Б.Хурцыг Английн эрүүгийн цагдаагийнхан баривчилсан

Хуучирсан мэдээ: 2011.08.25-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Английн эрүүгийн цагдаагийнхан баривчилсан

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд албан ёсоор шилжүүлснээр Б.Хурцын асуудал цааш өрнөж эхэллээ. Гэвч Германы хууль хяналтын байгууллага түүнд хэдэн жилийн ял төлөвлөх,  түүнийг эх оронд нь авчирах боломж байгаа эсэх гээд олон асуудлууд тодорхойгүй байна. Дээрх асуудлаар  хуульч О.Баасанхүүгээс зарим асуултад хариулт авлаа.


-Б.Хурцыг Германы талд шилжүүлсэн ч түүнийг эх оронд нь авчрах нь манай улсын  зорилго хэвээр байна.  Харин Б.Хурцыг эх оронд нв авчирах хууль эрх зүйн боломж хэр байдаг вэ?

-Олон улсын эрүүгийн эрх зүйн тухай ойлголт гэж бий. Хэрэв тухайн улсын эрүүгийн хуулийг зөрчин  эрүүгийн гэмт хэрэг хийсэн бол энэхүү этгээдийг  тухайн улстай байгуулсан, эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх гэрээ эсвэл  ялтан солилцох  гэрээг үндэслэн өөрийн иргэнийг эх оронд нь авчиран шийдвэрлэж болдог. Хэрэв дайны үеийн цэргийн олзлогдогч гэж тухайн иргэнийг  үзвэл шууд хоёр орны хэлэлцээрийг НҮБ-ын  хаяналтан дор хийж олзлогдогчийг буцаан авдаг журам бас бий. Мөн  Монгол Улсын өмнөөс тагнуулын болон гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас аль нэгэн гадаадын оронд баригдсан бол зөвхөн дипломат харилцааг өрнүүлэн өөрийн иргэнийг шилжүүлэн авдаг журамтай. Тэгэхээр Б.Хурцыг гадаадын улс оронд гүйцэтгэх ажиллагаа явуулсны улмаас баригдсан  гэж үзвэл зөвхөн дипломат харилцааг үндэслэн өөрийн орондоо авчирах боломжтой байсан.  Английн шүүхийн шийдвэр болоод одоо Германд өрнөх шүүх хурлын явцыг  харахад Б.Хурцыг Европын холбооны улсад гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр бус харин тухайн улсын эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр асуудалд хандан шийдвэрлэх  гэж байх шиг байна. Иймээс манай орны хувьд Герман улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэн яаралтай байгуулж, иргэнээ  авчирах нь зүйтэй болов уу.
 
-Монгол Улс хэдэн оронтой эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан бэ?

-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 19 улстай байгуулсан байдаг. Тухайлбал, Болгар, Вьетнам, Казакстан, Киргизстан, Куба, ОХУ, Польш, Румын, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Чех, Энэтхэг, Югослав  зэрэг орнууд бий. Харин ялтан солилцох гэрээг зөвхөн  дөрвөн оронтой байгуулсан. Герман улстай бол эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх гэрээ,  ялтан шилжүүлэн авах гэрээ  аль аль нь  хийгдээгүй.

-Зарим хэвлэлүүд Монгол Улсын тагнуулч, улсын нууц мэдэх хүнийг баривчилсан гэж мэдээлж  байсан. Харин Засгийн газрын зүгээс дипломат яриа хэлэлцээр хэр зэрэг хийсэн юм бол?

-Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Эдгээр мэдээллээс харахад  Б.Хурцыг эх орондоо авчирах онирхол төр засагт байхгүй юм биш биз гэх  хардлага  төрж байгаа. Учир нь аливаа гэм бурууг нотлох зарчимд “ та шүүх хурлын өмнө юу ч бүү ярь. Та болон таний талаар  ярьсан болгон шүүх дээр таний эсрэг нотолгоо болж болно” гэх  зарчим үйлчилдэг. Тиймээс хэвлэлээр Б.Хурцын 2003 онд хийсэн гэх үйлдлийг урьдчилан дүгнэлт хийж дурьдаж байгаа нь гэм буруугийн талаар эцэслэн шийдвэрлээгүй байхад Монгол Улс аль эрт өөрийн иргэний үйлдлийг гэм бурууг зөвшөөрөн Б.Хурцын шүүх хуралд сөрөг нотолгоог эс үйлдлээрээ өгөөд байна гэж ойлгож болно. Тэгэхээр Гадаад хэргийн яам болон төрийн өндөр албан тушаалтны зүгээс гаргаж буй мэдээлэлдээ илүү анхаарал болгоомжтой байх  хэрэгтэй.  Ер нь бол аливаа улсын дипломат харилцаа зөвхөн тухайн улсын гадаад хэргийн яамаар дамжуулан хийгддэг. Миний санаж байгаагаар тэр үеийн Гадаад хэргийн сайдаар манай улсын хамгийн шилдэг дипломатчин ажиллаж байсан. Иймээс дипломат харилцааг маш өндөр түвшинд хийсэн гэдэгт эргэлзэхгүй байна.

-Тэгвэл Б.Хурцыг гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж шүүхгүй гэж үзэж байгаа юм уу?

-Тэгэж  ойлгож болно. Тэгээд ч анх Б.Хурцыг баривчилсан байгууллага нь манайхаар бол эрүүгийн цагдаагийн газартай адилхан чиг үүрэг бүхий байгууллагын зүгээс  баривчилгааг зохион байгуулан хийсэн байдаг  шүү дээ. Иймээс Герман улстай ялтан солилцох болон эрх зүйн туслалцааг харилцан үзүүлэх гэрээг байгуулах асуудлыг яаравчлан тавих шаардлагатай байна.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин захиалагчийг нь хайх ёстой гэх утгатай ярилцлага өгсөн байсан. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Би тэр хүний байр сууринд дүгнэлт хийх нь зохисгүй. Үнэндээ аливаа улс төрч өөрийн  байр суурийг илэрхийлэхдээ хэн нэгэн этгээдийн сонирхлыг бус  хамгийн түрүүнд өөрийн эх орны эрх ашгийг нэгдүгээрт тавин мэдэгдэл, мэдээлэл хийж байх ёстой гэж би бодддог. Жишээ нь хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг их өрийг тэглээгүй гэсэн шуугайн зориуд гаргасан. Дараа нь манай улс  сайн дураараа нэмж хичнээн мөнгийг  ОХУ-д төлж байсныг мартаж болохгүй. Иймээс хэвлэлээр хийсэн аливаа мэдээлэл, мэдэгдэл нь энэ улсын нэр хүнд, эрх ашигт хэр нийцтэй эсэхийг сайн бодож байх хэрэгтэй. Ходоод хагаравч тогоон дотороо гэх үг бий шүү дээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж