Захиргааны ерөнхий хуулийн 3.1.7-д Засгийн газрын болон бусад захиргааны байгууллагын улс төрийн шинжтэй үйл ажиллагаанаас бусад захиргааны шинжтэй шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах зохицуулалтыг тусгаж өгсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамны албан ёсны цахим хуудсан дахь олон нийтэд нээлттэй байршуулагдсан шинэ хуулийн төсөлд 3.1.7 дугаар заалтыг бүхэлд нь өөрчлөн найруулахаар тусгаад буй.Тус өөрчлөлтөд Засгийн газрын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгаж өгсөн. Түүнийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй яамд, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагуудыг ч Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй байх талаар мөн тусгажээ. Энэ өөрчлөлтөөр иргэний эрхзүйн хамгаалалтыг үгүй хийх хэмжээний том заалт болно гэж хуульчид эсэргүүцэж байгаа юм. Хэрэв дээрх хоёр хуулийн заалт батлагдвал Засгийн газар, яамдын эрх хэмжээг нэмэгдүүлж харин иргэн, ААН, хуулийн этгээдийг Захиргааны ерөнхий хуулийн хамгаалалтгүй болох юм. Хэрэв тус хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал “Монгол Улсад дарангуйлал тогтоно. Засгийн газар болон түүний харьяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна” гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тодотголоо.
Тэрбээр энэ талаар мэдээллийн эхэнд онцлохдоо “Өнгөрсөн долоо хоногт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эрх баригч нам өргөн бариад байна. Захиргааны ерөнхий хуулиас Захиргааны шүүхийн хяналтаас Засгийн газар түүний харьяа байгууллагууд орон нутгийн байгууллагуудыг Захиргааны шүүхийн хяналтаас гаргах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь ардчиллаас ухарсан алхам болсноос гадна хүнийг эрхийг уландаа гишгэсэн хуулийн төсөл болсон. Засгийн газар түүний харьяа байгууллагуудын дураараа авирлах боломжийг олгож байна гэж бид харж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн турш миний бие Монголын урдаа барих хуульчидтай мөн Захиргааны эрхзүй болон Үндсэн хуулийн эрхзүйгээр мэргэшсэн хуульчидтай уулзаж тус хуулийн төслөөр санал солилцсон. Хэрвээ Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг үгүй болгох гэж Захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа нь хүний эрхийн эсрэг ухралт болно. Тус хуулийн төслийг оруулж ирсэн Засгийн газрын гишүүд ялангуяа Хууль зүй, дотоод хэргийн сайд, ЗГХЭГ-ын даргад хандан хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулиар төрөлжсөн шүүх байгуулж болно гэсэн заалтыг анх удаа оруулж ирсэн. Төрөлжсөн шүүхийг байгуулах хүрээнд 2004 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталж Захиргааны шүүхийг анх удаа Монгол Улс байгуулсан түүхтэй. Ингэснээр Захиргааны байгууллагуудыг Захиргааны болон Засгийн газрын байгууллагуудын хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгох, хүний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох эрхийг Захиргааны хэргийн шүүхэд олгосон. 2004 оноос хойш Захиргааны шүүх сайн ажиллаж байгаа гэж би дүгнэнэ. Засгийн газрын дураараа авирлахыг таслан зогсоож чадаж байгаа гэж харж байна. Алдаа, оноо байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр алдаа, оноог нь засах гэж байгаа гээд Захиргааны шүүхийг буулгах, тус шүүхийг хүчгүйдүүлж, Засгийн газрын дураараа авирлахыг дэмжсэн ийм хуулийн төслийг яавч оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтно. Засгийн газар болон түүний харьяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй.
Хоёрдугаарт, банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудал хаврын чуулганаар хэлэлцэгдээд явж байна. 500 гаруй тэрбум төгрөгийг нөхцөл байдал нь хүндэрсэн хэдэн банкинд хувааж өгөх асуудал яригдаж байгаа. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх гэсэн оролдлого гэж би харж байгаа. Гуравдугаарт, С.Зориг агсны гэргий Б.Булган Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд захидал хүргүүлсэн. Энэ захидал нууц захидал биш ээ. Удахгүй хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд ил болгоно. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч болох Б.Булган уг захидалд “Одоо ял аваад буй гурван хүнийг танихгүй гэж бичсэн байсан. Хэзээ ч энэ гурван хүнийг харж байгаагүй гэж захидалдаа бичсэн байна. Өөрөөр хэлбэл, амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгчээ. Х.Амгаланбаатар гэх этгээд би 16 настайдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн юм аа гэж мэдүүлж байжээ. Гэтэл зөвхөн Х.Амгаланбаатар гэх хүний мэдүүлгээр хоёр хүн шоронд хоригдож байна. Энэ талаар ярьсан УИХ-ын гишүүдийг айлган сүрдүүлэх дарамтлах ойлголтыг хууль хяналтын байгууллагаас удаа дараа хийж байна. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил мөн.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Захиргааны ерөнхий хуульд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн гэж та хэллээ. Яг ямар заалт юм бэ?
-Захиргааны ерөнхий хуульд хоёр өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, уг хуулийн 3.1.1 Монгол улсын Засгийн газрын шийдвэр түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нийтийн захиргааны шийдвэр үйл ажиллагааг захиргааны шүүхийн хяналтаас гаргах гэсэн найруулга орж байна. Мөн 5.5.1 заалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага нутгийн захиргааны бусад байгууллагыг захиргааны хэргийн шүүхээс гаргахаар оруулж ирж байна. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийг дагалдан өргөн баригдсан хуулийн хоёрдугаар зүйлд мөн тодорхой өөрчлөлт орж байна. Энэ хуульд өөрчлөлт орсноор Засгийн газар түүний харьяа агентлагууд нутгийн захиргааны байгууллагууд бүгд захиргааны шүүхийн хяналтаас гаргахаар оруулж ирж байна. 1992 оны Үндсэн хуулийн хамгийн том ололт нь захиргааг хяналтад оруулсан үйлдэл байв. Засгийн газар болон захиргааны дураараа авиралтыг хуулиар хязгаарлаж шүүхээр хянуулж өгсөн явдал юм.
-Б.Булганы захидал яг хэдийд Үндэсний аюулгүй байдлын гишүүд болон бусад гишүүдэд ирсэн бэ?
-Б.Булганы захидал долоо хоногийн өмнө ирсэн. Захидалд ноцтой олон асуудал бий. Хууль хяналтын байгууллагад захидлыг хүргүүлсэн.