А.Сүхбат аа, сүгсэлзэх хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

А.Сүхбат аа, сүгсэлзэх хэрэггүй

А.Сүхбат аа, сүгсэлзэх хэрэггүй

“Тэр бөх хэний хэн бэ”…гэдэг зохисон сайхан цоллолтоос “Аль тойргийн хэн бэ” гэх зүхсэн муухай шүүмжлэлд өртөж болох зам руу сайн дураараа шилжсэн бөх-улстөрчдийн нэг нь А.Сүхбат аварга билээ. Түүнд монголчууд хайртай байсаан. Харин одоо улстөрчийнх нь хувьд шүүмжлэлтэй хандаж байна. Имижийг нь хэтэрхий гоёор төсөөлдөг, зурдаг байснаас биш тэр бусдын адил авиртай, алиа, атаач, заргач, зальжин нэгэн байсан нь УИХ-ын гишүүн болж олны нүдэнд байнга ил болсноос нь хойш тодорсон юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш түүний санаачилсан хууль, улс орны эрх ашгийн төлөө хийсэн үйлсийг хэлж мэдэхгүй юм, хэмжих боломжгүй их болоод тэр биз. Харин бөхийн холбооны талаар, зүлэг ногоон дэвжээнд ч, парламентын танхимд ч “зэрэгцэн оршсоор” ирсэн Б.Бат-Эрдэнэ аваргын тухай илэрхийлсэн байр суурь нь дахиад л нийгмийг цочроохуйц байв. Дахин гэдгийн учир нь түүний “од болох” шалтгаан бүхэн огцом шийдвэр, цочмог үйлдлээс нь үүддэг. Харин энэ удаад МҮБХ-ныхон өнгөрсөн Баасан гаригт эв зүйгээ олохоор уулзалдаж, эвлэрлийн гэрээ байгуулахаар болсон ч УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зөвшөөрөөгүйн улмаас эвлэрч чадаагүй тухай мэдээлэл хийж холбогдох бичлэгийг үзүүллээ.

Тэрбээр “Аварга, арслан, заанууд эвлэлдэн нэгдэх чин хүсэл сонирхолтой байгаа ч Б.Бат-Эрдэнэ аварга татгалзсан хариу өгөөд байгаа юм. Хэвлэлийн хурал, тайлбар, мэдээлэл хийхдээ бид эвлэлдэн нэгдэх гэсэн боловч Х.Баянмөнх аварга нарын зүгээс татгалзаад байна болиоч ээ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөрөө эвлэрүүлэхгүй тушаа хийж байна. Телевизийн өмнө сайхан зүйл ярьчихаад ар хударгаар бөхчүүдийг талцуулж, муудалцуулж, Увс, халхаар нь хувааж, энэ талцлаас ашиг хонжоо олж, Допингийн комисс гэдэг байгууллагаараа бөхчүүдийг шантаажилж, рекетэлж, ид барилдаж яваа залуусаа дарж авах зэвсэг болгож, эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсооно уу” гэсэн юм.

Олон нийт, бөх сонирхогчид Б.Бат-Эрдэнэ аваргын талаарх А.Сүхбат аваргын шүүмжлэл хэр үнэнийг өөрсдөө тунгаах биз. Харин допингийн тухайд А.Сүхбатын “түүх” анхаарал татсан хэвээр. Магадгүй МҮБХ-ны талцал ч бөхийн өргөөндөө биш, допингийн үр дүнд байсан гэдэг яриа бий. Өөрөөс нь допинг илэрчихээд тэр талаар МҮБХ хуралдаж байхад хуралдааныг зогсоох гэж шүүхийн захирамж барьж орж ирсэн, түүнд хариуцлага тооцоогүйгээс үүдэн бөхчүүдээс допинг илрэхэд хариуцлага тооцоход хүнд болсон гэдэг. Тэгэхээр допингийн тухайд А.Сүхбат анхдагч юмдаг уу даа. Энэ үеэс А.Сүхбат МҮБХ-г байнга шахам эсэргүүцэх болж түүнийг, түүний ярихыг хүртэл хүндэтгэн харах дуртай фенүүдээ ашиглан гүтгэлэг мэдээлэл гаргах болсон юм.

Уг нь тэр улстөрч биш боловч УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн. Улстөрч байх эсэх нь түүний эрх. Харин УИХ-ын хоёр гишүүн үндэсний их баяр наадмын өмнө Монголын ард түмнийг баруун, зүүнээр нь хуваагаад талцаж суувал, улмаар энэ наадам бөхийн барилдаангүй, барилдаан болсон ч амжилт ялалтаа хүлээн зөвшөөрөлцөж чадахгүй хэрүүл маргаантай болбол юутай эмгэнэлтэй вэ.

Яг өнөөдрийн байдлаар ийм л нөхцөл байдалтай байна. Эсвэл “Бөхийн өргөөг хураана шүү” гэхээр хуурамчаар эвлэрсэн шиг яаж ийгээд дээсэн дөрөөн дээр наадмаа өнгөрүүлчихээд, наадмын маргаашаас үргэлжлүүлэн хэрэлдэх бололтой. Харин үүнд УИХ-ын гишүүн оролцох хэрэггүй л байсан юм. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тухайд хуулиар зөвшөөрсөн эрхийн дагуу Төрийн бус байгууллагын тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэдгээр нь хүндэтгэн үзэж болох юм. Харин хоёрын хоёр бөх бөхийн хэрүүлд оролцох хэрэг байна уу. Уг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сумъяабазар ч бас бөх юм шүү дээ. Гэхдээ аварга цолоо хүндэтгэн, бөхдөө хайртай ч төрөө түүний дээр залаад тэсч байгаа сэтгэлзүй нь мэдрэгддэг.

Энүүхэндээ гэхэд бөхчүүд маань улс төр, бизнес гээд хамгийн хатуу ширүүн, бохир бүхэн рүү эргүүлэг шиг татагдах болж. Бөхөд хайртай ардууддаа боорцгоо тарааж хийморь түгээж явсан үеийн бөх, том хар машин хөлөглөж уул уурхайн лиценз, УИХ-ын сонгуулийн тойрог ярьдаг өнөө цагийн бөхийн хооронд ялгаа их бий. Бяр хүчээ үнэлэхгүй гээд ноёдыг сөрж явах биш, газрын маргаан ч байсан, хэн нэгэн бөх баривчлагдах гэж байсан ч давхиад л очдог болсон нь цаанаа учиртай.

УИХ дотор бараг “гал бүрдүүлчихээр” бөх цуглах өдөр ирэхийг ч харж мэднэ. Харин энэ танхимаас аль нэг ТББ-ын шийдвэрт нөлөөлөх, өнө эртний өс хонзонгоо тайлах гэж “гарч давхих” хэрэггүй. УИХ-ын гишүүнээр өнөөдрийг хүртэл ажилласан гишүүд суудлаа ийм зорилгоор ашиглаж байгаагүй. Тиймээс дархан аварга А.Сүхбат сүржигнэж сүгсэлзэхээ зогсоож улсын баяр наадмын төлөө биш, улс орны том эрх ашгийн төлөө ажиллахаар УИХ-ын гишүүнээр сонгогдсоноо санаж ажиллана гэж найдъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж