ХХААХҮЯ-ны удирдлагууд хамтран ажиллах чиглэлүүдээ тохиров

Хуучирсан мэдээ: 2018.06.19-нд нийтлэгдсэн

ХХААХҮЯ-ны удирдлагууд хамтран ажиллах чиглэлүүдээ тохиров

ХХААХҮЯ-ны удирдлагууд хамтран ажиллах чиглэлүүдээ тохиров

6 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан ‘Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт’-ын үеэр ХХААХҮЯ-ны удирдлагууд гадны зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, тодорхой асуудлуудаар харилцан санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын зохицуулагч, малын эмч, ноён Жеан Жакьюс Соулатай хоёр талын уулзалт хийлээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг ДМАЭМБ-ын зөвлөмжийн дагуу УИХ-иар мал аж ахуйн салбарын суурь хоёр хуулийг батлуулж, хуулийн дагуу Мал эмнэлгийн ерөнхий газар, ерөнхий малын эмчтэй болж байгаа талаараа мэдээлэл өгсөн. Уулзалтын үеэр талууд малын гоц халдварт өвчин ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, мөн малыг бүртгэлжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар тохиролцов. Түүнчлэн мал эмнэлгийн лабораторийн чадавхийг сайжруулахад хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр сууринд хүрлээ.

Малын үүлдэр угсааг сайжруулах тал дээр хамтарч ажиллана

Уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат БНЭУ-ын Хөдөө аж ахуй, фермерийн нийгмийн халамжийн яамны Хавсарсан төрийн нарийн бичгийн дарга Др.О.П.Чаудхарийг хүлээн авч уулзсан. Талууд хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар бодитой санал солилцлоо. Тухайлбал,

Энэтхэгийн талаас мал аж ахуйн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлж, харилцан мэдээлэл солилцох, малын үүлдэр угсааг сайжруулах хүрээнд мал үржүүлэг, зохиомол хээлтүүлгийн чиглэлийн судалгааны хүрээлэн, хамтарсан лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх, тус улсад богино болон дунд, урт хугацаанд салбарын мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах зэрэг санал тавьсан.

Саналыг сонссон, Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат эдгээр саналыг анхааралдаа авч, судалж үзнэ гэлээ. Хоёр тал уламжлалт харилцаагаа улам гүнзгийрүүлэн, уулзалтын үеэр санал солилцсон асуудлуудаа ойрын ирээдүйд бодит ажил болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов

Мөн ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Хөдөө аж ахуй, хүнсний яамны Хөдөөгийн хөгжил ба хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Ц.Галсановыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үер Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат өнгөрсөн 5 дугаар сард Улан-Удэ хотод бизнес чуулга уулзалтад оролцох явцдаа тус улсын Хөдөө аж ахуй, хүнсний сайд Д.Ш.Чириповтой уулзсан талаараа дурдаж, Монгол-Буриад хоёр орны эдийн засгийн эргэлтийг сайжруулах, мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, Буриад Улсын томоохон хотууд, хил орчмын бүс нутгуудад ‘Монголд үйлдвэрлэв’ үзэсгэлэн худалдааг жил бүр тогтмол зохион байгуулах тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Ноён Д.Ц.Галсанов эдгээр саналыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлээд, Бүгд Найрамдах Буриад Улсаас Калмытская үүлдрийн үржлийн үхэр нийлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Махны импортоо өсгөх сонирхолтой байгаагаа Вьетнамын тал илэрхийллээ

Олон талт түншүүдийн 8 дугаар уулзалтын үеэр ХХААХҮЯ-ны харьяа Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн газрын дэд дарга Тонг Хуан Чинь нар хоёр талт уулзалт хийлээ. Вьетнамын талаас тус улсын хүн ам өсөхийн хэрээр махны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа тул Монгол Улсаас авч буй махны импортоо өсгөх, малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор манай улсаас амьд мал авах санал тавилаа.

Үүний хариуд, МЭҮГ-ын дарга П.Ганхуяг мал аж ахуйн салбарын суурь хуулиуд батлагдаж, энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлснийг онцлон тэмдэглээд, төрөөс малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах талаар бодлого барьж байгаа учраас махны экспорт нэмэгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Цаашид хоёр орны яамдын шууд харилцах механизм илүү сайжирч, хамтын ажиллагаа өсөн нэмэгдэх тухай үр дүнтэй яриа өрнүүллээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж