Ерөнхий боловсролын сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалга унаж хүүхэд дарагдаж нас барсан харамсалтай хэрэг өчигдөр /2018.06.18/ гарчээ. Энэ талаар Цагдаагийн газраас тодруулахад “79-р сургуулийн сурагч 11 настай хүүгийн толгой дээрээс хөндлөвч төмөр унаж, нас барсан хэрэг өчигдөр оройн 19.20 цагт бүртгэгдсэн. Уг хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэв.
Эх сурвалжийн мэдээлснээр хүү гэрээсээ хөлбөмбөг тоглоод ирье гээд гуйж гараад цаг ч бололгүй ийнхүү харамсалтайгаар амиа алдсан байна. Хүүгийн гэр бүлийнхэн ослын талаар сонсоод очиход хүү амьсгал хураасан, цагдаа шүүх эмнэлгийнхэн цогцсын машиндаа хийчихсэн байсан гэнэ. Харин сургуулийн зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй ч биеийн тамирын багш нь “Сургууль амарчихсан байсан. Бид нар 14 хоногийн өмнө гагнасан. Бид зохих журмын дагуу шийдвэрлэнэ” гэх тайлбарыг өгсөн гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Э.Ариун