Залуучуудын хөдөлгөөний 90 жилийн ойн хүрээнд “Түүх өгүүлсэн 90 жил” залуучуудын хөдөлгөөний түүхийг өгүүлсэн үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галарейд өнөөдөр 16.00 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд залуучуудын хөдөлгөөн, үе үеийн залуучуудын байгууллагатай холбоотой 150 орчим үзмэр олны хүртээл болох аж. Мөн ойн арга хэмжээний хүрээнд Ардын хувьсгалын 90 жил, Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан тайзнаа тавьсан “Оролмаа эх” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон энэ сарын 25-нд тайзнаа дахин толилуулахаар болсон байна. Түүнчлэн тус холбооноос залуусын үдшийн цэнгүүнийг маргааш 20.00 цагаас Сүхбаатарын талбайд зохион явуулахаар болжээ. Тоглолтыг “Up Music” продакшн зохион байгуулах бөгөөд “Соёл-Эрдэнэ”, “Чингис хаан”, “Харанга” хамтлаг, дуучин С.Наран, Б.Баярцэцэг, ОвАнхбаяр, Б.Халиун зэрэг залуу уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах юм байна.