Анх 1985 оны наадмаар тав давж, улсын начин цолонд хүрч байсан тэрбээр 1988 онд арслан, удаахь жил нь дахин түрүүлж, Монгол Улсын аваргаар цоллуулсан нэгэн. Тэгвэл, Монгол бөхийн цадиг түүхэнд наадмын хамгийн олон түрүү авсан хэмээн мөнхөрсөн Б.Бат-Эрдэнэ аварга тун удхагүй бөхийн ногоон дэвжээнээ зодоглохоор шийджээ.
Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан 4096 бөхийг нэг дор барилдуулж, Гиннесийн номонд бүртгүүлэх ажлыг эхлүүлээд буй. 4096 бөхийн барилдаан есдүгээр сарын 17-ноос эхлэх бол өчигдрөөс Гиннесийн номд нэрээ мөнхлөх бөхчүүдийг бүртгэж эхэлсэн юм. Бүртгэлийн ёслолын ажиллагаанд МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, дэд тэргүүн Д.Данзан нараас гадна улсын алдар цолтой бөхчүүд оролцсон бөгөөд энэ үеэр дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4096 бөхийн барилдаанд зодоглохоо албан ёсоор мэдэгдэж, бүртгэлийн түрүүнд нэрээ тамгалуулсан юм. Хэдийгээр бөхийн замналаа өндөрлүүлсэн ч улс төрчийн гэх шинэ карьертаа багагүй амжилт олж яваа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 4096 бөхийн нэг нь байж, Монгол бөхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ гайхалтай барилдааны гэрч болохыг хүсч буй бололтой.