“Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон ч дахин шалгалт авахгүй”

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

“Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон ч дахин шалгалт авахгүй”

“Ослоос болж ЭЕШ-аас хоцорсон ч дахин шалгалт авахгүй”

Яармагийн гүүр орчим гарсан зам тээврийн ослын улмаас өнөөдөр /2018.6.19/ элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр явж байсан хүүхдүүд шалгалтаас хоцорсон гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас тодрууллаа.

-Ослоос болж хэдэн хүүхэд ЭЕШ-аас хоцорсон бэ?

-Яармагийн гүүрэн дээр гарсан осолд ЭЕШ өгөх гэж явсан хүүхэд өртөөгүй. Осол гарсан чиглэлд явж байсан 52 дугаар сургуулийн нэг сурагч ЭЕШ-аас хоцорсон. Тэр хүүхэд чухам уг ослоос болж хоцорсон эсэх нь тодорхойгүй байна.

-Ослоос үүдэн хоцорсон бол дахин шалгалт авах уу. ЭЕШ-аас хэчнээн хүүхэд хоцорсон бэ?

-Дахин шалгалт авна гэсэн зүйл байхгүй. Дээр дурдсан 52 дугаар сургуулийн сурагч нь энэ ослоос болж шалгалтаас хоцорсон эсэх нь ч тодорхойгүй байна. Энэ жилийн ЭЕШ-ын турш хэдэн хүүхэд шалгалтаас хоцорсон нь шалгалтын дараа тодорхой болно.

-ЭЕШ-д шууд засалтын систем туршсан. Систем ашигласан аймагт ямар нэгэн зөрчил гарах юм биш биз?

-Ирэх оноос буюу 2019 оноос ЭЕШ-ын бүх байранд шалгалтын материал шууд засах систем нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүний эхлэл болгон Ховд, Орхонд системийг туршилтын байдлаар нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, дээрх аймагт шалгалтын дараа шалгуулагчдын оноо шууд гарна.  Бусад шалгуулагчдын оноо долоодугаар сарын 1-ний 09.00 цагт www.eec.mn сайтад байршина. Шалгуулагч өөрийн оноог бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан харах боломжтой.  ЭЕШ-ыг Боловсролын үнэлгээний төв, Цагдаагийн газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран зохион байгуулдаг. Тиймээс тест задрах ямар ч боломж байхгүй. Түүнчлэн ЭЕШ-ыг 2006 оноос эхлэн зохион байгуулж байна. Энэ хугацаанд тестийн нууц задарсан ямар ч зөрчил илрээгүй. Харин зарим нэгэн ашиг олох зорилготой хүн шалгалтын материал зарна зэрэг худал мэдээлэл тарааж байсныг ЦЕГ-тай хамтран илрүүлсэн   

-Энэ жилийн ЭЕШ-ын онцлог нь юу вэ?

-Энэ жил 43846 хүүхэд ЭЕШ өгч байна. Үүний 23 нь хөгжлийн бэрхшээлтэй. Тэдэнд тохирсон системээр шалгалт авч байгаа. Мөн нийт шалгуулагчид 49 шалгалтын байранд шалгалт өгнө. Шалгалтын байранд хүүхдүүдийг шалгаж оруулж байгаа. Шалгалтын байрыг бүрэн камержуулж, сүлжээ унагагч, металл илрүүлэгч, сонсох төхөөрөмж байрлуулсан.  

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж