УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.
-УИХ-аар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль санаачлагчдын зүгээс шинэчилсэн найруулгын төслөө жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжсэн, татварын бааз суурийг өргөтгөх хуулийн төсөл байсан гэж хэлж байгаа. Гэтэл татварын багц хуулиас Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хууль санаачлагчид нь буцаачихлаа. Таны хувьд тус хуулийг хэлэлцэх үеэр “Хуулийн төслийг энэ өргөн барьсан байдлаар дэмжихгүй” гэсэн байр суурьтай байсан. Яагаад ингэж үзсэн юм бэ?
-Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралын төвшин, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй төрөөс хувийн хэвшлээ дэмжих шаардлагатай байгаа. Энэ ч үүднээс татварын багц хуулийн шинэчлэлийн гол зорилго нь дотоодын бизнесээ дэмжих, өмнө нь хэрэгжиж байсан ойлгомжгүй, хүндрэл бэрхшээл учруулдаг, тодорхой бус заалтуудыг цэгцлэхэд чиглэгдэх ёстой. Засгийн газрын зүгээс оруулж ирж байгаа татварын багц хуулийн төсөл нь татварын харилцааны асар өргөн хүрээг хамарч байна. Магадгүй ийм хэмжээний өөрчлөлт хийсэн тохиолдол сүүлийн 20 жилийн түүхэнд гараагүй болов уу.
Татварын ерөнхий хууль болон Хувь хүний орлогын албан татварын хуулийн төслүүдэд реформ шинэчлэлийн шинжтэй, нийгмийн дэмжлэгийг авах, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн олон зүйл, заалтууд шинээр тусгагдсан байгаа. Хэлэлцүүлгийн шатанд засч янзлах зүйлүүд ч байна. Улс орон, ард, иргэд, олон нийтэд ашигтай зүйл заалтыг бүрэн дэмжинэ. Өөрчлөлтөөс харахад магадгүй олон улсын тэргүүн туршлага, сайн зүйлүүд байгаа нь мэдээж. Харин одоогийн байгаа эрх зүйн орчныг дордуулсан, том зургаараа улсад болон бизнес, эдийн засагт сөргөөр нөлөөлөх аливаа зүйлийг засч залруулахгүй бол дараа нь хоёр жилийн дараа ч юм уу, 20 жилийн дараа харамсах зүйл гарах вий гэсэн болгоомжлол байна. Тэр дундаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /ААНОАТ/ бол улсын төсвийн хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Гэтэл бид хамгийн их татвар бүрдүүлдэг хуульдаа нэлээд их өөрчлөлтийг хийх гэж байна. Ингэхдээ томоохон аж ахуйн нэгжүүдэд л хожоотой тусах, хэт давуу тал, нөхцөл бүрдүүлсэн гэдэг юм уу, эсхүл өмнө байгуулсан гэрээ хэлэлцээрийн дийлэнх асуудлыг өөрчилсөн байна. Монгол Улсад ашиггүй тусахаар байвал бага дээр нь хэлж, ярьж засч залруулахаас өөр аргагүй. Тийм ч учраас миний хувьд байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн. Том зургаараа татварын бааз суурийг дунд болон урт хугацаандаа багасгах, давхар татвар болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан томоохон татваруудыг хөнгөлж чөлөөлөн, улсад төлөх аж ахуйн нэгжийн татварын орлогыг бууруулах, томоохон төсөл хөтөлбөрөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжид үлэмж хэмжээгээр сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй заалтууд ихээр тусгагдсан байна. Энэ ч үүднээс ААНОАТ-ын зарим зүйл заалтыг заавал засч янзлах хэрэгтэй байна. Одоогийн өргөн барьсан байдлаар нь дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.
-Татварын багц хуулийн төслийг улс орон даяар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг хийж, цахим хуудсаар 5000 гаруй санал авсан гэж байсан. Судлаачид ч саналаа хэлсэн л байх гэж бодож байна?
-Ер нь татвар гэдэг нийгмийн харилцаа, аж амьдралд шууд нөлөөлдөг зүйл. Энэ ч үүднээсээ бидний хувьд аливаа хийгдэх өөрчлөлт их, багаасаа үл хамаарч алдаа мадаггүй, тооцоо, судалгаанд үндэслэж хийгдсэн байх учиртай. Мэргэжлийн байгууллагууд, салбар салбарын судлаачид маань санаа бодлоо хэлж, уралдуулах хэрэгтэй. Энд онцлох ёстой чухал зүйл бол нийт татварын ачааллын тооцоог бид хийх ёстой. Улс орнууд татварын хуульдаа ихээхэн хэмжээний өөрчлөлт оруулахдаа зайлшгүй нийт татварын ачааллыг тооцоо хийдэг. Ингэхдээ уг ачааллаа бусад орнуудтай, ялангуяа уул уурхайн эдийн засагтай орнуудтай харьцуулж үзээд улмаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвар татварын ачаалал талаасаа бусад оронтой харьцуулахад ямар түвшинд байгааг тооцож гаргадаг юм. Ийм тооцооллыг Сангийн яам зайлшгүй хийсэн байх ёстой, нийтэд ч танилцуулах хэрэгтэй.
-Улсын төсөвт томоохон жин дардаг бүлэг болох ААН-үүдийн эрх ашгийг хамгаалах хууль болно гэдгийг хууль санаачлагчид уг нь тодотгож байсан. Энэ хэрээр тэдэнд хүлээлт болж байлаа?
-Татварын бодлого экспортыг дэмжиж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, тэгш шударга татварын орчныг бүрдүүлэхэд зорих учиртай. Энэ ч үүднээс татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд олон бизнес эрхлэгчдэд хүлээлт байсан нь ойлгомжтой. Мэдээж шинээр болон жижиг дунд бизнес эрхлэгчдээ, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн хууль гараасай гэж хүсч байгаа. Уг нь үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байж жижиг, дунд үйлдвэрээ хөгжүүлэх, ажлын байр олноор бий болгох зэрэг улс орон болоод бизнес эрхлэгчдэд таатай боломжууд бүрдэнэ.
Гэтэл эсрэгээрээ өөрийнхөндөө нүд хуурахаар багахан шиг, өрөөлд өрөм цөцгийгөө бүгдийг нь өгчихөөр тэнцвэргүй эрх зүйн орчныг л бүрдүүлж болохгүй. Сүүлийн жилүүдэд нэн ялангуяа гаднын хөрөнгө оруулагч нарын зүгээс татварын хууль тогтоомж зөрчих, тайлангаа буруу гаргах, татвараа нуух оролдлогууд нэмэгдсээр байгаа. Дээр нь төр засгаас олгосон хөнгөлөлт, чөлөөлөлт нэрээр хөрөнгө оруулагчид татвараас зугтах үзэгдэл газар авч байна. Хэрэв том зургаараа эдийн засагт өгөөж, ач холбогдол нь төдийлөн харагдахгүй бол томоохон корпорациуд тэр дундаа үндэстэн дамнасан компаниудад зориулсан хөнгөлөлт, чөлөөлөлтийг цаашид хумихад татварын бодлого чиглэж байх шаардлагатай. Улс байна даа, ядаж тоймтойнхон шиг авдаг томоохон татваруудаа бүрэн авдаг байх хэрэгтэй.
-Та өмнө Оюутолгойн ажлын хэсэгт Нарийн бичгээр ажиллаж байсан учир тус гэрээний заалт тус бүрийг үг, үсэггүй мэдэх цөөн хүний нэг. Тус хуулийн яг ямар заалтууд нь Оюутолгойд хэт боломж олгосон заалт болсон юм бэ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яг ямар алдаа, дутагдал байгаа юм бол?
-Сүүлийн жилүүдэд олон улсад татвараас зайлсхийх олон төрлийн бүтэц, арга замыг олон үндэстэн дамнасан томоохон компаниуд ашиглаж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Саяхан нэг судалгаанаас үзэхэд олон улсын түвшинд хамгийн энгийнээр тооцоход 240 тэрбум ам.долларын татварын орлогыг үндэстэн дамнасан компаниудад алдаж байгаа гэсэн тооцоог судлаачид хийсэн байсан. Тэр тусмаа манайх шиг уул уурхайд түшиглэсэн улсуудын хувьд илүү ихээр татварын орлогоо алдаж буйг судалгааны байгууллагууд хэлж байгаа. Тэгэхээр бид бүхний хувьд татварын шинэчлэлийн асуудлыг бодлогын хувьд өндөр шатанд гаргах шаардлага бий болжээ.
Аж ахуйн нэгжийн тухай хуулийн төслийг уурхайн салбарт хэрэгжиж байгаа томоохон төслүүдийн нэг болох зөвхөн Оюутолгой төслийн хүрээнд үйлчлэлийг нь нягталж үзэхэд Хөрөнгө оруулалтын гэрээний татвартай холбоотой 34 зүйл, заалтаас 10 гаруй тогтворжуулсан заалтууд хөндөгдөж тэр хэмжээгээр давуу байдал, хөнгөлөлт, чөлөөлөлтийг Хөрөнгө оруулагч талд эдлүүлэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 2.5-2.10, 2.31 гээд олон заалтууд хөндөгдөнө. Нэг заалтын цаана л гэхэд магадгүй авах байсан татварын суурийг олон зуун сая ам.доллараар хөдөлгөх ч нөхцөл үүснэ. Тэгэхээр нөгөө учрыг нь олж хужрыг нь тунгаах л хэрэгтэй.
-Жишээ нь гаднын компаниуд Монголоос олсон орлогынхоо 20 хувийг татварт төлдөг байсан бол шинэ хуульд таван хувь болгон бууруулсан нь магадгүй тэднийг дэмжих бодлого мөн биз дээ.
-ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг багасгах, шинэ хөрөнгийн бүлэг нэмэх зэрэг асуудал нь ААНОАТ-ын ногдлыг даруй 50 хувиар бууруулбал манай улсад төлөх татварын дүнг дунд хугацаандаа багасгана. Тухайлбал, элэгдлийг бид барилга байгууламж гэдэг нэр томъёо дор 40 жилээр тооцдог байсан. Гэтэл энэ хуулийн төсөл дээр 25 жил болгон бууруулсан байна. Энэ элэгдэл тооцохтой холбоотой шинэчилсэн найруулга нь жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэхээс илүүтэй уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагч нарт илүү ашигтай үйлчлэхээр байгаа тул өөрчлөх шаардлагатай байгаа юм.
Удирдлагын зардалтай холбогдуулан хуулийн төслийн 4.1.7-д зааснаар “удирдлагын зардалд төлсөн төлбөр”, 8.3-т “удирдлагын үйлчилгээний орлого” гэсэн хоёр өөр агуулга бүхий нэр томъёог шинээр тусгаж, удирдлагын үйлчилгээний орлогод ямар татвар ногдуулах нь тодорхойгүй, татварын хувь хэмжээ, үйлчлэлгүйгээр тусгасан нь хөрөнгө оруулагчдад татвараас зугтаах эрх зүйн орчин үүсгэхээр байгаа. Өмнөх хуульд удирдлагын зардалд төлсөн төлбөр гэдэгт Монгол Улсад байрласан, байрлаагүй 20 хувиар татвар авдаг байсан. Удирдлагын зардал гэдэг нь нэг талаасаа олон улсад татвараас зугтах сонгодог хэлбэр болж байдаг. Манай улсын хувьд томоохон төсөл хэрэгжүүлдэг “Оюутолгой” компанийн “Рио Тинто”-гоор жишээ авахад 20 хувийн татвар ногдуулдаг байлаа. Удирдлагын зардал, менежментийн зардлыг өсгөхгүй байх автомат тохируулагчийг бид энэ татварын хувь хэмжээгээр хийж байсан юм. Хөрөнгө оруулагч бүх удирдлагын зардлаа удирдлагын үйлчилгээний орлого гэж тайлбарлаж бидний амыг таглах зам руу орох гэж байна. Тиймээс хуульд иймэрхүү бүрэг ойлголт байж болохгүй.
Хуулийн төслийн 13.1.4.а-д зааснаар Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж хасагдах зардлаа баримтаар баталгаажуулахгүй мөртлөө ажил үйлчилгээний зардлаа хасагдуулахаар байгаа нь хяналтгүй зардал ихэсгэх, татвараас зугтаах хуулийн цоорхойг үүсгэхээр байгаа. Мөн хайгуулын зардалд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасагдуулахаар санал оруулж ирсэн нь зарчмын хувьд буруу. Хайгуул хийх нь тухайн бизнесийн эрсдэл байдаг бөгөөд хэрвээ хайгуул амжилттай болсон тохиолдолд бүх гарсан зардлаа ашгийн татвар луугаа шилжүүлдэг. Гэтэл энэ эрсдэлийн тодорхой хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвараар дамжуулан улсын төсөвт үүрүүлж байгаа зарчмын хувьд байх ёсгүй асуудал.
Энэ мэтчилэн хуулийн төслийн өөрчлөлтийг хийвэл Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж байгаагаас бид ялгаагүй болно. Тиймээс бид бусад хөрөнгө оруулагчидтай хийсэн аливаа гэрээнийхээ амин сүнсийг ямар нэг хуулийн өөрчлөлтөөр үгүй хийж болохгүй. Дубайн гэрээгээ шүүмжилж байгаа энэ үед тэр гэрээнээс дутахааргүй татварын өөрчлөлтийг бид хийж болохгүй. Тиймээс ч хуулийнхаа төслийг дахин боловсруулж шинээр өргөн барихдаа засаж залруулаарай, энэ энэ асуудлыг анхаарч үзээрэй гээд албан бичгээр Ч.Улаан гишүүн бид хоёрын зүгээс саналаа хүргүүлсэн байгаа.
-Нэг салбараас тэр дундаа уул уурхайн салбараас болоод татварын хуулийг буцааж болохгүй гэж бодох юм, ирээдүйгээ харж олон олон аж ахуйн нэгжүүдэд зориулж энэ хуулийг хийж байгаа юм биш үү?
-Ерөнхийдөө уул уурхайн салбар бол өнөөдрийн хувьд Монгол Улсыг хөгжүүлэх томоохон гарц байна. Мэдээж шавхагддаг энэ нөөцөөс хүртэж байгаа үр өгөөжийг бусад салбар луу зориулж олон төрлийн хөгжлийн гарцыг нээх ёстой. Тэгээд ч байгаль дэлхий дээр дахин бүтээгдэхгүй шавхагдаж алга болдог энэ баялгаа хөрөнгө оруулалт татах нэрээр татваргүй өгөөд явуулна гэдэг хайран биз дээ. Байгалийн баялгаа бусад салбартайгаа адилтгаж үзээд татварын таатай орчин үүсгээд явах нь зарчмын хувьд буруу учраас энэ удаагийн татварын хуулийг дэмжихгүй байгаа юм.
Тиймээс уул уурхайн татварын орчныг илүү сайн судалж, үр дагаврыг нь том зургаар нь харж байж хуульдаа өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Цаашдаа бид олон улсад татварын мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, татварын эрх зүйн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлэх бодлогыг баримтлах шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй болов уу.