Дугуй бэлэн, замаа бэлдээч, Хотын дарга аа

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

Дугуй бэлэн, замаа бэлдээч, Хотын дарга аа

Дугуй бэлэн, замаа бэлдээч, Хотын дарга аа

Багшийн дээдийн автобусны буудал хүрэх гэж нилээн зүдэрлээ. Явган хүний замаар явахаар хүн мөргөж гэмтээчих гээд, автомашины зам руу орохоор машинд мөргүүлж, дайруулчих гээд манайхан ядаж байхад ууртай нь аргагүй сигналдахыг нь яана. Арслантай гүүрээр бол унадаг дугуйтай хүн битгий хэл хоёр хүн хоорондоо зөрөхөд ч хэцүү байв. Унадаг дугуйнаасаа бууж дугуйгаа түрсээр энэхүү гүүрийг өнгөрөв.

Багшийн дээдээс Төв шуудангийн уулзвар хүртэл арай аятайхан явав. Энд унадаг дугуйн зам хэдий байхгүй ч явган хүний зам нь нилээд өргөн учир хүнтэй мөргөлдсөнгүй. Улаанбаатар хотыг анхнаас нь төлөвлөхдөө унадаг дугуй унахгүй шүү гэж төлөвлөсөн аятай байх. Үнэндээ хотын төвөөр унадаг дугуйн зам шинээр хийе ч гэхэд хүндрэлтэй юм. Ногоон байгууламжаасаа хасах уу эсвэл явган хүний замаасаа хасах уу гэдэг нь ойлгомжгүй юм. Унадаг дугуйн замыг хүн сийрэг явдаг хэсгээр тавьсныг үгүйсгэх аргагүй юм. Энэ хэсэгхэн газар бодитоор явсан хүний хувьд ийм байхад нийслэл хотын зүгээс 2020 гэхэд 2000 унадаг дугуйг түрээслэн иргэдэд үйлчлэх төсөл хэрэгжиж байгаа гэх юм.  

Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэлд унадаг дугуй унах хүмүүсийн тоо эрс ихэсдэг. Байгаль орчинд хор хөнөөлгүй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой гээд маш олон зүйлээр автомашинаас давуу байдаг. Энэ ч утгаараа урин дулааны хэдхэн сард дугуй унах хүмүүсийн хүсэл их байдаг. Улаанбаатар хот дугуй унаад явахад хэр тохиромжтой бэ гэх асуултын дагуу нийслэл хотын төв зам дагуу унадаг дугуйтай явав. Зүүн дөрвөн замаас багшийн дээд, багшийн дээдээс Төв шуудан хүртэлх гурван км орчим газар унадаг дугуйгаар явлаа. Энэ хооронд унадаг дугуйнд зориулсан зам гэхээр зүйл тааралдсангүй. Зүүн дөрвөн замаас доошоо Халдвартын эмнэлэг хүрэх зам руу хэсэгхэн зам буюу  300 метр газар ногоон өнгөөр будсан, дугуй унаж буй хүнийг дүрсэлсэн тэмдэглэгээтэй зам тааралдсаныг эс тооцвол өөр унадаг дугуйн гэх зам үнэндээ байсангүй. Гэхдээ энэ хэсэгхэн зам миний явах чиглэлд байсангүй нь харамсалтай.

“UBike” дугуйн түрээсийн үйлчилгээ энэ сард эхэлнэ

Энэ талаар тодруулахаар нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан юм.

-“UBike” төслийн хүрээнд хэчнээн газарт хэдэн дугуй түрээслүүлэх вэ?

-“Ubike” төсөл 2018, 2019, 2020 ондуудад үе шаттай хэрэгжинэ.  Энэ онд Никел Ганбаа үйлдвэрийн “Ubike” загварын 500 унадаг дугуйг 45 зогсоолд байрлуулан, үйл ажиллагаагаа эхлүүлнэ. 2019 онд 1000 унадаг дугуйг 90 зогсоолд, 2020 онд 2000 унадаг дугуйг 150 зогсоолд байршуулахаар төлөвлөсөн. 

-Дугуйг нэг цагт хэдэн төгрөгөөр түрээслэх вэ?

-Түрээсийн дугуйн үйлчилгээний үнийн хувьд нэг цагийн хөлсийг 1000 төгрөг, хоёр цаг нь 1500 төгрөг, гурван цаг нь 2000 төгрөг байхаар тооцсон. Цагийн хуваарийн хувьд 06.00-22.00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлнэ. Шөнийн цагаар дугуйгаар зорчих нь харьцангуй эрсдэлтэй учир бид ийм цагийн хязгаарлалт тавьсан юм. Мөн унадаг дугуйнд зориулсан “Ubike” аппликэйшн ашиглахад бэлэн болсон байгаа.

-Нийслэлд дугуйн зориулалтын зам тун хомс.  Тэгэхээр түрээсийн дугуй ашиглах хүмүүст дугуйн зам хангалттай гэж үү?

-Улаанбаатарт 2011 оноос дугуйн зам барьж байгуулах ажлын судалгаа эхэлсэн бөгөөд 2016 онд зохион байгуулагдсан Ази, Европын дээд түвшний уулзалтын үеэр хотын төв хэсгээр дугуйн замууд барьсан. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/211 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын төвийн хэсэгт 162.3 км унадаг дугуйн зам /10 трасс/, Сэлбэ, Туул, Дунд  голын дагуу 187,9 км дугуйн зам /10 трасс/, нийт 350.2 км унадаг дугуйн замын трасс батлагдсан байгаа. Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хотын төвийн хэсгийн III трасс буюу Бага тойруугийн дагуу 2.5 км дугуйн зам мөн Зайсан чиглэлийн II трассын 5.4 км дугуйн замыг барьж, удахгүй хүлээлгэн өгнө. 2020 он гэхэд дугуйн замын хүртээмжтэй байдал нилээд хэмжээгээр нэмэгдсэн байна.

-Түрээсийн дугуйн үйлчилгээнд хаанаас хяналт тавих вэ?

-“UBike” дугуйнуудад GPS буюу байршил тодорхойлогчтой түгжигч байрлуулсан. Энэхүү түгжигч нь тухайн дугуйны байршил болон бусад мэдээллийг төв оффист илгээж, нэгдсэн хяналтын програм хангамж ашиглан үйлчилгээнд байгаа бүх дугуйг технологийн дэвшил ашиглан хянах юм. Мөн Нийслэлийн цагдаагийн газар хяналт тавьж ажиллана. Төслийг хэрэгжүүлэхэд томоохон саад тотгор гээд байх зүйл одоогоор алга. Төлөвлөгөөний дагуу ажил явж байна. Энэ сард багтаад “UBike” маань албан ёсоор нээгдэх болно.

-Төслийг хэдэн төгрөгөөр хэрэгжүүлж байгаа вэ?

-‘UBike’ төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ 400 гаруй сая төгрөг. Гэхдээ нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар, төсөл хэрэгжүүлэгч компани маань төслийн санхүүжилт, эрсдэлээ өөрсдөө даана. Харин нийслэлийн зүгээс “UBike” төсөл тогтвортой үргэлжлэхэд шаардагдах дугуйн зам, зогсоолуудын байршил зэрэг дэд бүтцийг бий болгох зарчмаар хамтран ажиллах юм. Нийслэлийн болон улсын төсвөөс нэг ч төгрөг зарцуулахгүйгээр дэлхийн томоохон хотуудын нэгэн адил дугуйн түрээсийн үйлчилгээтэй болж байгаа гэдгийг хэлье.

Түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд түрээсийн дугуй үйлчилгээ нэвтрүүлж байгаа нь сайшаалтай боловч, зориулалтын зам байхгүйгээр яаж унадаг дугуйтай явах вэ. Эцэст нь хэлэхэд Дуурь бүжгийн эрдмийн театрын урд талд явган хүний зам шинээр тавихдаа дугуйн зам тавьсан байгаа нь стандарт нийцсэн сайхан зам болсон байв. Гэвч энэ зам хоёр зуухан метр үргэжлээд цаашаа зам үгүй. Дугуйн түрээсийн үйлчилгээ эхлэхээс өмнө бүтээн байгуулалтын ажлаа эрчимжүүлэхгүй, автомашинуудтайгаа дугуйчид уралдсаар осол, аваар нэмэгдэх вий дээ. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж