Хулгайчдаас болж 11 настай хүү энджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Хулгайчдаас болж 11 настай хүү энджээ

Хулгайчдаас болж 11 настай хүү энджээ

Ерөнхий боловсролын сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.18/ гарсан талаар бид өглөө товч мэдээлсэн.

Эл хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 79-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд болжээ. Хүү 19.00 цагийн орчимд амиа алдсан бөгөөд 20 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн аж. Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр “79-р сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэв.

Биднийг бага үдийн 10.30 цагт тус сургууль дээр очиход хэрэг гарсан талбайн цаана хүүхдүүд тоглож байлаа. Харин өнөөх хөндлөвч төмөр байсангүй, хөлбөмбөгийн ногоон зүлэг харагдаж байв. Мөн хашааны онгойсон нүхийг төмөр утсаар бөглөсөн байх ажээ.

‘Хөлбөмбөгийн талбайд хүүхэд тоглуулахгүй гээд тор татсан’

79-р сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ

Хүү тус сургуулийн тавдугаар ангид суралцдаг байжээ. Энэ асуудлаар тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэтэй уулзлаа.


-Тухайн өдөр юу болсон бэ?

-Өчигдөр оройн 19.00 цагийн орчимд энэ хэрэг гарсан. Бид нар ийм явдал болсонд үнэхээр харамсч байна. Урьд нь хөлбөмбөгийн талбайд ийм тохиолдол гарч байсангүй. Хэрэв талбайд төмөр нь уначихсан байсан бол аль эрт засаад янзалчих байсан шүү дээ.

-Энэ хэргийн хариуцлагыг хэн хариуцах ёстой вэ. Хөлбөмбөгийн талбай онгорхой байсан гэсэн?

-Бид нар ар гэрийнхэнтэй нь уулзаж дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хүүхдүүд амарснаас хойш хөлбөмбөгийн талбайн хаалгыг түгжчихсэн, тэднийг тоглуулахгүй гээд тор татсан байсан. Гэтэл манай энэ хавийнхан талбайн төмрийг нь эвдээд аваад явчихаж. Тэрнээс болоод хүүгийн дээрээс унасан юм болов уу. Бидний зүгээс өөрсдийгөө зөвтгөх тайлбар хийгээд байгаа юм биш. Цаашид сургуулийнхаа засвар үйлчилгээг хийнэ. Хүүгийн гэр бүлийнхнээс уучлал хүсч, эмгэнэл илэрхийлж байна.

-Хүү хичээл сургуульдаа ямар хүүхэд байсан бэ. Ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Ар гэрийн хүмүүстэй нь холбоо бариагүй. Ангийнх нь багш нь түүнийг сайн мэдэх байх. Миний санахаар эрсдэлт бүлгийн хүү байсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай эмээтэйгээ амьдардаг ар гэрийн хараа хяналт султай хүүхэд байсан. Эндхийн хүүхдүүд хэлэхдээ энэ хавьд байнга тоглодог хүүхэд байсан гэх юм билээ.

Хүүхэд эндчихээд байхад сургуулийн зүгээс хэн ч надтай холбогдоогүй

Хүүгийн авга эгч Ц.Алтантуяа

Эх сурвалжийн мэдээлснээр хүү эмээгээсээ хөлбөмбөг тоглочихоод ирье гээд гуйгаад гарчээ. Гэвч цагийн дараа энэхүү харамсалтай үйл явдал болж өнгөрчээ. Хүүгийн гэр бүлийнхэн ослын талаар сонсоод очиход хүү амьсгал хураасан, цагдаа шүүх эмнэлгийнхэн цогцсын машиндаа хийчихсэн байсан гэнэ. Хүүгийн авга эгч Ц.Алтантуяагийн байр суурийг сонслоо. Тэрбээр “Тус сургуулийн аюулгүй байдал муу байснаас болж миний дүү эндчихлээ. Үнэхээр гомдолтой байна” гэсээр яриагаа эхлүүлэв.

-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Хэрэг гарсан өдөр юу болсон бэ. Хэргийн газар ирэхэд ямар нөхцөл байдалтай байсан бэ?

-Оройн 18.00 цагийн үед манай дүү цайгаа уучихаад тоглочхоод ирье гээд гарсан. Тэгээд цаг гаруйн дараа эмээ рүү нь түргэнээс залгасан гэсэн. Эмээ нь утсаа авахгүй болохоор бид нар луу залгаад сургуулийн талбайд ийм зүйл болчихлоо” гэж ярьсан. Бид нар ирэх гэж нэлээн цаг алдсан. Тэгээд түргэний тэрэг, шүүх эмнэлгийн машин ирчихсэн аваад явсан. Бид нар дүүгийнхээ барааг хараагүй, осол болсон газрыг нь харсан юм. Хүүхдүүдийн хэлснээр тэр төмөр байнга унадаг, унахаар нь босгож тавьчихаад тоглодог байсан гэж хэлсэн. Одоогоор би байцаагчтайгаа уулзчихаад шүүх эмнэлэг рүү явж байна.

-Сургуулийн зүгээс та бүхэнтэй холбогдсон уу?

-Би өчигдөр сургууль дээр нь ийм юм болчхоод байхад захирал нь байна уу гэхэд надтай ердөөсөө харьцаагүй. Бид нар нэлээн сандарсан. Хүнээ алдсан хүн мэдээж ямар байх билээ. Биеийн тамирын багш нь хэлэхдээ “14 хоногийн өмнө гагнасан” гэсэн. Тэгээд очоод харахад гагнасан зүйл юу ч хараагдаагүй. Хүүхэд эндчихээд байхад сургуулийн зүгээс хэн ч надтай холбогдоогүй байна.

-Сургуулийн аюулгүй байдлаас болж хүүхэд эндлээ шүү дээ. Тиймээс цаашид хаана хандах вэ?

-Биеийн тамирын багш нь бид нарт сургууль амарчихсан болохоор бид нарт хамаагүй гэсэн утгатай үг хэлсэн. Үнэхээр эвдрэл гэмтэлтэй байсан юм бол энэ талбайг яагаад хаагаагүй юм. Сургуулийн захиргаа анхааруулсан бол тийшээ хүн орохгүй шүү дээ. Миний зүгээс үнэхээр гомдолтой байна. Тавдугаар ангийн балчир хүү байсан юм. Бид нар гуравхан сартай байхад нь авч өсгөсөн. Эмээ, өвөө, эгч, аавтайгаа хамт амьдардаг. Аав нь барилгын ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг хүн байдаг. Сургуулийн зүгээс хүний амь авчихаад байхад хараа хяналтгүй хүүхэд байсан гэж хэлж болохгүй.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Энэ асуудалд ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлтээр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж хүүхэд эндсэн. Тэр хавийн хүмүүс хөлбөмбөгийн талбайн төмрийн нэг талыг нь хулгайлсан, тэр нь догонцсон байхад нь хүүхдүүд тоглосон нь осол гарах шалтгаан болжээ” гэсэн тайлбарыг хэлэв.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж