Хойд Солонгос Хятадын жишгээр хөгжих үү?

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос Хятадын жишгээр хөгжих үү?

Хойд Солонгос Хятадын жишгээр хөгжих үү?

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун  өнгөрөгч Мягмар гаригт (2018.VI.19) Бээжинд айлчилжээ. Тэрбээр он гарсаар гурав дахь удаагаа Хятадад айлчлаад байгаа нь энэ юм. Ким Жон Ун Бээжинд хоёр хоног саатаж, Хятадын дарга Си Жиньпинтэй уулзах тухай Хятадын хэвлэлд мэдээлжээ. Өмнөх хоёр айлчлалд Ким Жон Уныг мордсоны дараа Хятадын албан ёсны хэвлэлд айлчлалын тухай мэдээлж байв. 

Ким Жон Уны айлчлалын үеэр Бээжин хотноо Ардын их хурлын танхим, Чанган өргөн чөлөө болон Дайоютай төрийн зочны өргөө зэргийг өндөр хамгаалалтад авсан байна. Айлчлалын үеэр Ким Жон Ун Хятадын даргатай өнгөрсөн долоо хоногт болсон Сингапурын уулзалтын дүнг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ зургадугаар сарын 12-нд Сингапурт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм.

Хятадаас туршлага судлах нь

Залуу удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгт зөрчлийг намжааж, энх тайвныг тогтоохын төлөө дипломат арга хэмжээ авч эхэлснээс үүдээд 70 жил хаалттай байсан Хойд Солонгосын эдийн засаг нээгдэх найдлагыг олон улс хүлээж байна. Гэхдээ хуучин ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины загвараар явж ирсэн Хойд Солонгос улсын дэглэмийг шууд өөрчлөх боломжгүй гэдгийг энэ зургадугаар сарын эхээр Улаанбаатар хотноо болсон хоёр Солонгосын эв нэгдлийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр судлаачид онцолж байсан билээ. 20 гаруй сая хүн амтай Хойд Солонгос хойгийн дайнаас хойш 70 жил өөрийн гэсэн замаар явж ирсэн. Гэтэл одоо үүссэн нөхцөл байдлыг ард түмэндээ хэрхэн тайлбарлах вэ гэдэг том сорилттой Пеньян тулгарснаас гадна олон улсад үүдээ нээхэд нийгэм, улс төр, эдийн засгийн хувьд бэлтгэл муу гэж дүгнэжээ.  Энэ нөхцөлд нэг намын дор эрх мэдлийг зангидаж, олон улсад хагас нээлттэй эдийн засгийн тогтолцоогоор хөгжиж буй Хятад улсын жишиг Хойд Солонгост тохиромжтой байж болох гэнэ. Бээжин нь Хойд Солонгосын дипломат харилцааны ар тал, эдийн засгийн ойрын холбоотон. Хойгийн нөхцөл байдал сайжирч эхэлсэнтэй холбоотойгоор Хойд Солонгосын хил дээр оршдог Хятадын Дандон хотод үл хөдлөх хөрөнгийн үнэ өнгөрсөн сард хамгийн өндөр өсөлттэй байжээ. Тухайлбал, Хойд Солонгостой хил залгаа аж үйлдвэрийн бүс дэх Ялу гол руу харсан орон сууцны үнэ метр.кв нь дөрөвдүгээр сарын эхээр 3,000-4,000 юань ($471) байсан бол тавдугаар сарын эхээр 6,000 юань болж өссөн байна. Үүнээс харвал Хятадын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Хойд Солонгосыг сонирхох нь улам нэмэгджээ.

Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдсөөр

“XXI” зуунд эдийн засгийн хөгжлөөрөө Ази тивийг тэргүүлэх болсон Хятад улс нь уян хатан эдийн засгийн бодлого баримталж байна. Хятадын дарга Ши Жиньпиний санаачилгаар Азийн дэд бүтэц, хөгжлийн банкийг байгуулан томоохон төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулж эхэлснээс гадна “Нэг бүс-нэг зам” хөтөлбөрөөр дамжуулан Ази тивийг Европтой холбосон худалдааны чиглэл үүсгэхээр ажиллаж байна. Өмнө нь, АНУ, Японы инновацийг түшиглэж, Хятадыг үл тоодог байсан хандлага өдгөө эрс өөрчлөгджээ. Иймд Хятад улсын жишгээр эдийн засгаа хөгжүүлэхэд болохгүй зүйлгүй юм. Цаашдаа, АНУ болон Европын холбооны эдийн засаг, улс төрийн давамгайллын эсрэг Хятад, ОХУ-ын хоршил дээр Хойд Солонгос улс нэгдэх боломжтой гэж харж байна. Хятад, ОХУ-ын хооронд худалдааны эргэлт 2017 онд 84 тэрбум ам.долларт хүрсэн ба ам.доллараас татгалзаж, шууд юань эсвэл рублиэр худалдаа, наймаа хийх бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Хоёр орны хооронд худалдааны эргэлт ирэх 2020 он гэхэд 200 тэрбум ам.доллар хүрэх таамаг гарчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж