Трамп Сансрын зэвсэгт хүчин байгуулах тушаал өглөө
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний Сансрын Зөвлөлийн хурал дээр АНУ-ын армийн таван арми дээр нэмэгдээд Сансрын зэвсэгт хүчин байгуулах тушаалыг Пентагонд өгчээ. АНУ таван армитай. Тэрбээр ‘Америкчууд сансарт анх ниссэн. Саран дээр ч анх буусан. Тиймээс Сансрын хүчин байгуулсан анхны улс байх болно. Бид сансарт ноёрхлоо тогтоох ёстой’ гэжээ.
Анхны хиймэл дагуул (Спутник), сансарт ниссэн нохой (Лайка), сансарт ниссэн хамгийн анхны хүн (Юрий Гагарин), анх удаа задгай сансарт гарсан хүн (Алексей Леонов), сансарт ниссэн анхны эмэгтэй (Валентина Терешкова) сансар гэсэн тодотголд анхны хүн болгон Оросууд байх учиртай. Трамп андуурсан бололтой гэж хөндлөнгийн хүмүүс шүүмжилж байна.
Зарим мэргэжилтнүүд Трампын шийдвэрийг үгүйсгэн сансрын хүчин байгуулах зардал ихтэй бүтэшгүй зүйл, түүний оронд агаарын хүчний салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрбээр Пентагоны зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны дарга, генерал Жозеф Данфордод Сансрын хүчин байгуулан АНУ-ын таван армийн үйл ажиллагааг орхигдуулалгүй Сансрын хүчний салбарыг ижил тэгш замаар хөгжүүлэх даалгавар өгчээ. Сансрын хүчин нь АНУ-ын тагнуулын болон холбооны хиймэл дагуулуудыг хариуцаж, бас хиймэл дагуул устгах, хамгаалах зэвсэг бүтээх зорилготой гэнэ.
Гэхдээ Пентагон Трампын шийдвэрийг биелүүлэхэд хоёр үндсэн асуудалтай тулгарч байгаа юм. Нэгдүгээрт, Сансрын хууль гэж байхгүй. АНУ 1967 оноос хойш задгай сансарт ямар нэгэн зэвсэг, пуужин туршихыг хориглосон байдаг. Трамп үүний хариуд ‘Би хууль санаачилна’ хэмээн ам гарсан. Хоёрдугаарт, Сансрын хүчин ямар ч хөлөггүй. АНУ 2011 онд Сансрын төхөөрөмж, хөлөг үйлдвэрлэх хөтөлбөрөө бүр мөсөн зогсоосон. Одоогийн байдлаар Америкийн одон орончид Оросын “Союз МС-04” сансрын хөлөг ашиглан сансарт гарах ганц л арга байна. Гэхдээ хуулиндаа Москватай цэргийн хамтын ажиллагаа хийхийг хориглосон байдаг байна.