгарсан амжилт юм. Хэсэгтээ Португалын дээр гарсан бол хасагдах шатанд Испани, Итали зэрэг Европын төдийгүй дэлхийн “том”-чуудыг сенсацтайхан буулгаж авч байсан. Түүнээс өмнө бол хасагдах шатанд ч шалгарч байгаагүй юм.
Боломжит амжилт:
БНСУ-ын шигшээ багийн хувьд хэсгийнхээ хамгийн сул баг гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу? Магадгүй нэг тэнцээ авч чадвал баярлах хэрэгтэй ч байж болох талтай. Тэдэнд Швед, Мексик болон Германы шигшээ багууд боломжийг өгөхгүй байх.
Тоглолтын хуваарь:
- 2018 оны 6 сарын 18. Швед 1-0 Өмнөд Солонгос
- 2018 оны 6 сарын 23. Өмнөд Солонгос – Мексик
- 2018 оны 6 сарын 27. Өмнөд Солонгос – Герман
Б.БЯМБАБАЯР